Үндэсний үйлдвэрлэгчид 466 саяын татвар бүрдүүлж өгнө

img

Мэргэжлийн гадаад худалдааны байгууллага болох “Рояал Ресурс Монголиа” ХХК  “Монгол жинчин” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд өнөөдөр Чингис зочид буудалд “Үндэстэн дамнасан-Үндэсний бренд” нэртэй үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн чуулга уулзалт боллоо.

 

Чуулганд “Монгол жинчин” төслийн зөвлөх, доктор, профессор Л.Оюун, ХХК  “Монгол жинчин” төслийг хэрэгжүүлэгч “Рояал Ресурс Монголиа” ХХК-ийн захирал С.Ариунболд, Монголын Худалдаа аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн, МУГЗ Д.Эрдэмбилэг болон бусад албаны хүмүүс оролцож, илтгэл тавьлаа.

 

С.Ариунболд : Хамтдаа жин тээе

 

Чуулганыг “Монгол жинчин” төслийн удирдагч С.Ариунболд нээж, үг хэллээ. Тэрбээр “Монгол жинчин” төсөл үндэсний үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлхийн тавцанд гарган, таниулан сурталчилах, худалдаалан борлуулах ажлыг хэрэгжүүлэх юм байна. Уг төсөл нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаалах боломжийг нээж буй экспортод чиглэсэн худалдааны анхны томоохон төсөл. Уг төслийг хамтдаа хэрэгжүүлье, хамтдаа жин тээе. Төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээ нэгтгэн дэмжиж энэхүү арга барилаа ашиглан БНХАУ, цаашлаад ОХУ, Япон, Европ, Хойд Америкийн зах зээлд өрсөлдөх гарцыг нээхээр ажиллаж байна. Төслийн багийнхантай Аж үйлдвэрийн яам, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн төв, МҮХАҮТ зэрэг байгууллагууд дэмжин хамтран ажиллахаа мэдэгдсэн байгаа. Мөн орчин үеийн “online to ofline”худалдааны бизнес загварчлалыг ашиглан явуулах бөгөөд “Монгол жинчин” худалдааны сүлжээ төвүүдийг гадаад зах зээлд үе шаттайгаар байгуулж, улмаар тогтвортой нийлүүлэлтийн цогц системийг бий болгоно” хэмээн онцоллоо.

 

 

Түүний дараа “Монгол жинчин” төслийн зөвлөх,доктор, профессор Л.Оюун “Хамтдаа хөгжинө” сэдвээр илтгэл тавьлаа. Уг илтгэлд нийгмийн хөгжилд хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг олноор нь үйлдвэрлэж байж, амжилтанд хүрдэг гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр “Жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүд Засгийн газрын нуруунаас ачааг нь бага ч болов хөнгөлж байгаа. Гэвч энэ бол нийгмийн хөгжлийн гарц биш. Гадаад зах зээлд үндэсний брэндээ гаргаж, эрэлт нийлүүлэхийг эрчимжүүлэх нь нийгмийн хөгжилд мөн. Бүтээгдэхүүний нэг асуудал нь борлуулалт байдаг. Үүн дээр бид дэмжин ажиллана. Валютын ханш хамгийн их тулгамдсан асуудал юм. Борлуулалтыг дэмжээд ирэхээр үйлдвэрлэл хөгждөг. Борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд борлуулалтын цогц системийг хийх юм. Үүн дээр зээл, санхүүжилт орж ирнэ.” гэсэн юм.

 

“Монгол жинчин” төслийн зохицуулагч Ц.Ганчимэг чуулганд оролцогчдод төслөө дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Эхний жилд 38 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдаална

 

 

Сонирхуулахад, тус төслийг хэрэгжүүлснээр эхний жилдээ 38 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд худалдаалж, улсад 466 сая төгрөгийн татвар бүрдүүлж өгөх зорилготой байгаагаа зохион байгуулагчид дуулгасан юм. Тиймээс эхний ээлжинд БНХАУ-ын Эрээн хотод гурван давхар худалдааны төв байгуулах юм байна. Уг худалдааны төвийн ерөнхий дизайнераар МУГЗ, Дэлхийн оюуны өмчийн алтан медалтан Д.Эрдэмбилэг ажиллахаар болжээ.

 

Түүнчлэн, орчин үеийн O2O /online to ofline/ буюу онлайн худалдааны бизнес загварчлалыг ашиглаж, дэлхийн зах зээлд үндэсний брендийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалах юм байна.

 

 МУГЗ Д.Эрдэмбилэгээс БНХАУ-ын Эрээн хотод байгуулах худалдааны төвийн талаар тодруулахад “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санаачлага олон гарч байна. Үүнээс “Монгол жинчин” төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага хамгийн хялбар, дөт аргаар дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах бололцоотой болох юм. Бид эхний ээлжид онлайн худалдаагаар үндэсний брэндээ дэлхийн зах зээлд хүргэнэ. Энэ нь цаг үеэ мэдэрсэн бизнесийн менежмент юм. Яагаад гэвэл, Хятад улс онлайн худалдааны салбараар дэлхийд тэргүүлж эхэлсэн. Онлайн худалдаа бол бидний ажлын эхлэл байх болно. Судалгаагаар БНХАУ-ын Эрээн хотод жилд 2 сая дотоодын жуулчин ирдэг гэдэг. Тэдгээр жуулчид Эрээн хотоос монголыг үзэж болох боломжийг бүрдүүлнэ” гэсэн юм.

 

“Монгол жинчин” төсөл нь уул уурхайн бус үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нэгдсэн зохион байгуулалттайгаар худалдаалах боломжийг нээж, үндэсний үйлдвэрлэгчидтэй хамтран төслөө хэрэгжүүлэх аж.

Үйл ажиллагааны хувьд онлайн худалдаа хийж, тус худалдаанд тулгуурласан showroom буюу загварын жижиг дэлгүүрүүдийг хэрэглэгчдэд ойр байх боломжтой цэг бүрт байгуулах юм байна. Ингэснээр БНХАУ-аас гадна ОХУ, Япон, Европ, Хойд Америкийн зах зээлд өрсөлдөх гарцыг нээх юм байна.

 

 

Үндэсний үйдвэрлэгчид юу хүсч байна вэ?

 

Зохион байгуулагчдын зүгээс 500 аж ахуйн нэгж, байгууллагад өнөөдрийн чуулганд оролцох урилгыг хүргүүлжээ. Харин тэднээс 80 орчим хувь нь чуулганд оролцож байв. Чуулганд оролцсон жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн төлөөллөөс “Монгол жинчин” төсөлд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

 

 “Монгол костюмс” компанийн төлөөлөл Г.Дамдиндулам

 

-Манай компанийн зүгээс “Монгол жинчин” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалтад оролцож байгаад баяртай байна. “Монгол жинчин” төсөл хэрэгжиж эхэлснээр манай улсын хөгжилд томоохон алхам болно гэдэгт итгэж байна. Манай байгууллага бол үндэсний хувцас үйлвэрлэдэг.

Хувцасны чанар, хийцээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, брэнд бүтээгдэхүүнтэй гэж хэлж болно.  Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр бид нарын ажилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн чуулга уулзалтаас энэ төсөлтэй цаашид хамтарч ажиллахад хэр түшигтэй вэ гэдгийг харж байна.

 

“Мөнгөн пирамид” ХХК-ийн захирал Ш.Далхжав

 

-Манай компанийн хувьд ноос ноолуур, сүлжмэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ төслийн хувьд үйлдвэрлэгч нар нь үйлдвэрлэлээ, худалдаачид нь худалдаагаа хийе гэсэн нь их боломжийн санагдсан.

Бид үйлдвэрлэлээ явуулаад давхар борлуулалт хийдэг. Гэхдээ “Говь”, “Гоёо” зэрэг томоохон компаниуд шиг өөрийн нэрийн дэлгүүрүүд байгүй.

Тийм учраас борлуулалт хийхэд бага зэрэг бэрхшээл тулгардаг. Мөн бид бараа бүтээгдэхүүнээ зөвхөн монголдоо худалдаахыг бодохгүй байна. Цаашид экспортод гаргах сонирхолтой. Одоогийн байдлаар манай компани хүчин чадал, ашиглалтын хувьд бага байгаа.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ