Засгийн газрын боломж

Шийдлийн Засгийн газар байгуулагдаад 100 хоног байтугай нэг улирлыг үдлээ. Эдийн засгийн хүндрэлийг даван туулж, өсөлтийг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах итгэл өгч, хүлээлт үүсээд хаврын дунд сартай золголоо. Ер нь монголчууд бид тэвчээртэй ард түмэн. Аль 2008 оны сонгуулийн үеэр л яригдаж байсан иргэн бүрт хүртээх “Эх орны хувь хишиг 1.5 сая төгрөг” буюу 1072 хувьцаанаас эхлээд 2012 оны сонгуулиар яригдаж байсан Оюутолгойн хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалт, Тавантолгойн хэлэлцээ хэзээ дуусгавар болж эдийн засагт мөнгө орж ирэхийг хүлээсээр хичнээн ч оныг үдлээ, өнөөдөр ч итгэл алдаагүй л байгаа.
Тэр олон он жилийг туулсан хүлээлтийн хажууд дөнгөж оны өмнө байгуулагдсан Шийдлийн Засгийн газрын “эдийн засаг”-ийн амлалтын хэрэгжилт, Ерөнхий сайдын амнаас унах үгийг харж ердөө ганцхан улирлыг үдэж. Гэхдээ энэ парламент, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатайг тооцвол ч иргэд бид төр, засагт найдлага тавьж харзнахаас илүүтэй тэд яаравчлах мөчлөг. Учир нь жил гаруйхны дараагаар парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нэг л өдөр сонгогчид төрийн эрхийг хэнд, аль намд өгөхөө шийдвэрлэн үзэглэх болно. Харин өнөөдрийн Ерөнхий сайдын ирэх ням гаригт хийх мэдэгдэл л сонирхол татаж, олны анхаарлын төвд байна.
Ирэх өдрүүдэд төр, засаг хэр хурдтай, өгөөжтэй ажиллах нь вэ. Энэ оны эдийн засгийн өсөлтийг 3 хувьтай байна гэж Азийн хөгжлийн банкны экспертүүд урьдчилан төсөөлсөн. Гэхдээ энэ өсөлт тийм ч муу үзүүлэлт биш, эерэгт тооцогдоно гэж АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар хэлсэн. Хэдхэн жилийн өмнө эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч, сэргэж байсан бидний хувьд 3 хувь гэдэг урьдчилсан төсөөллийг сонсоод чамлах, бухимдах зэрэгцэх нь аргагүй.
Хэрвээ Оюутолгойн дараагийн хөрөнгө оруулалт орж ирж, Тавантолгой хөдлөөд эхэлбэл ч эдийн засаг суга дээшилж, юун гурван хувь, хоёр оронтой тоонд ч хүрэх магадлалтай л даа. Гэхдээ өнөөдөр “алаагүй баавгайн арьсаар дээл” хийхийг мөрөөдөх бус бодит амьдрал дээрээ тогтож сэтгэсэн нь дээр. Дээрх томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй байлаа ч Засгийн газарт боломж бий. Төсвийн тогтвортой байдлын хүрэээнд өрийн таазыг ДНБ-ий 58.3 хувьд барихаар баталсан ч Өрийн удирдлагын тухай хуулиар Засгийн газарт “мөнгө босгох” эрх олгосон.
Гэхдээ төлбөрийн тэнцлийн алдагдал болон 1.4 тэрбум ам.доллар, хэдийгээр тодотгол хийгдсэн ч төсвийн 1.2 их наяд төгрөгийн алдагдал дотроос чангааж, санаа зовоож байгааг Сангийн сайд нуугаагүй. Тиймээс эхний ээлжинд энэ хоёр алдагдлыг хоёуланг нь бууруулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг балансжуулахад анхаарал хандуулж байгаа юм билээ.
Төсвийн алдагдлыг гадны санхүүгийн байгууллагаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах замаар бууруулъя гэж байгаа. Энэ нь валют Монгол Улс руу орж ирж байгаа гэдэг утгаараа төлбөрийн тэнцлийн алдагдлаа бууруулах давхар бодлого агуулжээ. Тиймээс ч Засгийн газар нийт 3 их наяд төгрөгийн алдагдлынхаа 50 хувийг буюу 800 сая ам.долларыг эдийн засагт оруулахаар гадны санхүүгийн байгууллагад хандсан байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал нь импортоос шалтгаалсан. Тиймээс төлбөрийн тэнцлийн алдагдлаа балансжуулах замаар валютын ханшийг тогтворжуулах ажлыг Засгийн газар хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлээс гарах нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан байна лээ. Энэ хөтөлбөрт төсвийн тогтвортой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, валютын урсгалыг сайжруулах, ажлын байдлыг хадгалах, зогсонги байдалд орсон томоохон төслүүдийг эрчимжүүлэх, алт олборлолтыг нэмэгдүүлэх гэх зэргээр хэрэгжүүлэх ажлыг нарийвчлан зааж өгчээ.
Намрын чуулганаар Монгол-Японы эдийн засгийн түншлэлийг соёрхож, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулж, Урт нэртэй хуулийг баталсан. Энэ хоёр хууль батлагдсанаар Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж тооцсон бол Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулснаар лицензийг сэргээн олгож эхэлсэн. Монгол-Японы эдийн засгийн түншлэлийг нөгөө тал баталчихвал хөрөнгө оруулалт, валютын урсгалын үүд нээгдэнэ.
Цаашлаад маргааш, нөгөөдөр хоёр өдөр Эдийн засгийн форум Төрийн ордонд болно. Энэ форумаар Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, зээлжих зэрэглэл, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарын хөгжил, өрсөлдөх чадвар зэргийг тал талаас нь хэлэлцэн шийдвэрлэнэ.
Ийнхүү шийдлийн Засгийн газарт эдийн засгийг өсгөх боломж байна. Тиймээс Засгийн газрын тэр дундаа танхимын 50 хувийг бүрдүүлдэг, барууны “школтой” Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чадамжаа харуулах л үлдлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ