Ноён уулаа “марталгүйгээр хамгаалцгаая”

Миний бие ямар ч асуудалд хандахдаа аль болох мэргэжлийн хүнээс нь асууж лавлаж, ойлгохыг хичээдэг. Аливаа хүн тухайн асуудлаар мэргэшиж, түүгээрээ амьдарч яваа бол өөр бусад хэнээс ч илүү мэдээлэл, мэдлэгтэй байх нь зүйн хэрэг гэж санадгаас тэр. Харин утгагүй улс төржилт, хоосон популизмаас болж салбарын мэргэжилтнүүдийг сонсохоо больсон цаг үед амьдарч байгаадаа сэтгэл дундуурхан явдаг юм.
Ноён уулыг ашиглах эсэхтэй холбоотой маргаан, өлсгөлөн, тэмцэл идэвхжсэн өдөр хоногууд өнгөрөн одож, мартагдах тийшээгээ хандаж байна. Эрдэмтэд уурхайн талбайд булш байхгүй гэхээр урвагчид гэж цоллоно, мэргэжилтнүүд 6.5 км-ийн зайд ашиглалт явуулах нь ууланд хамаагүй гэхээр гадны гар хөл бологсод гэж баалцгаана. Гэрээ нь улс оронд ашигтай юу, дэлхийн ижил төстэй гэрээ хэлэлцээрүүдтэй харьцуулахад хэр байна, яаж байгуулах талаар өөр санаа оноо байна уу гэхээр юу ч сонсогдохгүй. Тэгэхлээр тэр гэрээг байгуулах нь зүйтэй юу, “Сентерра гоулд” гээч компани манайхыг үнэхээр шулах гээд байгаа юу гэдэг талаар үнэндээ мэдэх юм алга. Харин өөрийн мэдэх нэгэн тохиолдлын тухай товч өгүүлье.
Эцэг өвгөдийн минь нутаг Өвөрхангай аймгийн Уянга сум. Эрээн гэр, үзэсгэлэнт найман нуураараа алдартай хангай нутгийн минь нэгээхэн хэсэг хариуцлагагүй уул уурхайн балгаар сүйрсэн. Анх нутгийг нь Монгол Улсын “жишиг сум” болгоно гэж хууран орж ирсэн “Эрэл” компаниас эхлээд “Монгол газар” зэрэг компаниуд ухаад, ухсан газраа сүүлд нь жижиглэж худалдаад (манайхан эпл гэцгээдэг) алга болцгоосон. Ингээд жижиг уурхай, нинжа нэртэй гар аргаар алт олборлогчид байгалийг үнэхээр сүйтгэсэн дээ. “Өрнөлт” нэгдлийн өдөр тутмын даруухан амьдрал буцалж асан, ардчиллын салхи анх сэвэлзэхэд бөөн баяр хүлээж авсан нутагт минь урьд дуулдаагүй гэмт хэргүүд үйлдэгдэж, малаа орхин алт дагах хүн сүрэг үүсэж, архидалт хавтгайран томоохон гай нүүрлэж билээ. Одоо ч хор уршиг нь арилаагүй, байгаль дэлхий нь нөхөн сэргээгдээгүй. Хожмоо хууль тогтоомж чангарч, нөхөн сэргээлт хийсэн өөр газруудыг үзээд нутгийг минь ийм болгох боломж байсан гэж бодоход даанч харамсалтай санагддаг.
“Нинжа” нэртэй хүн сүрэг Хөвчийн тайга, говийн дархан газар зэрэг аль л байгалийн сорыг сүйтгэж явдаг. Олонхи хүмүүс тэднийг төмпөн тэвэрсэн ядарсан хүнээр төсөөлдөг ч яг үнэндээ 10 жилийн өмнө алтны уурхайг төсөөлдөг байсан яг тэр хэмжээний хүчин чадал, техник хэрэгсэлтэй, тэгсэн атлаа лиценз эзэмшиж үүрэг хүлээдэггүй, бас ч болоогүй зарим нэг нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” гэгчээр хамгаалагдсан этгээдүүд байдаг. Татвар гэж олигтой юм төлдөггүй дээрээ бас байгаль сүйтгэнэ. Сүйтгэсэн мөрөөрөө алт оллоо гэхэд Монголбанкинд төлөлгүй гадагшаа гулгуулна (энэ төрлийн гэмт хэргийн статистик бий). Тэгсэн атлаа төрийн ордонд цугларцгааж хуралдахыг нь яана.
Урт нэртэй хуулийн ашгийг хамгийн их хүртэгсэд бол тэд. Лиценз эзэмшигчид уг хуулийн улмаас дампуурч, хамгаалах эзэнгүй болсон талбайг нь “нинжа” бүлэг сорчилж ухаад л дараагийн газарлуугаа нүүн оддог. Мөнгөн ус, байгалийн бохирдол зэрэг тэдэнд ер падлийгүй. Километр бүрд цагдаа суулгадаггүй л юм бол энэ уудам нутгийг хамгаалах бодит боломжгүйг тэд сайн мэднэ.
Хамгийн шоглоомтой нь урт нэртэй хуулийн санаачлагчид нь өнөөх байгаль хамгаалагчид. Тэд хууль ёсоор лиценз аван, татвараа төлөөд явж байгаа бизнес хийгчдийг дарамтлах мөртлөө эх орны маань сор болсон газрыг ухаж байгаа нинжа нартай тэмцлээ гэж би лав сонсоогүй. Яг энэ сэдвээр популизмыг хөөсөртөл хийсэн Б.Бат-Эрдэнэ аварга ( бас “эрхэм гишүүн” шүү) улсын наадамд тэр олон түрүүлсэн ухаанаараа дотор сэтгэлдээ жаахан ч болов гэмшилтэй явдаг болов уу яадаг бол гэж хааяа бодогддог л юм.
Үүнийг бичихдээ би Ноён уулыг (уул орчмын газрыг) ухах нь зүйтэй гэсэнгүй. Ухах нь улс оронд хэрэггүй бол больж л орхино биз. Манай байгалийн сор нь хойшоо байдаг хойно нэг ч гэлээ сайхан нутаг хэвээрээ үлдвэл сайн л биз. Хүннүгийн үеийн дурсгал нь хэдэн ч уурхайн баялгаас илүү байж болох. Гагцхүү хийрхэл, утгагүй өдөөн хатгалга, турхиралт зэргээс болж уул уурхайн салбарыг бүхэлд нь хараар будах хандлагад хэт битгий автаач, эдийн засаг яахвээ ингэсээр байгаад унагачихсан юм гэхэд байгаль орчныг сүйрүүлэх бодлогыг дам хэлбэрээр битгий дэмжээч хэмээн уриалах л гэсэн юм.
Өлсөөд үхэн хатан хамгаалаад байсан Ноён уулаа “нинжа” нарт сүйтгүүлсэн нь дээр гэж бодоогүй л юм бол өнөөдрөөс эхлэн “өөрсдөөсөө” хамгаалах хэрэгтэй. Мөн энэхэн зуур олны сэтгэлийг үймүүлж, дэврүүн насан дээрээ байгаа хүүхэд залуучуудыг үймээн самуунд турхирагчид, улс төрийн хонжоо хайгч хийгээд утгаараа “гадны гар хөл” бологсдын жинхэнэ төрхийг таниад авбал бүүр сайн л байна, тэнгэр мэдэг.
О.Алтангэрэл
http://www.altangerel.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ