Уяачдын зөвлөгөөн боллоо
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд “Арвагар хээр” холбооноос сумын алдарт уяачдын зөвлөгөөнийг зохион байгуулсан аж. Тус аймагт одоогоор 698 сумын алдарт уяач байдгаас анхдугаар зөвлөгөөнд 470 нь оролцжээ. Хархорин, Уянга, Хайрхандулаан, Өлзийт, Хужирт, Богд, Сант, Есөнзүйл зэрэг 19 сумын алдарт уяач нар хүрэлцэн ирлээ. Энэхүү зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, “Арвагар хээр” холбооны тэргүүлэгч Сүхбаатарын Дэмчиг санаачлан, зохион байгуулагчаар “Арвагар хээр” холбоо ажилласан байна.
Сумын алдарт уяачдын зөвлөгөөний эхний өдөр Монгол түмний “Морины их шүтээн” цогцолборт мөргөж, дурсгалын зураг татуулж, хурдан морины дуудлага худалдаа болсон аж. Харин хоёр дахь өдөр буюу ням гаригт зөвлөгөөн аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжилсэн байна. Тус хуралд УИХ-ын гишүүн, Монгол улсын тод манлай уяач Г.Батхүү, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, “Арвагар хээр” холбооны ерөнхийлөгч Л.Бат-Орших, тэргүүлэгч С.Дэмчиг нар үг хэлж, уяачдынхаа саналыг сонссон байна.
Зөвлөгөөний үеэр Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол адуу эрлийз адууг хольж уралдуулах нь зөв үү, Үндэсний их соёлоо хайрлан хамгаалах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа зэрэг сэдвээр санал солилцсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ