Монгол нэр ээ, тогос өд өө гэдэг дээ

img

Төв Азийн цээжинд Монгол гэдэг нэгэн улс  бий. Энэ орны иргэд нэгэн ам бүлээрээ уулын ам хашин  суухад ч хүрэлцэхээр газар нутагтай. Хэдий тийм боловч нийслэл хэмээх дөрвөн уулынхаа дунд чихцэлдэж, сөөм газрын хэрүүл хийж амьдардаг юм. Яагаад ингэдэг вэ гэдгийг олоход амархан. XXI зууны монголчууд дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэдтэй адилхан тохилог сууцанд амьдарч, сайхан орчинд үр хүүхдээ өсгөхийг хүсч байна. Ингэхийн тулд нэгдэж төвлөрөх, санаагаа нийлүүлэх, зах зээл үүсгэх, дэд бүтэц байгуулах ёстой учраас одоохондоо бөөнөөрөө амьдарч, утаандаа хордож суугаа билээ. Бид олон зуун жилийн турш төвлөрч, хотоо  байгуулж, суурин газрын соёлыг эзэмшсэн орнуудаас хөгжил  дутуу. Тийм боловч тэдний туулж өнгөрүүлсэн алдаа, онооноос суралцаж маш хурдан хугацаанд хөл нийлүүлэхээр өндийж буй “залуу” ард түмэн юм. Гэвч эртнээс уламжлагдан ирсэн “би”-жсэн зангаа үе үе гаргаж, тэр нь заримдаа өөрсдийг нь хорлосоор  байна.

 

 

Монголчууд “Хөрөнгө оруулагч” гэдэг холбоо үгтэй танилцаад удаагүй. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших 20 гаруй жил л гадны нөхдүүдтэй  ажиллах гэж алдаж, онож явна. Өнгөрсөн хугацаанд “Бороо гоулд”, “Сентерра гоулд” “Хөшөөт”, “Оюутолгой”, “Чалко”, “ПетроЧайна-ДамчинТамсаг” гэх мэт компаниудаар нийт ард түмэн хөрөнгө оруулагчдыг төсөөлж  байна. / Монголд өөр салбарт хөрөнгө оруулалт хийж буй том, жижиг гадаадын компаниуд бий боловч уул  уурхайн салбарын хөрөнгө оруулагч компаниудыг л иргэд сайн  таньдаг болжээ/. Тэдний дунд даварсан нь ч байсан. Ялангуяа Оюутолгойд хөрөнгө оруулагчдын санааг давж гарахын тулд нэлээд ухаан зарах хэрэгтэй болж байгааг үргэлж сайн, муугаараа дуудуулдаг гэрээг гардан байгуулагчид хэлдэг юм. Гэхдээ гадаадын компаниуд манай эрх мэдэлтнүүдийн тусламжгүйгээр сайн, муу ямар ч  үйлдэл хийж  чадахгүй байсныг санах хэрэгтэй.

 

 

Хэдхэн жилийн өмнө газрын баялаг ихтэй манай руу дэлхийн уул уурхайн акулууд нүүж байлаа. Энэ үнэн. Үүний ачаар манай эдийн засгийн чадавхи огцом өсч, иргэд адил тэгш биш боловч үр шимийг нь хүртэж байв. Харин манай эрх баригчид цаашид цаг үе дандаа ийм байх юм  шиг санаж алдсан. Гаднын хөрөнгө оруулалт сүүлийн хоёр  жил огцом буурч, уул уурхайн салбараас хэт хамааралтай байсан эдийн засаг унасан нь гадаад, дотоод олон хүчин зүйлтэй холбоотой. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ “унасан” нь голлох шалтгаан болсон. Харин монголчууд бид энэ бөмбөрцөгт ганцаараа газрын баялагтайгаа үлдсэн мэт аашилж, тогтворгүй,нэг санаагүй байсан нь хоёр дахь шалтгаан байсан гэж болно. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яахав”. Бид ийнхүү хэлэлцдэг шигээ хүссэн хүсээгүй цааш явж байна. Тиймээс Тавантолгой гэдэг бас нэг том үүцээ яг хэрэгтэй үед нь задлахаар, хариуцлагатай ажил эхлүүлсэн юм. Гэтэл дахиад л ойлголтоо нэгтгээгүйгээс хөрөнгө оруулагчдыг нутаг буцаав. Манай Төрийн гурван өндөрлөг  өдгөө нэг намын хүмүүс. Үүгээрээ ч, улс эх орноо ч бодсон тэд  бүх ойлголтоо нэгтгэн хөрөнгө  оруулагчидтай  гар барьж, Монголын ард түмэнд ашигтай гэрээ хийх үүрэгтэй. Харамсалтай нь өмнөх орой нь өөр юм ярьсан Ерөнхий сайдынхаа үгийг маргааш өглөө нь УИХ-ын дарга нь няцааж хөрөнгө оруулагчдад сюрприз  барьж чадлаа. Гэрээ байгуулахаар ирсэн “Шеньхуа”, “Сумимото”-гийн захиралууд монголчуудын туйлбаргүй занг гайхсаар нутаг буцав. “Сумимото” корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү буцахынхаа өмнө “Би Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурахаар ирсэн. Гарын үсэг зурах ажиллагаа хойшлогдоно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас хүндээр тусч байна. Тавантолгой бол “Сүмимото”-гийн хувьд чухал төсөл” гэх итгэл алдарсан үг унагаад явжээ” гэж нэгэн өдөр тутмын сонинд бичжээ. Харин “Шенхуа”-гийн захиралууд гэрээгээ зурахаар бол араас Бээжинд ирээрэй гэсэн хатуу үг хэлээд буцсан гэнэ. Энэ бол зөвхөн Тавантолгойд хөрөнгө оруулагчдын бус нийт хөрөнгө оруулагчдын үг гэж  ойлгож  болно. 30 жилээр ашиглаж, үр шимийг нь хүртэх гэж буй Тавантолгойнхоо гэрээг долоо хэмжиж, нэг огтлох нь зөв боловч нэгэнт УИХ-аар хэлэлцүүлэх байсан юм бол гадныхныг өмнө нь дуудаж эвгүй байдалд оруулах хэрэггүй байлаа. Хэдэн дарга нарын ойлголцлын зөрүүгээс болж нийт монголчууд муу  нэртэй үлдэж байна. Мөнгөө бариад ирж байгаа хүмүүс том зантай байх нь зах зээлийн хууль. Үүнд нь бид авах, гээхийн ухаанаар хандаж Монголоо хөгжүүлэх хувилбараар гадныхантай хамтарч ажиллах хэрэгтэй байх. Дэлхий өдөр ирэх тусам хавтгай  болж байгаа энэ үед бид ганцаараа баялагтайгаа үлдсэн мэт аашилж, хөрөнгө оруулагчдыг дээрэмчин мэт хардаг сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Харамсалтай нь  иргэддээ ийм сэтгэгдэл төрүүлж байгаа нь манай эрх баригчид байна. Дахин хэлэхэд гадынхан манай томчуудын тусламжгүйгээр юу ч хийж чадахгүй. Хүссэн хүсээгүй эргээд сайн, муу зүйл хийснийхээ горыг амсах болно гэдгээ манай төрийн өндөрлөгүүд санаж байвал сайнсан. Мөнгөө бариад ирэх гэж буй хүмүүс долигнож гүйхгүй нь тодорхой юм. Бид энэ удаад бас л алдлаа. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг дээ. Монгол гэдэг нэр дэлхийн тавцанд унах нь л хамгийн хохиролтой юм даа.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Ө.БАТХҮҮ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Би гэж цээжээ дэлдсэн хүн бол сүнс нь зайлсан хүний хурц илрэл шүү дээ. Их хурал эхлээд л ийм зан ил гарч эхэллээ дээ. Ухамсаргүй болж, түмнээс тасарч байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл бодгаль нь учраа олохгүй, сүнс нь тэнэж биедээ орохгүй байна гэж ойлгож болно. Энэ чинь жолоочгүй машин л гэсэн үг.
2015-04-09
bas neg teneg novsh:
Bid Oodlohgui ee buh darga nar n luivarchin hulgaichuud yum chin bayariin tuuh bidniig setgeleer unagaachikloo gj.....
2015-04-09
Mongol:
Bid oorsdoosoo bolj guilgachin yavkh estoi yum baina
2015-04-09