Монголын ордуудыг Хятадуудад худалдахыг санаархагч Канад захирлуудтай танилц!

img

Гуравхан сарын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Алтан Гадас” одон энгэртээ зүүн мишээж зогссон Курт Черч хэмээх Канад эр машинтайгаа барьцаалагдлаа хэмээн дуулиан дэгдээв. Харин түүнийг барьцаалсан этгээдүүд нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сард ажлаасаа халагдсан хүмүүс байж. Тэгэхээр Курт Черч эрхмийг зөвхөн хохирогчийн дүрээр төсөөлөх нь өрөөсгөл юм. Түүнчлэн бид өнгөрөгч оноос эхлэн  Саусгоби сэндс компанийн хуудуутай үйл ажиллагааны талаар мэдээлсээр байгаа гэдгийг уншигчид маань мэдэж буй биз ээ.

Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд  хэргийн учрыг ухвал Курт Черч, Жастин Капла гэх “Айвенхоу  Майнз Монголия Инк”-ийн охин  компаниудын нэг Саусгоби сэндс-ийн  удирдлагууд энхийн цагаан тагтаа нар биш. Хорхойд хоргүй дэгдэж явтал нь террор нөхдүүд таараад барьцаалж айлгаад байгаа ч юм биш. Овоог нь өөрсдөө босгочихсон учир шаазгай нар очиж суугаад байгаа юм.

Тэд өнгөрөгч сард  компанийнхаа 49 ажилтныг нэгэн зэрэг ажилгүй болгосон бөгөөд халж буй шалтгаанаа орон тооны цомхотгол гэж цайруулсан ч, халагдагсдын оронд шинээр ажилтнууд авсан байдаг. Энэ нь Саусгоби сэндс компани санхүүгийн хүнд байдалд орж, ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрсэний учир цомхотгол явуулсан гэх мэдээлэлд эргэлзэхэд хүргэхийн зэрэгцээ ажилчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажилладаг Үйлдвэрчний эвлэлийг байгуулах санал гаргасан нь гадаад удирдлагуудынх нь таалалд нийцээгүй тул халах шийдвэрийг гаргасан гэдэг мэдээлэл нь илүү магадлалтай харагдаж байгаа. 49 ажилтныг халж явуулсаныхаа дараа бүгдийг нь “өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн” хэмээн албан бичиг үйлдсэн гэдгийг халагдсан ажилчид хэлж буй.  Мөн халсаныхаа дараа амаа хамхиж явахыг сануулж, шагнал болгож тус бүрт нь 500.000 төгрөг нэмж өгнө гэх сүрдүүлгийн шинж чанартай санал тавьсан талаар халагдсан ажилчид хэлж байсан.

Ер нь бол Саусгоби сэндс компани ажилтнуудаа халах ажиллагааг сүүлийн нэг жилийн хугацаанд идэвхитэй явуулж ирсэн тухай бид  өмнө нь мэдээлж байсан билээ. Өмнөговь аймагт ашиглалтын 303 км2 газар хамарсан, 600-700 сая тонн нүүрс агуулж байгаа   3 ордын лиценз эзэмшиж, нэг ордоос олборлолт хийж,  найман сумын нутагт хайгуул  хийж байгаа тус компанийн дээрх нэр бүхий удирдлагууд “санхүүжилт байхгүй, мөнгө байхгүй” гэсэн шалтаг ярин  Монгол ажилчдынхаа тоог цөөлөх аяныг 2010 оноос эхлэн өрнүүлсэн байдаг.

Гэтэл Саусгоби сэндс компанийн удирдлагууд халж, солих үйлдлээ улам эрчимжүүлж уурхайн ажиллагсад руугаа орсоноос харахад төв оффис дахь халаа, сэлгээгээ гүйцэтгэж дууссан шинжтэй байна. Монгол нутгийн баялагт тулгуурлан ихээхэн хөрөнгө босгож ирсэн, бүр барьцаалаад 500 сая доллартай болчихсон, тэр мөнгөөрөө дураараа дургиж байх өндөр магадлалтай гадаад эрхмүүд монгол ажилчдыг дуртай үедээ халж, сольж байгаа нь анхаарахгүй байхын аргагүй асуудал. Ямартай ч Курт Черч, Жастин Капла нарын удирдлагууд өнөөдөр эрх ашгийнхаа төлөө тэмцэж байгаа хуучин ажилчидтайгаа уулзаж байгаа. Талууд дахин тэмцэлдэх үү, асуудал намжих уу гэдэг нь нэг асуудал. Гол нь  эрх ашгийнхаа төлөө дуугарах гэсэн монгол ажилчдыг хоморголон халдаг, явуулдаг, сүрдүүлдэг дархан эрх яахаараа дээрх нэр бүхий  гадаад удирдлагуудад байдаг юм бэ.

Хэрэв Курт Черч, Жастин Капла нар Канадад, эсвэл Америкт өөр бусад оронд үйл ажиллагаа явуулж байгаа бол дураа хүрсэн үедээ ажилтнуудаа халж явуулчихаад, албан ёсны тайлбар авах гээд очиход нь зугтаж машиндаа суучихаад, тэгээд “намайг барьцаалах” гэж байна гээд цагдаа дуудаад сууж байж чадах юм болов уу. Үйлдвэрчний эвлэлтэй болъё гэдэг санаачлага гаргах нь манайхаас өөр оронд ажлаас халагдах шалтгаан болдог юм уу. 49 ажилтан ийм шалтгаанаар халагдчихаад байхад, ер нь уул уурхайн салбарт ийм байдал хавтгайрч болзошгүй байхад эрх ашгийнх нь төлөө дуугарчих байгууллага байдаггүй нь харамсалтай. Бидний дотоодын нөхцөл байдал иймэрхүү учир эрхмүүд элэг барихаа яаж мартах билээ. Сонирхолтой нь, ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж буй эрхмүүдийн нэгийг Монголын “төр” ивээгээд Алтан гадас одонгоороо мялаачихсан байж байдаг. Ямартай ч, халж солихдоо мэргэжлийн  Курт Черч, Жастин Капла нарын тухай товч мэдээллийг хүргэе.

                    Монгол төрд ивээгдсэн  Курт Черч

Курт Черч нь Саусгоби Ресурс компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал юм.  Саусгоби сэндс компанид 2008 оны 1-р сараас эхлэн Ашиглалтын хэлтсийн менежер, 2008 оны 7 сараас Овоот Толгой уурхайн ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2010 оны 8-р сараас Саусгоби Ресурс компанид Ашиглалт хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Өмнө нь дэлхийн томоохон уул уурхайн компаниудад ажиллаж байсан гэх бөгөөд Канадын Торонтогийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй  Сентерра Гоулд компанийн охин компани Бороо Гоулд болон Канадын Камбиор компаниудад 2003-2006 онуудад тус тус ажилласан. Мөн BHP Billiton компанийн Ekati алмазны уурхайд үйлдвэрлэлийн хэсгийн ахлагчаар гурван жил ажилласан бөгөөд уул уурхайн салбарт нийтдээ 16 жил ажилласан туршлагатай нэгэн гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг “Алтан Гадас” одонгоор  шагнахаар гаргасан 101 тоот зарлигтаа  “Монгол улсын уул уурхайн салбарыг хөгжүүлэх, Монгол Канад хоёр орны хооронд уул уурхайн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлж Курт Черч таныг Алтан Гадас одонгоор шагнав” гэсэн байгаа юм. Харин Саусгоби Ресурс компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Александр Молинью  “Курт хувь хүний хувьд бахдам амжилт гаргасныг Монголын төр засаг үнэлж манай Үйлдвэрлэл эрхэлсэн захирал бол жинхэнэ манлайлагч хүн мөн юм гэдгийг харууллаа. Хоёрдугаарт, Саусгоби Ресурс болон Саусгоби сэндс компанийн бүх ажилтнууд Курт-д дэмжлэг үзүүлж энэхүү  өндөр амжилтад хүрэхэд хувь нэмрээ оруулсан юм. Энэ бол ямар нэг хэмжээгээр та бид бүгдийн шагнал мөн бөгөөд бид компаниараа бахархах нь зүйтэй” хэмээж байв. Гэтэл нөгөөх бахархалт Курт нь нэг иймэрхүү мэдээг дуулгаад байж байна.

Тэгвэл Жастин Капла гэж хэн бэ?

СаусГоби Сэндс компаний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж буй тэрээр  анх 2010 оны 10 сараас Овоот толгойн ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн юм байна. Хойд Америк, Монгол, Баруун Африкийн орнуудад 14 жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай тэрээр 2003 оноос 2008 он хүртэл Сентерра Гоулд-ийн Бороо Гоулд төсөл дээр удирдах төвшний төрөл бүрийн ажил хийж байсан гэнэ.   Мичиганы Технологийн их сургуульд  металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуульд Олон улсын менежментийн магистрын зэрэг хамгаалсан. Өдгөө Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн  гэсэн мэдээлэл байна.

Дашрамд сануулахад, Саусгоби Сэнд ХХК-ийн удирдлагууд сүүлийн үед Хятадын компаниудын төлөөллүүдтэй, тэрдундаа  санхүүгийн хүмүүстэй нь  уулзах нь олширсон тухай, Хятадын тал Саусгоби Сэнд ХХК-ийн уурхай, лицензүүдийг, ерөөс “Southgobi Energy Resources” ХХК-ийг худалдаж авах нь гэсэн мэдээлэл бодит утгаараа хэрэгжих вий гэсэн болгоомжлолыг илүү дагуулж байна.  Нэгэнтээ БНХАУ-ын  төрийн өмчит  “China Investment Corporation” компаниас 500 сая ам.долларын зээл авахдаа 29.9 хувиа барьцаа болгоод тэдэнд бүр өгчихсөн Канад талын удирдлагууд төрийнхөө дэмжлэгтэй орж ирж байгаа өмнөд хөршийн компаниудтай тохиролцоо хийчихээгүй байгаа гэж тандах эрх бидэнд бий билээ. Манай улсад хөрөнгө оруулж, ажиллахад хэцүү, төрийн байгууллагуудтай харилцахад хүндрэлтэй байдаг гэж ярьдаг канадууд Саусгоби Сэнд ХХК-ийнх нь мэдэлд байгаа Овоот Толгой,  Цагаан толгой,  Сүмбэр-Билүүтийн ордуудын лицензүүдийг Хятадуудад үнэ хүргээд өгчихвөл үүсэх үр дагавар нь ноцтой гэдгийг эрхбиш хэлэх хүмүүс байгаа юм.

Монголчуудын сайн танил Р.Фрийдландын “Айвенхоу майнз” –ын охин компаниуд “Southgobi Energy Resources”,  “Саусгоби Сэндс” нь  2007 онд хоёр сарын зөрүүтэй байгуулагдаж байсан бөгөөд “Southgobi Energy Resources” нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь  нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто,Хонгконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалаад, өнөөдрийг хүрч байгаа. Уг нь Монголчуудын төлөө ихээхэн зүйлийг хийнэ гэсэн том уриа лоозонгийн дор ажиллаж, Овоот толгой нүүрсний орд газарт 2008 оноос эхлэн олборлолт явуулж байгаа юм. Тэр 29.9 хувиараа барьцаалж авсан 500 сая ам.доллараа Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлнэ, нүүрс угаах баяжуулах үйлдвэр барина, дэд бүтэц, геологи хайгуул, өрөмдлөгийн ажилдаа зориулна  гэсэн бүтээлч сэтгэлгээгээр авсан ч,  хоёр жил өнгөрчихөөд байхад уурхайн хүчин чадал нь нэмэгдээгүй. Овоот Толгой уурхайгаас Шивээхүрэнгийн боомт хүртэл  47 км хатуу хучилттай зам барих тухай яриа нь яриа хэвээрээ. Баяжуулах үйлдвэрийн суурь тавьсан гэх нэрнээс өөр үзэгдэх юмгүй. Тэрчлэн Курт Черч, Жастин Капла нарын удирдлагууд үйл ажиллагаагаа хумих талдаа байх болж, сайн ажилчдаа халах болсон нь лицензүүдээ өмнөд хөршийн хөрөнгө оруулагчдад шилжүүлэхээр уулзалтууд хийж байгаа гэх мэдээллийг “амь” оруулж байна.

Э.Болорхажид

                     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ