Тавантолгойг улстөржүүлж байгаа нь “гадаад” захиалгатай

Монгол Улсын сайд М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
М.ЭНХСАЙХАН: ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙГ УЛСТӨРЖҮҮЛЖ БАЙГАА НЬ "ГАДААД" ЗАХИАЛГАТАЙ
-Өнөөдрийн хувьд хамгийн их дуулиан болж байгаа нэг сэдвийг тойрч ярилцах гэсэн юм. Ямар сэдэв гэдгийг нь та өөрөө сайн мэдэж байгаа. Ингэхэд Тавантолгойн төслөөс болоод Монголын хууль тогтоох, гүйцэтгэх засаглал гэсэн хоёр том институци хоёр талд гарчихлаа. Олон нийт үүнээс болж хоёр хуваагдчихаад байна. УИХ-ын дарга надад итгэ гээд байдаг. Та болохоор шал өөр зүйл тайлбарлаад байгаа. Иргэд алинд нь итгэх болж байна аа?
-Тавантолгойг тойроод цэвэр улс төр өрнөж байгаа харагдах юм. АН-ын дотор “хэн нь том бэ” гэдэг өрсөлдөөн хувь хүмүүсийн араншингаар дамжиж УИХ, Засгийн газрын хоорондын зөрчил болж харагдаж байна. МАН ч Тавантолгойн асуудлыг УИХ-д оруулах хэрэгтэй гээд дарга нь гарын үсэг зурсан. Чалкод асар их хэмжээний өр тавьсан, хэрэг дээрээ 15 жилээр Тавантолгойг барьцаанд өгөх гэрээг хийж байх үед Чалкогийн гэрээг УИХ-д татан авч хэлэлцээгүй. Тэр үед МАН таг байсан. АН ч таг байсан. Тэр гэрээг ер нь монгол хүн уншаагүй юм шиг санагдсан. Өр тавьсан, барьцаанд орсон Чалкогийн гэрээг УИХ хэлэлцээгүй атлаа Тавантолгойн төслийг улс төржүүлж байгаа нь “гадаад” захиалгатай гэж эрхгүй бодогдуулж байгаа.
Тиймээс би УИХ-ын даргад итгэснээс Ерөнхийлөгчдөө итгэсэн нь дээр гэж бодож байна. Учир нь Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогдсон, монголын ард түмний нэрийн өмнөөс ярих эрх бүхий цор ганц хариуцлагатай албан тушаалтан. УИХ-ын гишүүдийн хувьд тойргоо, намаа төлөөлнө биз.
-Ажлын хэсэг Тавантолгойн талаар үзэглэхэд бэлтгэсэн гэрээний төслөө ЗГХЭГ-т хүргүүлсэн гэсэн. Гэрээ гэснээс улстөрчдийн сошиал ертөнцөөр цацаад байгаа тэр гэрээ мөн үү?
-Биш ээ. Сошиал ертөнцөөр тараад байгаа бичиг нь Ажлын хэсэг болон Хөрөнгө оруулагчдын дундаа тавьж байгаад хэлэлцэж тохирохоор бэлтгэж байсан техникийн гэх үү, ямар ч байсан завсрын баримт бичиг. Уул нь ил болох ёстой баримт бичиг биш. Миний бие байгуулах гэж байгаа гэрээний төслүүдэд “долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмыг удирдлага болгон сайдууд, яамдуудад техникийн баримт бичгээ тараасан юм. Ажлын хэсгийн олж хараагүй зүйлийг хэлээд өгөх байх л гэж найдсан юм. Харамсалтай нь тараасан баримт бичиг буруу замаар явж “гарын үсэг зурах гэж байсан гэрээ нь олдлоо” гэсэн “баатарлаг улс төр” болж өрнөсөнд харамсаж байна.
Ажлын хэсэг хэлэлцээний явцын талаар олон нийтэд, УИХ-д байнга мэдээл өгч ажилласан бөгөөд эцсийн үр дүнгээ зөвхөн Засгийн газарт тайлагнах үүрэгтэй. Засгийн газар нь болж байна, бүтэж байна гэвэл дээд байгууллагадаа танилцуулах нь төрийн ёс жаяг. Угаасаа Засгийн газар эцсийн баримт бичгээ УИХ-д танилцуулахаар ажиллаж байсан. Тийм үүргийг ҮАБЗ бидэнд өгсөн байсан юм.
Өнгөрсөн хугацаанд хэлэлцээ 4 үе шаттай явсан. Эхний шатанд хэлэлцээ хийх аргачлал, хөндөгдөх асуудлын бүдүүвч, хүрэх зорилтоо тохироод, дараачийн шатанд буруу зөв ойлголцож байгаа бараг 350 орчим асуудлаар ойлголцолд хүрээд, гурав дахь шатанд хэлэлцэж ярьж байгаа зүйлээ бичлэгт оруулж нэгтгээд дундаа хэлэлцэх завсрын баримт бичигтэй болж, түүнийгээ эхнээс нь хэлэлцэж эхлүүлэхийн өмнө Чалкотой холбоотой асуудал сөхөгдөж талууд сар хэртэй завсарласан юм. Гурав дахь шатны хэлэлцээ зогсох үед Чалкогоос бусад асуудлаар бид ярилцаж, тохирч болох юм байна гэсэн ойлголтод хүрсэн байлаа. Дөрөв дэх шатны хэлэлцээ асуудлаа ойлголцсон байсан тул хурдтай хийж, тохиролцоонд хүрсэн гэрээний төслүүдтэй болсон. Энэ хувилбарыг дөрөвдүгээр сарын 8-нд ЗГХЭГ-д хүргүүлсэн байгаа.
-М.Зоригт гишүүн "Эцсийн гэсэн гэрээтэй танилцаж байтал М.Энхсайхан өөр гэрээ гаргаад ирлээ" гээд жиргээд байсан. Ямар учраас хоёр өөр гэрээ гараад ирэв ээ?
-М.Зоригт гишүүнд сошиалд байгаа техникийн баримт бичгээс өөр зүйл байх учиргүй. Хийх гэж байгаа гэрээг гарын үсэг зурж, бүрэн хүчинтэй болохоос нааш ил болгохгүй байх тохиролцоотой юм. Энэ нь Консорциумд орсон хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятад, Япон, Монголын компаниудын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой шаардлага юм. Тэрч байтугай гарын үсэг зурах цагийг сонгохдоо хөрөнгийн бирж дээр спекулятив үйл ажиллагаа явагдах бололцоог хязгаарлахтай холбоотой болгоомжлол бас байдаг юм билээ. Засгийн газар гэрээг болсон байна гэвэл УИХ-д танилцуулах нь гарцаагүй. Хаашаагаа яараад байгааг ойлгохгүй юм. Төрийн бичиг хэрэг танил тал, найз нөхөд, намын харьяаллаар тарж байгаа бол, тэгээд тэр нь дэлхийд нээлттэй болж байгаа бол Монголын маань нэр хүнд сэвтэж байгаа хэрэг шүү. Завсрын баримт бичиг чинь монгол хэл дээр нэгэнт ил болсон юм чинь англи хэл дээрх хувиа өгчих гэж хэлэх гадаадын хэвлэлийн байгууллага таарч байна. Юутай ч тун зохисгүй, алдаатай явдал болсон доо. Болсон явдал энэ хүрээнээс халихгүй байх нь монголын эрх ашиг шүү. Би энэ талаар мэдэгдэл хийсэн. megaproject.mn сайтаас олж үзсэн байлгүй дээ.
-Улстөрчдийн хэлж байгаагаар энэ гэрээ Монгол Улсад ямар ч ашиггүй байсан юм биш үү?
-Монгол Улс гэдгийг төр засаг, компаниуд, иргэний нийгэм, за тэгээд гурван сая иргэдээс бүрдэнэ гэж хялбаршуулж тайлбарлая.
Нэгдүгээрт, Төр засаг нь уг төслөөс хуулиар тогтоосон бүх төрлийн татвараа авахаар гэрээг хийсэн байгаа. Дээр нь Тавантолгой бол 100 хувь төрийн өмч тул төрийн өмчийг ашигласны төлбөр гэдгийг харилцан тохирсон. Дэлхийн практикт бараг байхгүй зүйлийг тохирсон. Төсөл хүчин чадлаараа ажиллахад, Монгол Улсын төсөвт жил бүр 340 тэрбум төгрөгийг татвар, хураамж, бусад хэлбэрээр авах юм. Одоо бол “Эрдэнэс ТТ” улсын төсөвт 40-50 тэрбум төгрөг төлж, ингэхдээ монголын банкуудад нэг трилион төгрөгний өр үүсгэсэн байгаа. Энэ нь бүхэлдээ Монголын банк, санхүүгийн байдлыг дордуулж, цаашдаа Монгол Улс том хямралд унах шалтгаан энд байгаа юм. Харьцуулаад ашигтай, ашиггүй гэж хэлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт нэртэй 280 сая ам.долларыг газарт булсан байгаа. Төмөр замаа бүтэн барихын тулд дахиад нэг тэрбум ам.доллар хэрэгтэй. Ийм хөрөнгийг босгох чадал шуудхан хэлэхэд Монголын Засгийн газарт байхгүй. 2017 оноос “Чингис” бондоо төлж чадахгүй хямарна гэж цоллуулж байгаа Монголд мөнгө өгөх “тэнэг” олдох уу. Тавантолгойн гэрээгээр хөрөнгө оруулагчид төмөр замын гэж зарлагадсан Монгол Улсын Засгийн газрын мөнгийг баримтын шалгалт хийж барагдуулья гэж байгаа. Түүхийн дурсгал болж салхинд хийсэх төмөр замын овоолго шороотой байх, аль эсвэл төмөр замтай болж, хийсэн мөнгөө авах сонголтын өмнө байгаа.
Гуравдугаарт, Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахад жил бүр ашиглалтын зардалд Тавантолгой төсөл 700-800 сая ам.доллар зарлага болгон гаргахаар байна. Манай 500-600 аж ахуйн нэгж, байгууллагууд туслан гүйцэтгэгчээр ажиллана гэж тооцож байгаа. Монголын эдийн засаг тэлнэ. Бизнес бүх талаар өрнөнө. Одоо бол Тавантолгойн нүүрсийг үнэндээ “нинжа” хэлбэрээр ухаж өртөг зардлаа хэмнэх гэж замгүй газраар даац хэтрүүлэн тээвэрлэж байгаль дэлхийгээ бузарлаж байгаа шүү дээ. Том төсөлд Монголын Засгийн газар, олон улсын банк санхүүгийн байгууллагууд техник, технологийн өндөр шаардлага тавина. Харьцуулаад төсөөлөөд үзээрэй.
Дөрөвдүгээрт, Тавантолгой төсөлд 6-12 мянган ажлын шинэ байр бий болно гэж тооцож байгаа. Тэнгэрээс авсан тоо биш. Ухаа худгийн бүтээн байгуулалтын жишгээр тооцсон тоо. Цаашдаа хотжих үйл явц бий болно. Өмнийн говийн үнэ цэн өснө.
Тавдугаарт, Тавантолгой төсөл нь нүүрсийг түүхийгээр нь гаргах биш боловсруулж баяжуулах эхний том алхам болох төдийгүй, улмаар цаашдаа нүүрс тойрсон нүүрс, химийн үйлдвэрлэл бий болох нөхцлийг бүрдүүлэх учиртай. Олон жил ярьж буй нүүрсний салбарынхны хувьд мөрөөдөл рүүгээ нэг том алхсан хэрэг болно.
Зургадугаарт, энэ төслийн хувь заяанаас бидний дараа дараачийн төслүүдийн хувь заяа хамаарч байгаа. Хөрөнгө оруулагчид бүгд харж байгаа.
Хэлэлцээний шууд асуудал биш боловч төсөл ажиллаж эхлэвэл 1072 гэсэн үхмэл хувьцааг амилуулах бололцоо нэээгдэнэ гэж харж байна. 1072 хувьцаа өөр хоорондоо арилжаалагдаггүй, ногдол ашиг тараах ёстой ЭТТ компани нь өрөнд орсон байгаа. Хүн бүр дээр хувьцааны бичлэг байгаа боловч зах зээлийн утгаар хувьцаа биш. Харин Тавантолгой төсөл урагш хөдөлвөл өгөөж нь хүн бүрт ирэх юм. Энэ талаар Ерөнхий сайд эхний бодлоо ч хуваалцаад амжсан шүү дээ. Иймээс би энэ ажлыг хариуцаж, Засгийн газарт тайлагнаж байгаагийн хувьд Тавантолгой төсөл хүрч болох үр дүнтэй тохиролцоондоо хүрсэн гэж хэлмээр байна. Хэн дуртай нь амны зоргоор ашигтай, ашиггүй гэж дуугарах хэрэггүй л гэж хэлмээр байна. Гэрээг зөв буруу болжээ гэж хэлэхийн тулд шинжлэх ухаанч шалгуур хэрэгтэй. Ном уншдаггүй, ертөнцийг таньж мэдээгүй, түйтэр фэйсбүүк, аман зохиолын хэмжээний хүмүүс яарч дуугарсны хэрэггүй. УИХ дээр гэрээг авч хэлэлцэхэд 76 шалгуураар хандвал энэ төсөл унана. Манайд туршлага байхгүй. Хоёр шалгуураар хандмаар санагдаад байгаа юм.
-Тэр нь ямар хоёр шалгуур билээ?
-Нэгт, хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн эсэх. Хоёр, уралдаант шалгаруулалтын болзлыг Консорциум биелүүлсэн эсэх. Цааш нь хэлвэл битгий заагаад бай гэж хэлэх дарга нар олшрох байх. Зогсьё.
-Ажлын хэсэг хуулийн зөвлөхгүй байсан гээд УИХ-ын даргын зөвлөх жиргээд байх юм. Та ямар хариу өгөх вэ?
-Нэгдүгээрт, Би анхнаасаа өндөр үнэтэй хуулийн зөвлөх, тэр тусмаа гадаадын зөвлөх авахгүй гэсэн хатуу байр суурьтай байсан юм. Монголын эрх ашгийг зөвхөн монгол хүн л хамгаална. Тэгээд ч манай төрд бэлтгэгдсэн сайн хуульч байгаа. Тэднийхээ хүчинд дулдуйдна гэсэн хэрэг. Ажлын хэсэгт туршлагатай сайн хуульчид ажилласан. Өөрсдийгөө голох хэрэг ерөөсөө байхгүй. Гадны зөвлөхийн зардалд гаргадаг шиг мөнгөө өөрийнхөндөө өгдөг болох хэрэгтэй. Хариуцлага, түүнд нь таарсан цалин хөлсийг цаашдаа бий болгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, аливаа төсөл мөнгө босгохын тулд баримт бичгээ бариад банкуудад очихын тулд нэр хүндтэй хуулийн компани хөлслөх явдал бий. Тавантолгой төслийн хувьд мөнгө босгох үүрэг нь Засгийн газарт бус, Консорциумд байгаа тулд хуулийн нэр хүндтэй компанийн “брэнд нэр” худалдаж авах шаардлага Ажлын хэсэгт байгаагүй. Тэгээд ч хуулийн зөвлөхийн төлбөр нь ажилласан хүний цагаар хэмжигддэг. Бидний хувьд цаг хожих хэрэгцээ нь сонирхлын зөрчил үүсгэх аюултай гэж үзсэн юм.
Гуравдугаарт, Монголын хууль тогтоомжийг зөрчихийг хөрөнгө оруулагчид өөрсдөө сонирхохгүй.
-Яагаад тэр билээ. Харин ч ашигтай юм биш үү?
-Яагаад вэ гэвэл энэ нь эрсдэлтэй бөгөөд банкууд тэдэнд мөнгө өгөхгүй байдлыг бий болгодог. Энэ утгаараа Монголын хууль тогтоомжийг зөрчиж болохгүй гэдэг дээр бүх талууд ижилхэн сонирхолтой.
Дөрөвдүгээрт, Засгийн газрын тавьсан болзлоор дотоодын хөрөнгө оруулагчаар Монголын компани байгаа нь тэдний хүч бололцоог Ажлын хэсэгт дайчлах бололцоог бий болгож өгч байгаа юм. Консорциум гадаадын хоёр хуулийн компани ажиллуулсан. Төсөл дээр манайдаа хамгийн туршлагатайд тооцогдох монголын хоёр компани ажилласан.
-УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх мөн “Монгол Улс уг гэрээгээр сувернитет эрхээсээ татгалзлаа” гэж шуугиулсан. Энэ асуудал бас сонин байна. Юу болоод байгаа юм?
-Түүнийг хүмүүс хуульч л гэдэг, загвар өмсөгч л гэдэг. Аль нь илүүтэйг хүмүүс өөрсдөө шүүг. Нэг улсыг нөгөө улсын шүүх дуудаж шүүж болохгүй. Энэ бол суурь зарчим нь. Гэвч өөр хоорондоо гэрээ эрхийн харилцаанд орохдоо маргаантай асуудлаа арбитрт шийдүүлэхээр тохирдог. Арбитрт дуудагдах нөхцөлд намайг хэн ч шүүх эрхгүй гээд улс орон болгон гөждөг болчихвол олон улсын харилцаа үндсээрээ балрана биз дээ. Эрх зүйн хувьд улс орон тусгаар боловч тухайлсан асуудлаар арбитрт дуудагдвал тусгаар улс гэж гөжихгүй гэдгийг олон улсын эрх зүйн нэр томьёогоор хийснийг буруу ойлгож, буруу тайлбарлаж байна.
“Ханресурс”-ийн хэргээр Монголын Засгийн газар 100 сая ам.доллараар торгуулахаар болсон. Арбитрт дуудагдаж манай Засгийн газрын төлөөлөл заргалдаад чадаагүй. Арбитрийг Монголын тусгаар тогтнолд халдлаа гэх үү. Тухайлсан асуудлаар арбитрт дуудагдвал очно оо гэсэн үүрэг хүлээсэн болоод л тэр шүү дээ. Олон улсын гэрээ, конвенцүүдэд Монгол Улс нэгдэж ороод байдаг нь мөн л олон улсын эрх зүйн харилцаанд Монгол улс орлоо, ямар нэг юм буруу болоод олон улсын арбитр, шүүхэд дуудагдвал очно гэсэн үүрэг аваад байгаа хэрэг юм. Үүнийг тусгаар тогтнолоосоо татгалзсан хэрэг гэж уншвал өөрийгөө хуульч гэж нэрийдээд хэрэггүй.
Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хувьд нэг талаас Засгийн газар, энэ нь төр гэсэн үг. Нөгөө талаас Консорциумыг төлөөлж компани гарын үсэг зурах юм. Төрийг компанитай эрх зүйн хувьд ижилтгэж болохгүй. Тохирч байгаа асуудлаар ижилхэн эрхтэй, маргаантай асуудал гараад түүнийгээ шийдэж чадахгүй арбитрт хандах хэрэг гарвал “Төр та битгий томроорой” гэсэн утгатай эрх зүйн зохицуулалт юм. Ихэд хялбаршуулж тайлбарласныг минь ойлгоорой. Ер нь интернэтээс “sovereign immunity” гэж хайгаад үзэхийг зөвлөж байна.
-Засгийн газар Тавантолгойн гэрээг ажлын 14 хоногт хэлэлцэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Харин УИХ-аар орсон тохиолдолд унах магадлал хэр байна?
-Тавь тавин хувь.
-Тавантолгойг парламентаар заавал хэлэлцэх шаардлагагүй гэдгийг Ерөнхийлөгч хүртэл улстөрчдөд сануулсан. УИХ бид үзнэ, хянана, засна гээд байгаагийн учир шалтгаан ер нь юу юм бэ. Зарим нэг хүмүүс бол М.Энхсайхан намайг шүүх эрхгүй гэдгээ ил тодоор зарласан?
-Би улстөрчийнхөө хувьд амаа үдүүлэхгүй. Би сайдын хувьд хийсэн ажлаа Засгийн газрын өмнө хамгаална. Засгийн газар даалгавал УИХ-ын өмнө хамгаална.
-Их хурал өөр дээрээ ийм эрсдэл үүрэх шаардлагагүй гэдгээ та олон удаа давтаж байгаа. Чухам ямар эрсдлийг ингэж хэлээд байгаа юм бэ?
-Монгол зөв, сайн засаглалтай байсансан бол бидний хийгээд байгаа ажил компаниуд хоорондын түвшинд ч шийдэж болох асуудал юм. Харамсалтай бид тэгтлээ улс төржиж нэр хүндээ алдснаас Засгийн газрын оролцоо чухал болсон. Гэтэл түүнийг нь бүр дээш нь татаад УИХ авчихна гэдэг бол эмгэг юм. Гэхдээ яая гэх вэ. Тийм л хууль номтойгоос хойш.
УИХ гэрээ байгуулж болохгүй гэсэн шийд гаргавал тэр эцсийнх байх болно. УИХ гэрээг хий гэвэл тэр нь эцсийнх биш. Хөрөнгө оруулагч үүссэн нөхцөл байдалд ямар хариу өгөхийг би хэлж мэдэхгүй байна. Ийм л эрсдэлтэй байдаг тул төрийн дээд байгууллагыг асуудалд хутгаж болохгүй гэсэн байр суурийг хэлсээр ирсэн.
-УИХ–ын гишүүдэд та энэ талаар ойлгуулах гэж үзсэн үү. Тавантолгойн төслийн мэдээлэл дутагдсанаас тэд заавал парламентаар хэлэлцэх хэрэгтэй гэсэн хатуу шаардлага тавьсан байж болох шүү дээ?
-Зөндөө л ярьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай Ажлын хэсэгт ихээхэн тус болж байсан гэдгийг хэлмээр байна. Мэдээлэл дутуу байсан гээд намайг баахан буруутгах байх. Надад дуу дуулах, биелгээ хийх, цас цэвэрлэх, ямаа самнах, тэвэг өшиглөх цаг зав өнгөрсөн хугацаанд байгаагүй гэдгээ хэлье.
-Ер нь зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг нүүрсээ хав дарчихаад хөгжих боломж өөр юу байна. Хэдэн малтайгаа байхад турж үхэхгүй гэсэн ойлголт монголчуудад бий?
-Турж үхэхгүй байх. Би ч бас тэгж боддог. Гэхдээ хоцрогдолд дархлагдана шүү дээ. Мах зулгаасан биднийг үзмэр мэт жуулчид ирж үздэг байх нь хэний эрх ашиг юм гэж асуумаар байна. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө Монголд хамгийн их байгаа нүүрсийг эргэлтэд оруулах нь арай зөв бодол байх.
-Засгийн газар энэ удаад УИХ-д буулт хийлээ. Ямар ч төвшинд асуудал яригдлаа гэхэд заавал Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой болов уу. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдад таагүй сэтгэгдэл үлдээх вий гэсэн эмзэглэл байна.
-Ерөнхийлөгч маань Тавантолгойг “амны зугаа, муухай хэрүүл битгий болгочихоосой” гэсэн. УИХ болон Засгийн газрын гишүүд бид анхааралдаа авах ёстой гэж бодож байна.
-Тавантолгойн төсөл УИХ дээр гацчихлаа гэж хамгийн муугаар төсөөлье. Тэгвэл энэ онд эдийн засаг ямар байх бол. Бид хямралаас гарах өөр боломж юу байна?
-Надад тийм боломж харагдахгүй байна. Мууг зөгнөхгүй. Сайныг бодож УИХ шийдвэрээ гаргаасай.
Ж.НЯМСҮРЭН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ