АНУ: Хятадын тал Умард Солонгост хүчтэй шахалт үзүүлэх үүрэгтэй
АНУ Өмнөд солонгосын хамтарсан цэргийн хээрийн сургууль Солонгосын хойгийн баруун эрэгт үргэлжилж байна. Азийн их гүрэн Хятад хамтарсан сургуулилтад тааламжгүй байгаагаа илэрхийлсэн бол Умард Солонгос “Гарах үр дагаварыг урьдчилж тааж болшгүй” гэж сүрдүүлжээ.
Болзошгүй халдлагаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор эхлүүлсэн АНУ Өмнөд солонгосын хамтарсан цэргийн хээрийн сургууль Солонгосын хойгийн баруун эрэгт үргэлжилж байна. Азийн “Бар” Хятад хамтарсан сургуулилтын эсрэг байгаагаа илэрхийлсэн. Харин усан хил давах л юм бол хариу өгнө гэж мэдэгдээд байсан Умард Солонгос “Гарах үр дагаварыг урьдчилж тааж болшгүй” гэж сүрдүүлжээ. Солонгосын хойгийн зэвсэгт мөргөлдөөнөөс яг 7 хоногийн дараа болж байгаа хамтарсан сургуулилтанд цөмийн хөдөлгүүр бүхий сөнөөгч онгоц тээвэрлэгч алдарт Жорж Вашингтон хөлөг онгоц, 60 мянган тэнгисийн цэрэг Америкийн талаас оролцож байна.
Умард солонгосын тал саяхан хэдэн мянган центрфуг бүхий шинэ уран баяжуулах үйлдвэрээ энхийн зорилгоор ашиглана гэдгээ мэдэгдсэн. АНУ Хятадын талыг Умард Солонгосыг сайн шахахыг шаардаж байгаа. Цагаан ордны төлөөлөгч Роберт Гибс “Умардын гаргаж байгаа болчимгүй зан авирыг зогсоохын тулд Хятад улс Умард Солонгосыг шахалтанд оруулах хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Харин Хятад улс Умардыг цөмийн зэвсэггүйжүүлэх 6 талт хэлэлцээрийг эхлээүлэхээр чармайж байгаа. Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч: “Дундад улс Умард Солонгосын уран баяжуулах явцын талаарх бүх мэдээллийг анхааралтай харж байгаа. Бид Солонгосын хойг болон зүүн хойд Азийн тогтвортой, аюулгүй тогтвортой байдлыг хангах дээр бусад орнуудтай санал нэг байгаа” гэжээ. 2 жилийн өмнө 6 талт хэлэлцээрийг дундаас нь хаяж гарсан Умардын тал, хэлэлцээрийг дахин сэргээх сонирхолтой байгаагаа илэрхийлээд байгаа юм. Н. ЭРДЭНЭБУЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ