11.3 тэрбумаар геологийн судалгаа хийнэ

img

Уул уурхайн сайд Р.Жигжид “Монголын геологи хайгуул-2015”  чуулга уулзалтад оролцож, үг хэллээ. Тэрбээ:

а

"Монгол Улсын Уул уурхайн яам өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд Геологи, Уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багагүй ажлыг хийжээ. Тухайлбал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг УИХ-аар батлуулсан байна. Түүнчлэн, Монголд Үндэсний геологийн алба байгуулагдсаны 75 жилийн ойн үеэр буюу өнгөрсөн 10 дугаар сард Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хороонд Монгол Улс 8 дахь гишүүнээр элссэн нь Ази тивдээ анхдагч орон болсон. Ингэснээр хөрөнгийн зах зээлээс геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах, үндэсний мэргэжилтнүүдийг Олон улсын хэмжээнд ажиллах боломжийг нээж өглөө.

ө

Монгол Улсын Засгийн газраас Монгол орны геологийн тогтоцыг нарийвчлан судлах, ашигт малтмалын орд, илрэлийг тогтоох, тэдгээрийн тархалтын зүй тогтол, хэтийн төлвийг судлан, нутаг дэвсгэрийн хэмжээнд геологийн судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, геологи хайгуулын салбарыг түлхүү хөгжүүлж эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны ажилд 2015 онд 11.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар УИХ-аас баталсан нь өмнөх жилийнхээс 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл ажиллагааг эхлүүлээд байна. Ингэснээр Эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарын үйл ажиллагааг эрчимжүүлж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, салбарын ирээдүйн хөгжлийн суурийг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломж бүрдэж байна.

ө

Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс Улсын төсөвт орох орлогын тодорхой хувийг сум, орон нутагт нь шууд хуваарилах, орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулах зохицуулалтыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ингэснээр орон нутгаас эрэл, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд ирэх аливаа хүндрэлийг эрс бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Газрын хэвлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, Үндэсний геологийн албыг байгуулах, геологийн мэдээллийн санг боловсронгуй болгох зэрэг ажлыг хэрэгжүүлэх болно.

ө

Монгол Улсад Геологийн алба үүсч хөгжсөн түүхэн хугацаанд хийж гүйцэтгэсэн бүхий л бүтээлч ажлууд нь Геологийн салбарын хамт олон, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн мэргэд Та бүхний хөдөлмөр зүтгэлийн үр дүн билээ. Иймд Үндэсний геологийн салбарын хөгжлийн түүхийг бүтээхэд бие, сэтгэлээрээ оролцсон геологийн салбарын нийт хамт олон, үе үеийн геологичид Та бүхэндээ эрүүл энх, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ