Маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын зуны цагийн хуваарьт шилжинэ.
НИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07.00-22.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байсан.
Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохиог шинээр суурилуулсан байдаг.
Нийслэлийн иргэдээс дугаарын хязгаарлалтыг цаг, бүсчлэлд өөрчлөлт оруулах талаар санал ирүүлсэн зэргийг үндэслэн 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах талаар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах зарим арга хэмжээний журамд өөрчлөлт оруулах” санал боловсруулан оруулсан. Үүнийг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байдаг.
Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08.00-20.00 цаг болгон өөрчилж, бүсчлэлийг зуны улирал буюу дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлэх, өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15 хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан юм.
Б.Дэжид
Уншиж байна |