Хуулиар далдлагдсан хүчирхийлэлтэй тэмцье

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн шүүх эмнэлэг, бусад үйлчилгээний төлбөрт 400 гаруй мянган төгрөг төлөх хэрэгтэй болдог. Гэр бүл салсан 5 тохиолдол бүрийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Жилд дунджаар 20 орчим хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алддаг байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас аргагүй хамгаалах үйлдлийг хэтрүүлэн хэрэглэж хүний аминд хүрсэн 38 эмэгтэй одоо ял эдэлж байгаа юм байна. Энэ тоог гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр дурдсан юм. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн шүүх эмнэлэг орж, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлоо барагдуулахаар явахад халаасанд нь 400 мянга байтугай 400 төгрөг ч үгүй байхыг алийг тэр гэх вэ. Яагаад гэвэл хүчирхийлэгчээс амь тэмцэн зугтаж яваа хохирогч шүү дээ, тэр.
.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, амь насаа алдсан мэдээлэл сүүлийн үед зүрх түгшээж, нийгмийг цочирдуулж байна. Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль цагийн шаардлага хангахгүй, шинэчлэн батлах явц ч удаашралтай. Өнөөдөр зарим гэр бүл торонд орсон болжмороос ч дор тарчилж, хүчирхийлэлд өртөж байна. Хэн нэгний хүчирхийлэлд өртөх үедээ, амь насаа алдахаас өмнө хууль хяналтын байгууллагаар яваад ч тусыг эс олж, хохирогч эмэгтэй харгис нөхрийнхөө гарт шүүх хурал болохоос 30-хан минутын өмнө амиа алдсан эмгэнэлт тохиолдолд ч гарчээ. Гэр бүлийн хүчирхийллийн асуудал иргэний хэргээр шийдвэрлэгддэг болохоор хүчирхийлэгч этгээд гэмээ эс ухаарах талтай байдаг байна.
.
Ерөнхийлөгч Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан өчигдөр Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг явуулсан юм. Хэлэлцүүлгээр хууль, шүүх, хүний эрхийн байгууллага, хүчирхийлэлтэй тэмцэх байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, саналаа хуваалцсан.
.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай асуудлыг хуульчлаад 11 дэх жилдээ үйлчилж байгаа аж. Захиргааны хэргийн тухай хуульд “Танхайрах” гэсэн хэсэг байдаг байна. Үүгээр жилд 70 мянга орчим зөрчил шийдэгддэг бөгөөд үүний зарим нь гэр бүлийн хүрээнд гарсан зөрчил байдаг гэнэ. Гэр бүлийн зөрчил гаргасан хүнийг эрүүлжүүлээд, баривчлаад л явж иржээ. Гэтэл эрүүлжүүлэхээс гарч ирээд дарамт үргэлжилдэг байна. Одоогийн тогтолцоогоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар биш, Захиргааны хариуцлагын тухай хуулиар бид энэ үзэгдлийг шийдэж байгааг мэргэжилтнүүд ярьж байна.
.
Сүүлийн 10 жилд 23-26 мянган гэмт хэрэг гарч, үүнээс өсөхгүй, тогтвортой байгаа мэт харагддаг байна. Гэтэл захиргааны зөрчил гэдэг нэр томъёоны ард гэр бүлийн хүчирхийлэл нуугдаж иржээ. Монгол Улсад жилд дунджаар 300 орчим хүн бусдын гарт амиа алддаг байна. Үүний нэлээд нь гэр бүлийн хүрээнд, хүчирхийлэл ужгирч даамжирсны улмаас үйлдэгдсэн байдаг аж. Харин одоо гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургалт явуулах зэрэг ажил хийх хэрэгтэйг хуульчид онцолж байсан.
.
Олон улсад “anger management” буюу хүний уурыг барих сургалт явуулдаг болоод байна. Үүнийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх бүрэн бололцоотой. Энэ мэтээр хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх маш олон боломж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөлд энэ талаар тусгасан байна.
.
Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн хууль бусад хуультайгаа уялдаагүй, иргэний журмаар асуудлыг шийдэж сунжирдаг. Энэ завсар хүний эрхийн зөрчил гардаг байсныг шинэ хуулиар өөрчилж зөрчлийн хууль, эрүүгийн хуулийг уялдуулахаар болжээ. Гэр бүлийн хүчирхийллээр үүссэн ноцтой хэргийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор болж байгаа юм байна. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг боловсруулаад хоёр жил гаруй болж байгаа аж. Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн барих гэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн З.Баянсэлэнгэ “Эмэгтэй гишүүд хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын хавар намрын чуулганаар хэлэлцүүлэх гээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Гэтэл Ерөнхийлөгч уг хуулийн төслийг санаачлаад өргөн барьж хэлэлцүүлэхээр болжээ. Автор булаалцалдаад байна уу” хэмээн бухимдаж байсан.
.
Гэр бүлийн хүчирхийлэл захиргааны зөрчлийн хуулийн ард далдлагдан нуугдаж, даамжирсаар 10 гаруй жил болжээ. Харин өнөөдөр энэ хуулийн төсөлд хэн нь автор болох вэ гэхээс илүүтэй УИХ-аас батлагдан гарч хэрэгжих нь нийгмийн хүлээлт байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар аль нь санаачлагач болж автор булаацалдах бус нээлттэй хэлэлцэн, батлахгүй бол гэр бүл хүчирхийлэлд өртсөөр байна. Гэр бүл энх амгалан аж төрөхөөс нийгмийн тайван байдал ч хангагдах билээ.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ