
Сангийн Сайдын хүсэлтийн дагуу уул уурхай, газрын тосны салбаруудын татварын орчны асуудлаар зөвлөгөө өгөхөөр ОУВС-ийн Төсвийн Газрын техникийн туслалцаа үзүүлэх ажлын хэсэг Улаанбаатар хотод ажилласан байгаа. Ажлын хэсгийн гишүүд Эмил М. Санли, Дэвид Вэнтворф, Ли Зэнг болон Хоноре Ле Леүч нар УУЛ УУРХАЙ БОЛОН ГАЗРЫН ТОСНЫ ТАТВАРЫН ОРЧИН – гэсэн санамж бичиг бэлтгэсэн байна. Тэндээс Газрын тосны салбарын талаарх мэдээллийг хэсэгчлэн хүргэе.
Монгол Улсын газрын тосны салбарын татварын орчин бүтээгдэхүүн хуваах журам дээр тулгуурладаг бөгөөд өдөрт олборлосон баррель газрын тосноос олох орлогоо хуваах тохиролцоотой байдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байгууллагууд орлогын албан татвараас чөлөөлөгддөг. 2011 оны 11 дүгээр сарын байдлаар 18 хайгуул болон бүтээгдэхүүн хуваах гэрээ Монгол Улсад хүчин төгөлдөр байна. Гэрээ байгуулсан хугацаанаас хамаарч, одоо байгаа БХГ-нүүдийн дагуу эхний шатлалын олборлолтоос Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний хэмжээ нь 40-54 хувийн хооронд хэлбэлзэж байна.
Засгийн газарт өргөн барьсан Газрын тосны шинэ хуулийн төсөл болон холбогдох нэмэлт, өөрчлөлтүүд нь Засгийн газрын авах хувь хэмжээг одоогийн татварын орчин дахь хувь хэмжээнээс давуулах болно. Газрын тосны шинэ хуулийн төсөлд нөөц ашигласны төлбөрийг 5 хувиас доошгүй байлгах, зардалд нөхөгдөх бүтээгдэхүүнийг 40 хувиас хэтрүүлэхгүй байх, бүх зардал бүрэн нөхөгдөх хүртэлх хугацаанд ашигт тооцогдох бүтээгдэхүүнээс засгийн газрын авах хувь хэмжээг наад зах нь 42 хувьтай байлгаж, бүх зардал нөхөгдсөнөөс хойш дор хаяж 60 хувьтай болгохоор шаардаж байгаа. Үүний зэрэгцээ ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, газрын тосны төслүүдийг татвараас чөлөөлдөгийг болино.
Газрын тосны шинэ хуулийн төсөлд тусгагдсан нөхцөлүүдийг загварчлахын тулд ажлын хэсэг нь бүтээгдэхүүн хуваалтыг 42 хувь ба 60 хувиар тооцсон хоёр шатлалт R-хүчин зүйлийг4 ашигласан болно. Түүнчлэн тус ажлын хэсэг 42/60 хувиар бүтээгдэхүүн хуваахын зэрэгцээ ААНОАТ ногдуулбал үзүүлэх нөлөөг загварчилсан болно. Аль аль тохиолдолд нөөц ашигласны төлбөр 5 хувь, зардалд тооцогдох бүтээгдэхүүний хязгаар 40 хувьтай байна. Хоёр шатлалт R-хүчин зүйлд үндэслэвээс газрын тосны жижиг талбайн хувьд дискоунтчилаагүй БҮТДТ 62 хувь, дискоунтчилсан БҮТДТ 66 хувьтай гарч байна. Дунд зэргийн талбайн хувьд дискоунтчилаагүй БҮТДТ 61 хувь, дискоунтчилсан БҮТДТ мөн 61 хувьтай гарчбайна. Эдгээр нь Монгол Улсад одоо байгаа ихэнх БХГ-нүүдийн дагуу үйлчилж байгаа хувь хэмжээнээс өндөр байна. Хэрэв аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмбэл дискоунтчилаагүй хувь хэмжээ нь газрын тосны жижиг талбайн хувьд 73 хувь, дунд зэргийн талбайн хувьд 71 хувьд хүрч өсөх болно. Монгол Улс газрын тосны салбартаа хөрөнгө оруулалтыг татсан хэвээр байхыг хүсч байгаа нөхцөлд эдгээр БҮТДТ нь хэт өндөр байгаа юм. Ажлын хэсэг хэрэв засгийн газар ашигт тооцогдох бүтээгдэхүүний 42/60 хувийг авахыг хүсч байгаа бол ААНОАТ-ыг газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулсан тохиолдолд түүнийг Засгийн газарт ногдох бүтээгдэхүүнээс төлөх хэрэгтэй хэмээн дүгнэж байна. Түүнчлэн ашигт тооцогдох бүтээгдэхүүнийг илүү шатчилсан байдлаар (тухайлбал, R-хүчин зүйлийн нэмэлт шатлалыг нэвтрүүлэх) хуваах явдлыг авч үзэх хэрэгтэй.
Улс орон газрын тосны тухай хуулиа өөрчилж байгаа үед шилжилтийн дүрмүүд нь тухайн улс болоод газрын тосны одоогийн гэрээлэгчдэд нэн чухал ач холбогдолтой байна. Ийм учраас газрын тосны шинэ хууль нь тухайн улсын газрын тосны бодлогоос хамаарсан, зохих шилжилтийн дүрмүүдийг тодорхой заах хэрэгтэй.
Шилжилтийн дүрмүүдийг анх төлөвлөсний дагуу журмаар зохицуулахаар үлдээх хэрэггүй. Шинэ хуулийн нөхцөлүүд одоо байгаа БХГ-нүүдэд үйлчилж, ялангуяа тэдгээр нь одоогийн гэрээлэгчдийн санхүүгийн байдалд материаллаг нөлөө үзүүлэх бол улс орны нэр хүндэд таагүй байдлаар нөлөөлөх маргаанд хүргэж болзошгүй юм.
Одоогийн гэрээнүүдийг нягт хянан үзэж, шинэ хууль тэдгээрт үйлчлэхэд, эсхүл зохистой байгаад хоёр тал хоорондоо дахин тохиролцоо хийхэд гарах үр дагаврыг үнэлэх хэрэгтэй гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ