“Ноён” Жорк Тавантолгойн нөөцийг өсгөлөө ч, тэрэнд талархах албагүй

img

Газар доорх ашигт малтмалын  үнэ цэнэ  олборлолт хийсний дараа, хэд хэдэн шат дамжлагыг туулсаны эцэст  сая тодорхой болдог. Тиймээс  Олон улсын санхүүгийн хянах байгууллагууд   эрсдлээс сэргийлэх үүднээс хөрөнгө оруулах гэж буй төсөлд хэд хэдэн  баталгааг шаарддаг. Харин  JORC ба NI 43-101 стандарт, журам нь үүний суурь стандартууд болдог аж.

Тэгэхээр одоогоор мэдэгдээд буй 6 тэрбум гаруй тонн нүүрснийх нь 1.4  тэрбум нь коксжих нүүрс гэх  Тавантолгой  ордын  нөөцийг  Жорк  стандартын  дагуу  шинэчлэн тогтоох  нь “Эрдэнэс Тавантолгой”-н   15 тэрбум ширхэг хувьцааны 29-30 хувийг олон улсын бирж дээр гаргах  бэлтгэл ажлуудын нэг юм.

Ер нь ямар ч компани  олон улсын хөрөнгийн бирж дээр хайгуулын болон ашиглалтын төсөлтэй  гарч буй бол  хээрийн бүх төрлийн ажлыг мэргэжлийн компаниудаар олон улсын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Нөөцийн тооцоог мэргэшсэн мэргэжилтэн  буюу мэргэшсэн компани 43-101, JORC-ийн шаардлагын дагуу бичиж тайлангийн үнэмшил, чанарыг нь  мэргэшсэн мэргэжилтэн  бүрэн хариуцаж  тухайн биржийн дүрмийн дагуу ордын тухай мэдээллийг бирж дээр гаргадаг жишгийг олон улсад мөрдөж байна. Тодорхой хэлбэл мэргэшсэн мэргэжилтэн оролцоогүй бол Олон улсын хөрөнгийн бирж дээр төсөл гарах боломжгүй гэсэн үг юм.

Манай  Тавантолгойн ордын тухайд  өмнө нь  хэд хэдэн удаа судалгааны ажлууд хийгдсэн байдаг. 1980-1990 онд геологи хайгуулын 20 гаруй иж бүрэн судалгаа хийгдсэн бол   90 оноос хойш Оросууд дахин ТЭЗҮ хийж байж.   98, 99 онуудад  тухайн үеийн яамны захиалгаар Канадууд ТЭЗҮ хийж өгсний дараа    “Энержи ресурс” ч  судалгаа болоод ТЭЗҮ  хийж байв.   Харин 2009 онд “Эрдэнэс МГЛ”-ийн захиалгаар Канадын “Норвест” корпораци  ордын үнэлгээг хэсэгчлэн хийж, улмаар Цанхийн зүүн хэсгээс жилдээ 15 сая орчим тонн нүүрс олборлох ТЭЗҮ-г  боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өргөн мэдүүлсэн байдаг.

Ер нь тус ордын хамгийн сайн судлагдсан хэсгийг Цанхийн гол хэсэг гэж байгаа юм. Харин   зүүн хэсгийн Бортолгойн хэсэгт нэмэлт  хайгуул хийх  ёстой  гэж байна.  “Эрдэнэс тавантолгой”  гэдэг уурхай байгуулагдах  Цанхийн зүүн хэсэгт агуулагдаж буй  нүүрсний   78 орчим хувь нь коксжих нүүрс бол стратегийн хөрөнгө оруулагчид орж ирэх баруун хэсгийн  65 орчим хувь  нь коксжих нүүрс байх магадлал өндөр гэдгийг “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлага Б.Энэбиш хэлж байсан.

Тэгэхээр коксжих нүүрсний үнэ тонн нь 400-500 ам доллар луу дөхнө гэж буй ирэх жилүүдийг угтан  үйл ажиллагаа нь жигдрэх талаар яригдаж байгаа  Тавантолгойн ордын нөөцийг шалгарсан стандартаар тогтоож, хэмжээ нь өслөө гэх мэдээлэл бидэнд дуулдвал таатай л   байна.

Тэрчлэн Тавантолгойн нөөцийг шинэчлэн тогтоохдоо  Канадын стандартыг дагавал  7.0 тэрбум, харин Австралийн стандартыг мөрдвөл  8.0 тэрбум тонноос илүү нөөцтэй гарна гэж ярьдаг.  Канадын талаас  “Equally weighted average”,  “Kriging”,     “Polygonal”,  “Inverse-Distance”  гэх аргуудаа  бидэнд санал болгосон бол манай тал  Австралийн   Жорк  стандартыг дагана гэдгээ мэдэгдэж, дээр дурдсан Бор толгой, Шартолгойн хэсгийн нөөцийн мэдээллийг тус стандартын дагуу шинэчлэх ажлаа хийж байгаа юм.

Тэгэхээр 7 тэрбум бус 8 тэрбумын нөөцтэй гэсэн хариуг гаргаж өгөх Австралийн талыг дагасан манай улс өдгөө Цанхийн зүүн хэсэгт  олборлолт хийлгэхээр мөн л Австраличуудыг дуудаад байгаа нь олны анхаарлыг татаж гадаадын хэвлэлүүдээр ч бичигдэж байна.

Гэхдээ нөөц тогтоох стандартын тухайд ярихад   Австралийн   Жорк,   Канадын   “43-101”- ийн аль нь ч байсан Олон улсын биржүүд дээр хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг эхэнд дурьдсан. Тэгэхээр  ирээдүйд 15 тэрбум ширхэг хувьцаагаа үнэд хүргэхийн тулд л Австралийн аргыг авахаас өөр аргагүй гэсэн тайлбар энд  бол зохимжгүй   юм.

Харин одоо нөөцийн ангиллыг дэлхийн улс орнууд хэрхэн нэвтрүүлж мөрдөж ирсэн талаар цухас мэдээлэл өгье. Канадын Аюулгүйн Зохицуулагч Зөвлөлүүд 1970 онд Канадын нөөцийн ангиллыг бүрдүүлж, мөрдүүлсэн бол  түүнээс  10 жилийн дараа АНУ-ын Уурхайн Товчоо, Геологийн Алба “Баялаг, нөөцийг ангиллах зарчим”-ыг мөрдөж эхэлжээ.  Харин өдгөө бидний дагаад буй JORC  буюу “Тодорхойлсон баялаг, хүдрийн нөөцийг тайлагнах Австралийн Код”-ыг  1989 онд анх нэвтрүүлэн мөрдөж эхэлсэн байдаг аж.

Түүнчлэн 1993, 1997 онуудад Австрали, Канад, Англи, Өмнөд Африк, АНУ-ын төлөөлөгчид уулзаж эрдсийн баялаг – нөөцийн зэргийн тухай үндсэн тодорхойлолт  дээр тохирч, 1998 онд албан ёсоор  зарласан байх юм.

Гэхдээ үүнээс өмнө 1997 онд Торонто дахь Хөрөнгийн Бирж, Онтарио мужийн Аюулгүйн Комисс  хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор Уурхайн Стандартуудыг Хэрэгжүүлэх Хүчин (MSTF)-ийг  зохион байгуулж байжээ. Харин тус  байгуулага нь эрдсийн баялаг, нөөцийг тооцох, ангилах, тайлагнахад  NI 43-101 журмыг хэрэглэж байхыг зөвлөсөн  байдаг аж.

Өдгөө  JORC болон NI 43-101 багц дүрэм нь  ашигт малтмалын холбогдох тайлангуудыг ил тод хэлбэрээр бэлтгэх суурь болж байна.

Гол нь  эдгээр стандартуудын дагуу ашигт малтмалын   нөөцийг тодорхойллоо ч баталгаатай, бүрэн дүүрэн дүгнэлт гарч ирэхгүй. Ашигт малтмалын нөөцийг тооцох эрсдлүүд, тодорхойгүй байдлыг мэдэж байх ёстой.    “Батлагдсан нөөц” гэж нэрлэсэн ч нөөц тодорхой мэдэгдэхгүй хэвээр үлддэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг ч мэргэжлийн бус нөхдүүд том ордуудыг эргэлтэд оруулах алхмыг хийхдээ үгийг нь бага сонсож байгаа  юм.

Тавантолгойн ордын нөөцийг  “ноён”  Жоркоор тогтоож Олон улсын бирж дээр гарах замаа засах нь бидний хувьд өгөөжөө  харсан  асуудал байж болно.  Харин охин компаниа удирдуулах, олборлолт хийлгэх бүхий л эрхийг  зөвхөн Австралийн талд өгөх нь араасаа олон хардлагыг дагуулах  юм.

Жоркоор шинэчлэн тогтоож буй учраас магадгүй,  нөөцийн хэмжээ цаасан дээр өсөж гарна байх. Тэглээ гээд ашиглалтын  шатанд ирэхэд чанарын ялгаа бол гарахгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Ер нь,   нөөцийг тогтоохдоо ордын   нүүрсний үеүдийг  хэрхэн тооцож бодож байгаагаас шалтгаалан тоон дүн гардаг  байна. Тухайлбал, манай тал өмнө нь нүүрсний   2 метрийн зузаантай үеүдийг тооцоонд оруулсан байсан бол  “Норвест”-ынхон 1 метрийн үеүдийг тооцоонд оруулсан учраас нөөцийн хэмжээ өссөн  гэж байна.  Гэсэн ч ашиглалтын шатанд ирэхэд  тооцоонд оруулсан тэр үеүдэд хүрч нүүрсийг олборлож авахад хэцүү. Ерөнхийдөө боломж багатай гэж байгаа юм. Тэгэхээр  Жорк  6.4 тэрбум тонн гэсэн хэмжээг 8.0 тэрбум тонн болгож нэмэгдүүллээ ч,  ирэх үр ашгийн тухайд бол зарчимын ялгаа тун бага бололтой байна.

Э.Болорхажид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ