Санал асуулга явуулахад цаг хугацаа ч, хөрөнгө зардал ч гарна

img

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн тогтолцооны асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санал гарсантай холбогуудан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж ярилцлаа.

 

 

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл өргөн барих болсон гэсэн ?

-Ард нийтийн санал асуулгын тухай хуульд УИХ-ын нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хамтарч санал асуулга явуулахыг санаачлах эрхтэй гэсэн заалт бий. Гэхдээ энэ хуулийн зарим заалтууд нь хэрэгжих боломжгүй, хүчингүй болчихсон байгаа.

 

-Яагаад боломжгүй гэж, хууль нь хүчин төгөлдөр байгаа шүү дээ?

-1995 онд батлагдсан энэ хууль хүчин төгөлдөр байгаа хэдий ч түүний зарим заалт нь хэрэгжих боломжгүй болсон. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн тухай 1992, 2005 оны хуулийн зарим зүйл заалтыг баримтлахаар заасан заалтууд нь хуультайгаа хамт хүчингүй болчихсон. Нэр томъёоны хувьд ч хуучин хэллэгээрээ, иргэнийг паспортоор нь бүртгэх, сонгогчдын нэрийн жагсаалтыг тойргийн хороо нэгтгэх тухай заалтууд бий. Эдгээр заалтууд нь бүгд хүчингүй болсон.

 

-Ийм тохиолдолд яах ёстой вэ?

-Эхлээд хуулиа өөрчлөх хэрэгтэй. Ер нь шинэчилсэн найруулга хиймээр хууль. Хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд саналаа боловсруулж УИХ-д хүргүүлсэн. Хуульдаа өөрчлөлт оруулсны дараа санал асуулга явуулах эсэхээ ярих нь зүйтэй байх.

 

-Хорооны саналд ямар асуудлууд тусгагдсан бэ?

-Дээр хэлсэнчлэн хүчингүй болсон заалтуудыг шинэчилсэн саналууд байгаа. Мөн санал асуулгын зарчим, шийдвэрлэх асуудал, товлон зарлах, зохион байгуулалт, зардал, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах, тоолох, дүн мэдээ гаргах гээд нэлээд дэлгэрэнгүй 200 гаруй томъёолсон санал боловсруулсан. Өөр нэг томоохон бүлэг санал нь гадаадад байгаа иргэдийг санал асуулгад оролцуулах асуудал байгаа. Манай хорооны зүгээс гадаадад байгаа иргэдийг санал асуулгад оролцуулахаар саналаа бэлтгэсэн, хэрхэн шийдвэрлэх нь Улсын Их хурлын бүрэн эрхийн асуудал.

 

-Санал асуулгыг автомат машинаар тоолохгүй гэсэн байна лээ?

-Уг нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн нэг зорилт нь ард нийтийн санал асуулгыг зохион байгуулан дүнг гаргах ажиллагаанд автомат тоолох хэрэгсэл ашиглах гэж тодорхойлсон байгаа билээ. Гэхдээ санал асуулгыг Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу явуулах эсэхийг мөн л УИХ л шийднэ шүү дээ.

 

-2012 оноос хойшхи олон удаагийн нөхөн сонгуульд автомат машинаа ашиглаж чадаагүй гэсэн байна лээ?

-УИХ-ын шийдвэргүйгээр автомат машиныг нөхөн сонгуульд хэрэглэх боломжгүй. Хуульд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх талаар УИХ шийдвэр гаргана гэсэн заалт бий. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн агуулга нь ээлжит сонгуулиуд болон ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үзэл санаагаар боловсруулагдсан. Тэгээд ч өнгөрсөн 2014 онд 44 удаагийн нөхөн, дахин сонгууль болсон. Энэ бүгдэд УИХ шийдвэр гаргаад зардал баталж өгөөд байх боломж нь байхгүй л байсан даа.

 

-Зардал гэснээс санал асуулга явуулахад цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудал гарахгүй гэсэн байна лээ?

-Цаг хугацаа ч орно, хөрөнгө зардал ч гарах нь тодорхой. Хуульд хугацааны талаар тодорхой заалтууд бий. Тухайлбал, санал асуулга авах өдөр нь шийдвэр гарснаас хойш 30-аас доошгүй хоног байхаар хуульд заасан. Энэ хугацаанд зохион байгуулалт, бэлтгэл ажлаа хангана гэсэн үг. Хөрөнгө зардлын хувьд санал асуулгын хуудас хэвлүүлэх, хэсгийн хороодод хүргэхээс эхлээд бичиг хэрэг, сурталчилгаа, шуудан холбоо, тээвэр шатахууны гээд зардлууд гарна. Эдгээр бүх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж хуульд заасан байдаг.

 

-Санал асуулгын хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Би өнөөгийн бодит байдлыг л хэллээ. Эхлээд Ард нийтийн санал асуулгын хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсруулах явцад санал асуулга явуулах тухай асуудал бас л яригдаж байсан. Гэвч ард иргэдээсээ асуулгүйгээр хуулиа баталж хосолсон тогтолцоо руу шилжсэн. Уг нь тэр үед хосолсон тогтолцоо руу шилжих үү, үгүй юу гээд асуулга явуулсан бол оновчтой байсан болов уу. Олон улсад тухайлбал, ХБНГУ, Франц, БНСУ, ОХУ, Япон  хосолсон тогтолцоогоор сонгуулиа явуулж байна. Манай улс сонгуулийн энэ тогтолцоо руу шилжээд ердөө гурван жил гаруй л болж байна. Сонгуулийн тогтолцоогоо ойр ойрхон өөрчлөөд байх нь тийм ч сайн зүйл биш дээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хэзээ та нар хөрөнгө боддог болов оо.
2015-04-15