Тавантолгойг олон толгой шүүнэ

Энэ долоо хоногт УИХ Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэнэ. Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих юм. Парламент уг гэрээний төслийг Ерөнхий сайдын санал, хүсэлтийн дагуу 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой, уг нь.
Тавантолгойн гэрээний төсөл дээр улстөрчид аль хэдийнэ талцаж, хагаралдаад эхэлсэн. Улстөрчдийн дотоод зөрчил эдийн засгаа сэргээх үү, энэ хэвээр үргэлжлүүлэх үү гээд олон асуудлын зангилаа болж байна. Ханш нээхтэй зэрэгцэн Ерөнхий сайдын хийсэн мэдэгдэлд хөөрсөн сэтгэл өнөөдөр хэдийнэ дарагдаж, өнөөдөр олон нийт “амны билгээс ашдын билэг” гэж ирээдүйд итгэл алдчихалгүй залбирч сууна. Арга ч үгүй юм, өнөө маргаашгүй үзэглэгдэн, эхний ээлжинд шууд хөрөнгө оруулалтаар валют нааш урсахаар байсан Тавантолгойн гэрээний төсөл эдүгээ улстөрчдийн “хэрүүлийн алим” болоод байна.
Тиймээс ч Засгийн газар дээр гэрээний төслийг хэлэлцэн өнөөдөртөө амжихгүй юм гэхэд маргааш УИХ-аар өргөн барьж хэлэлцүүлнэ. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд саналаа өгөх ажлын хэсгийг парламент дахь улс төрийн намын бүлэг, эвслүүд гаргасан байна лээ.
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр иргэдийн 1072 хувьцаа шийдэгдээгүй, нэг улсын хөрөнгө оруулалт ДНБ-ий ¾ хувиас дээш гарахгүй байх хуулийн заалт зөрчигдсөн зэрэг хаврын чуулган дээр УИХ-ын даргын хийсэн мэдэгдэл, тухайн өдрийн өглөөний 10.00 цагт гэрээний төслийг ГХЯ-наас авч парламентын албан ёсны цахим хуудсан дээр тавьсан гэх нэмэлт тайлбарыг өнөө ч ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан үгүйсгэж байгаа. Тэрбээр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн эцсийн хувилбарыг гарын үсэг зурах эцсийн мөч хүртэл хэнд ч дэлгээгүй, өмнөх хувилбарууд нь л тараагдсан хэмээж, цаашлаад улс төрийн энэ хэрүүл “гадаадын захиалга” гэж үзэж байгаагаа ч нуусангүй.
Дээрх төсөл манайд ашиггүй гэх улстөрчдийн яриаг тэрбээр эрс эсэргүүцэж тайлбар хийсээр байгаа. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэснээр эхний ээлжинд 200 сая ам.долларын урьдчилгаа орж ирэх юм билээ. Энэ нь урт хугацаанд жилийн 4.5 хувийн хүүтэй аж. Зээлийн хүү нь Чингис бондын хүүнээс бага гэнэ. Төсөл хүчин чадлаараа ажиллахад, Монгол Улсын төсөвт жил бүр 340 тэрбум төгрөгийг татвар, хураамж, бусад хэлбэрээр авна.
Манай 500-600 аж ахуйн нэгж, байгууллагууд туслан гүйцэтгэгчээр ажиллана гэж тооцож байгаа. Монголын эдийн засаг тэлнэ. Тавантолгой төсөлд 6-12 мянган ажлын шинэ байр бий болно гэж тооцжээ. Түүнчлэн төсөл ажиллаж эхэлвэл 1072 гэсэн үхмэл хувьцааг амилуулах бололцоо нээгдэнэ гэж үзэж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ төсөлд “ Асуудлаа шийдэх шийдэх түвшинд нь яриад явчихвал хэрэгтэй. Тавантолгойн хэлэлцээр улстөрчдийн “хоолоо хийдэг хэрүүл” битгий болчихоосой” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тавантолгойн гэрээ парламентаар дамжихдаа зүс хувиргавал хөрөнгө оруулагч талтай гарын үсэг зурах бус дахин хэлэлцээрт суух болно. Гэхдээ хөрөнгө оруулагчид уг хэлэлцээрээр дахин ширээний ард суугаа ч уу, үгүй ч үү, хэн ч тааж эс мэднэ. Хэлэлцээрт дахин өөрчлөлт орууллаа гэхэд өнөөдөр тавигдсан төслөөсөө нөхцөл нь муудах вий гэж эмзэглэж байгаагаа төрийн тэргүүн нуугаагүй.
Тиймээс ч бидэнд Тавантолгойг тойрсон талын нэг маргаан тун удахгүй эцэслэгдэн, ойлголцолд хүрнэ гэж найдаж суух л үлдлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ