“Тарбозавр батаар”-ын мөрөөр буюу төрийн хяналт

Францын өдөр тутмын “Le Progress” сонины 2015 оны дөрөвдүгээр сарын 6-ны дугаарт Монголын говиос олдсон Тарбозавр батаарын ясыг Өмнөд Солонгосоор дамжуулан Франц улсын Леон хотод нэвтрүүлэх гэж байгаад гаалын хяналтын явцад илрүүлэн саатуулсан тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу өчигдөр холбогдох мэргэжлийн байгуулагуудтай уулзаж, Тарбозавр батаарын талаар мэдээлэл ирсэн эсэх, монголынх мөн гэж тогтоогдвол буцааж авах боломжтой эсэхийг тодруулахыг зорьсон юм.
Хууль бус наймаа сэргэж байгаа бололтой
Хамгийн эхэнд Шинжлэх ухааны акакдемийн Паленталоги, геологийн хүрээлэнг зорин очиж, тус хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатартай уулзсан юм. Түүнтэй уулзахад Франц улсад хураагдсан араг ястай холбоотой ямар нэгэн мэдээлэл ирээгүй байгаа гэлээ. Тэрбээр “Le Progress” сонины материалтай танилцаад “Албан ёсоор Монголоос Солонгос руу гаргаад тэр нь Франц руу явсан гэсэн баталгаа алга байна.
Хэрэв тэгж явуулах бол манайх мэргэжлийн байгууллага учраас манайхаас өөр газар яригдахгүй л дээ. Гэхдээ бид тийм ажил зохион байгуулаагүй учраас нөгөө хууль бус наймаа дахиад л сэргэж байгаа нь энэ бололтой. Энэ одоогийн асуудал биш байх. Өмнө нь гаргачихсан байгаад одоо л ил гарч байгаа болов уу. Соёлын өвийн хууль бус наймаа чинь хар тамхи, зэвсгийн наймаатай адил болчихсон. Энэ хууль бус соёлын өвийн наймаа чинь 10 гаруй жил замбараагаа алдсан. Тэр хооронд хичнээн юм гадагш гарсныг хэн ч мэдэхгүй.
Бид АНУ-аас хилээр гарсан өөрийн соёлын өвөө буцааж татах хууль эрх зүйн том туршлагатай болсон. Нөгөө талаар 1974 онд Монгол Улс олон улсын соёлын өвийн конвенцид нэгдээд орчихсон. Мэдээж Франц улс ч энэ конвенцид нэгдээд орсон байгаа. ЮНЕСКО-гийн төв нь ч Францад бий. Тийм болохоор энэ байгууллагаар дамжуулаад Монголынх гэдгийг тогтоож, буцааж авна гэвэл боломжтой. Гэхдээ ийм асуудал чинь маш олон улс орноор дамждаг тул тухайн орны нэр хүндэд халдахгүй, улс төржүүлэхгүй, үндэслэлээ сайн гаргаад зөв замаар хийх юм бол бид энэ олдворыг буцаан авах боломжтой” гэсэн юм.
Мөн тэрбээр манай төр засгаас соёлын өвийн асуудлыг тоодоггүй. Бид Байгалын түүхийн музейд байсан үзмэрүүдээ хураасан байгаа. Гэтэл гадаадын жуулчид “Үлэг гүрвэлийн өлгий нутагт ирчихээд үзэх юм алга” гэж хэлдэг. Тиймээс төр засгаас анхаарал хандуулахыг хүлээгээд өдий хүрсэн тул хувийн хэвшлийн томоохон үндэсний компаниудад хандаж, үзмэрээ байршуулах зай талбай хүссэн. Ихэнх нь өндөр үнэтэй талбайн түрээсийг нь төлж чадна гэвэл зөвшөөрнө гэсэн хариулт өгсөн. Бидэнд тийм хөрөнгө, төсөв мөнгө байхгүй учраас саяхан нээгдсэн Хүннү Молл төвд үлэг гүрвэлүүдээ байршуулсан.
Гэтэл хувийн хэвшлийн байгууллагад улсын мэдлийн юмыг дур мэдэн байршууллаа гэсэн хэл ам гарч байна. Энэ асуудалд их харамсч байна. Манай улс чинь хувийн хэвшлийн үйл ажиллагааг ч дэмждэг улс биз дээ. "Хүннү Молл"-ын захирал биднийг талбайдаа үнэ төлбөргүй үлэг гүрвэлийн үзмэрийг байршуулахыг зөвшөөрсөнд их талархаж байна. Удахгүй энэ сарын дундуур албан ёсны нээлтээ хийнэ. Цөөнгүй үзмэр байршуулж, танилцуулгыг нь тавина. Тэгэхгүй бол ард иргэдийн дунд буруу ойлголт яваад байна” гэсэн юм.
Мөнгө дутсан музейн ирээдүй бүрхэг байна
Дараа нь Монгол Улсад цорын ганц, анхных ч гэж болох “Үлэг гүрвэлийн музей”-г зорьсон юм. В.И.Лениний музейн барилгыг Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн онд “Үлэг гүрвэлийн музей” болгох шийдвэр гаргасан ч засвар шинэчлэлтэй холбоотойгоор барилгын зүүн жигүүрт нэг л танхимыг үзэсгэлэнгийн зориулалтаар болгоод байгаа юм.
Харин барилгын үлдсэн хэсгийг засч янзлах төсөв мөнгө шийдэгдээгүй тул бүхэлд нь ашиглах боломжгүй өнөөдрийг хүрсэн билээ. Биднийг очиход тус музейн захирал дүү нь өвдсөн тул хөдөө явсан эзгүй байж таарав. Тиймээс тус музейн зохион байгуулагчтай уулзаж ирсэн зорилгоо хэлж мэдээлэл авахыг хүсэхэд “Захирал эзгүй байна. Ирэхээр нь холбоо барья. Ямар ч байсан наад асуудлаар чинь судалж, боломжтой бүх талаас нь хөөцөлдөж байж авчрах ёстой юм байна. Авалгүй яах вэ” хэмээн хариулт өгсөн юм. Энэ хооронд тус музейн үзмэрийн танхимийг сонирхвол АНУ-аас хэл чимээтэй авчирсан Тиринозавр батаар болон монгол орны нутаг дэвсгэрт хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан Анкилозавр, Гадрозавр, Зауролофус, Протоцератопс, Овираптор, Орнитомимозавр зэрэг үлэг гүрвэлийн араг яс, эртний яст мэлхийн олдворуудыг судалгаа шинжилгээний үр дүн зэргийг дэлгэн байршуулсан аж. Тус музей өнгөрөгч сарын 27-нд “Үлэг гүрвэлийн мөрөөр” цоо шинэ үзэсгэлэнгээ албан ёсоор нээсэн нь энэ аж.
Хэрвээ энэ барилгыг Үлэг гүрвэлийн нэгдсэн музей болгон засч янзлахад шаардлагатай төсөв мөнгөний санхүүжилт шийдэгдвэл танхимуудыг дүүргэх олдворууд хэр байгааг сонирхвол “Байгаа. Палентологийн төвд байгаа үзмэрүүдээр хангалттай дүүрнэ. Гадаадаас ч авчирна” гэдгийг тус музейн ажилтан хэлж байлаа.
Хэлтсийн дарга БНСУ-аас хариулт өгөхийг хүлээх болов
Тэндээсээ БСШУ-ны яамыг зорив. Тус яаманд очин үүдний хамгаалалт БСШУЯ-ны хэвлэлийн албаар дамжуулж, Соёлын өвийн бодлого зохицуулалтын газрын Соёлын өвийн хэлтэстэй холбогдоно гэв. Хэвлэлийн ажилтантай уулзвал "Манай яаманд ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Соёлын өвийн хэлтсийн дарга л энэ асуудалд хариулт өгнө. Хэлтсийн дарга БНСУ-д албан ажлаар яваа. Би и-мэйлээр нь танай сайт дээр гарсан мэдээллийг илгээчихье. Тэгээд уншаад, Франц руу холбогдоод ямар мэдээлэл авах нь вэ. Тэр үед танд хариулт өгье” хэмээв.
Ийнхүү Францын хэвлэлд гарсан Тарбозавр батаартай холбоотой асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авахыг зорьсон ч зарим дарга нь эзгүй байж таарлаа. Учир нь 700 мянган еврогоор үнэлэгдсэн гэх уг үлэг гүрвэлийн ястай холбоотой мэдээлэл манай улс руу ирээгүй байгаа бололтой.
Дэлхийд ховор үзмэр бүхий музейтэй болох боломж Монголд бий
Харин манайх соёлын өвийн асуудалд хэрхэн анхаарлаа хандуулдгийг Палентологи, геологийн хүрээлэн, Үлэг гүрвэлийн төв музей хоёроор ороод гарахад мэдэрсэн гэж болно. Палентологи, геологийн хүрээлэн Байгалийн түүхийн музейн баруун талд байрладаг бөгөөд тус байгууллагын барилгыг олон улсын төслөөр бариулсан гэх. Улсаас барилга барьж өгөх нь бүү хэл Засгийн газрын тэргүүн нь Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг татан буулгах шийдвэр гаргаж байсанд харамсаж буйгаа Д.Цогтбаатар дарга илэрхийлээд амжсан.
Тэгвэл Үлэг гүрвэлийн төв музейн хувьд В.И.Лениний музейг өмчлөх эрхтэй ч бүхэлд нь өөрийн болгох боломжгүй. Учир нь төсөвгүй. Гэтэл одоо уг барилгыг нийслэлээс "Буддын шашины соёлын музей” болгох талаар танилцуулга хийгдээд байна. Палентологийн салбарт байгаа эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар дэлхийд гайхагдсан, давтагдашгүй цорын ганц үзмэр бүхий музейтэй болох боломж Монголд бий. Гэвч байшин нь байхгүй. Байгаа нь мөнгөгүй. Уг нь музейг жинхэнэ утгаар нь байгуулчихвал гадаадаас ирэх жуулчдын зорих газрын нэг болохоос гадна палентологийн олдворыг мөнгө өгч судлах дэлхийн эрдэмтдийн цуваа ч тасрахгүй ирэх боломжтой аж.
Онлайнаар соёлын өв худалдаалагдсаар л ...
Гэтэл өчигдөр Америкийн “www.ebay.ca” сайтад Монголын түүх дурсгалд хамааралтай Жадамба судрыг зарна хэмээн онлайнаар зургийг нь нийтэлж, 29 мянган ам.доллароор үнэлсэн байх юм. Уг судар нь “XYII зуунд бичигдсэн хамгийн том сударчилсан, 81/31 см-ийн хэмжээтэй 500 хуудастай. Болгомол даавуун дээр хар өнгийн бэхээр бичиж, хятад бараар барлаж, бүх хуудасны ирмэгийг улаан шунхаар хээ угалз гарган барлаж, хоёр талд нь таван мэдрэхүйг цэцгэн хээтэй хослуулан дүрсэлж, эвэр угалзаар хүрээлэн бичсэн байдаг аж. Уг судраас гадна Очирваань бурхны хөрөг зураг, Цагаан дарь эхийн хатгамал гэх мэт 20 гаруй төрлийн түүхийн дурсгалын үнэт зүйл худалдаалагдаж байгаа бол онлайнаар Монголын мөнгөн дэвсгэртүүд зарагдаж эхэлжээ" гэх мэдээлэл гарчээ.
Монголчууд бид энэ мэтээр байгаль, түүх, соёлын өвийн үнэт зүйлсээ санаатай, санаандгүй алдаж явуулсаар, дэлхийд үнэ цэнэтэй ховор олдворуудаа үнэгүйдүүлсээр. Одоо мөнгөн тэмдэгтүүдээ ч худалдах боломжийг олгочихож. Төрийн байгууллагууд эдгээр асуудалд эзний ёсоор хандаж, хойч үедээ өвлөн үлдээхэд анхаарахгүй бол бидний түүх харийнх болох цаг ойрхон байна. Өнгөрсөн түүхгүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүйсэн.
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ