Биокомбинатыг шинэчилнэ

Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адер манай улсад айлчилж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээний дараа гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчдэд зориулан хамтарсан мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер миний урилгыг хүлээн авч, гэргий Анита Херцегийн хамт манай оронд 2015 оны 4 дүгээр сарын энэ өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Унгар Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь 21 жилийн дараа хэрэгжиж буй Унгарын төрийн тэргүүний айлчлал бөгөөд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Би өнгөрсөн 2014 оны 10 дугаар сард Унгар Улсад айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр ярилцаж тохирсон зүйлүүд, Эрхэмсэг Ерөнхийлөгчтэй тохиролцсон зүйлүүд үргэлжлэн амжилтай хэрэгжиж байгаад туйлын баяртай байна. Унгар Улстай бидэнд хамтын ажиллагааны уламжлалт салбарууд байдаг. Хөдөө аж ахуйн чиглэлд Унгартай хамтарч байгуулж байсан Биокомбинат байдгийг та бүхэн мэднэ. Энэ Биокомбинатыг цогцоор нь шинэчлэх ажлыг Унгар Улс, Монгол Улс хамтарч хийхээр болж байна. Энэ бол сайхан мэдээ. Ингэж чадах юм бол Унгар Улстай Монгол Улс чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр Азийн болон Европын зах зээлд хамтарч гарах боломж бүрдэх юм.
Байгаль орчин, ялангуяа усны болон мод тариалах салбарт хамтарч ажиллах өргөн боломж байна. Мөн боловсролын салбарт хамтарч ажиллах сайхан бололцоо гарч ирж байна. Өмнө нь бид энэ салбарт хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр сургах оюутны тоог олон дахин нэмэгдүүлэх боломж нээгдлээ. Өмнө нь жилд 15 оюутан сургаж байсныг одоо 100 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь маш сайхан мэдээ юм. Унгарт өндөр технологийн салбарт гарч байгаа олон амжилт байдаг. Үүнийг хамтарч хэрэгжүүлэх талаар мөн сая Ерөнхийлөгчтэй ярилцлаа.
Ингээд Эрхэмсэг Ерөнхийлөгч Янош Адер болон гэргий Анита Херцег, албаны бусад хүмүүсийг манай улсад амжилттай сайхан айлчлахын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье гэв.
Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер:
-Бидэнд хандаж сайн сайхныг ерөөж, амжилт хүссэнд талархал илэрхийлье. Энэ айлчлал маш чухал айлчлал юм. Яагаад гэвэл бид энд ирээд Монгол Улстай ямар салбарт хамтран ажиллах, Монголын талаар юу мэдэх шаардлагатай болохыг газар дээр нь мэдэж авлаа. Монголд болсон 1990 оны улс төр, нийгмийн системийн өөрчлөлтийн дараа Монгол Улсад ямар өөрчлөлт гарсныг манайд цөөхөн хүн мэдэж байгаа.
Монголд иргэдийн аж амьдралын түвшин дээшилж, эдийн засаг хурдацтай нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд бидний ойлгож байгаагаар Монголын ДНБ-ний өсөлт 8-17 хувьтай байна. Нөгөө талаар алт, зэс, нүүрс гэх мэт ашигт малтмалын их нөөцтэй улс. Энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүсийн анхаарлыг их татаж байна. Монгол Улс ашигт малтмалаар баян орон боловч усны талаар дутагдалтай хэвээр байна. Усаар аж үйлдвэрийн салбарын хэрэгцээг хангахаас гадна хүн амын хэрэгцээг хангах шаардлага мөн тулгарч байна. Экспортын 80 орчим хувийг гаргаж байгаа уул уурхайн салбарыг бас усаар хангах асуудал гарч байна. Хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхэд ч ус хэрэгтэй.
Унгарын усны мэргэжилтнүүд 1950-иад оноос эхлэн Монголд ирж ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч бидэнд дурдахдаа монголчууд Унгарын усны мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байдаг гэж хэлсэн. Монгол Улсын хувьд усанд хэмжээний хувьд ч, чанарын хувьд ч өндөр шаардлага тавьж байна. Урьд өмнөх туршлагадаа үндэслэн усны аж ахуйн салбарт цаашид ямар хэлбэрээр, яаж хамтран ажиллах талаар сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцлаа. Усны аж ахуйн салбарт бүхий л чиглэлээр хамтран ажиллах бүрэн бололцоотой.Усны даацыг хамгаалах, хэрэгцээ хангасан чанартай ундны ус гаргах, газар доогуурх усны сувгийн системийг шинэчлэх зэргээр хамтран ажиллах бололцоотой.
Хамтран ажиллах өөр нэг салбар бол хөдөө аж ахуйн салбар юм. Унгарын туслалцаатайгаар урьд нь баригдсан Сонгинын Био үйлдвэрийн иж бүрэн шинэчлэлтийн ажлыг ойрын жилүүдэд хийх бүрэн боломжтой. Үүнд зориулж Унгарын тал хөнгөлөлттэй зээл, санхүүгийн эх үүсвэрийг бий болгож байна. Био үйлдвэрийг шинэчилснээр мал аж ахуйд дутагдаж байгаа бэлдмэл, вакцинуудыг үйлдвэрлэх бүрэн бололцоотой болно.
Энэ нь Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад тус болох юм. Мал аж ахуйн селекцийн чиглэлээр ч хамтран ажиллах нь зүйтэй. Хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, Европын холбооны стандартыг нутагшуулах, олон улсын хэмжээний стандартыг бий болгох бүрэн бололцоотой. Бид бас нар, салхины эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний салбарыг орчин үеийн болгох талаар хамтран ажиллах боломжтой.
Бид бас хоёр зүйлийн талаар ярилцлаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн өнөөдрийн уулзалтаар Монголоос Унгарт сургах оюутны тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Жилд Засгийн газрын тэтгэлгээр 15 оюутан хүлээж авдаг байсан, одоогоос эхлэн жилд 100 оюутан хүлээж авч суралцуулахаар боллоо. Унгарын аль их сургуульд, ямар мэргэжлээр сургахыг Монголын тал өөрсдөө шийднэ. Өмнө нь ч бид энэ тал дээр хамтран ажиллаж ирсэн. Одоог хүртэл барагцаалбал 400-500 монгол оюутан манай их, дээд сургуулийг төгссөн.
Хоёрдугаарт, Энэ оны 5 дугаар сард Унгар Улс Монголд ЭСЯ-аа дахин нээхээр болж байна. Энэ нь цаг үеэ олсон шийдвэр болсон. 2006 онд Унгар улс Элчин сайдын яамаа хаасан нь буруу алхам байсан гэж бодож байна. Шинэ Элчин сайд ирээд өнөөдөр ярилцсан хөдөө аж ахуй, ус, боловсролын салбарын асуудлуудыг амьдралд хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллах болно гэлээ. Хоёр улсын Төрийн тэргүүн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хэрхэн өргөжих бол. Тэр дундаа гадаад худалдааны тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэх талаар хийх ямар ажлууд байх вэ?
Унгарын Ерөнхийлөгч Янош Адер: -Өнөөдөр хэлэлцсэн асуудлууд гадаад худалдааны гүйлгээг хөндөөгүй. Үйлчилгээний салбарт хамтран хэрэгжүүлэх квотуудын талаар бид үндсэндээ ярилцсан. Эдгээрийг хэрэгжүүлсний үр дүнд гадаад худалдааны гүйлгээ нэмэгдэх боломжтой. Хөдөө аж ахуйн салбарын хувьд Унгарын мэргэжилтнүүд Монголд ирж, газар дээр нь судлах хэрэгтэй. Монголд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын стандартад хүргэх, малын тэжээлээс эхлээд малын үржлийн системийг бий болгох, малын эмийг яаж хэрэглэх, ашиглах, мал нядалгааны үйлдвэрийг Европын стандартын шаардлагад хүргэх ямар зам байна гэх зэрэг асуудлыг судална.
Монголын бас нэг чухал том баялаг нь газрын дор байгаа биш, Монголын мал бол био мал юм. Био мах, био бүтээгдэхүүнийг эндээс үйлдвэрлэх бүрэн боломжтой. Энэ бол Монголын нэг давуу тал юм. Дэлхийн зах зээлд био бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ их байдаг. Үүнийг олон улсын зах зээлд гарахад маш өндөр шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг Монголын тал бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгааг харгалзаж үзэх хэрэгтэй. Тиймээс Монголд байгаа энэ сайхан био бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гарахад шаардлагатай стандартыг биелүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал Унгарын зах зээлд Монголын хүнсний бүтээгдэхүүнийг гаргах боломж бүрдэнэ. Шаардлага хангасны дараа бид энэ салбарт худалдаа эхлүүлж болно. Унгар Улс Монголын бүтээгдэхүүний ложистикийн төв байж болно.
-Биокомбинатын төсөл хэрэгжих болсонд баяртай байна. Үүнээс гадна ямар төсөл хэрэгжүүлэх вэ. Монгол Улстай ямар шинэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа вэ?
Унгарын Ерөнхийлөгч Янош Адер: -Усны аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж их байна. Нэг тодорхой жишээ хэлье. Монголд ус цэвэршүүлэх шаардлага бий. Усанд маш олон байгалийн элемент байдаг. Манайд эдгээр элементийг уснаас ялгаж, хүний хэрэгцээний чанартай ундны ус гаргаж авах технологи бий. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй бид Унгарт ашиглаж байгаа энэ талын шинэ технологийн талаар дэлгэрэнгүй ярилцсан. Ахуйн болон аж үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх систем манайд бий. Цэвэршүүлээд гарсан усыг хөдөө аж ахуйн болон бусад салбарт ашиглах боломжтой. Бохир уснаас эрчим хүч гаргаж авах технологийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан. Нар, салхины энергийг ашиглаж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх талаар ч бид ярилцсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -“Манай зочны хувьд, Унгар Улсын хувьд нэг сайхан мэдээ байгаа. Ихэнх улс орнууд, гаднын зочид Монголын ашигт малтмалын баялагт нэлээд сонирхож, хамтын ажиллагаа ярьдаг. Унгар Улсад бидэнтэй хамтарч ажиллах өөр салбар байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах саналтай байгаад баяртай байна. Биокомбинат дээр бүрэн төсөл хэрэгжүүлээд малаа эрүүлжүүлж чадвал мал аж ахуйн бүтээгдэхүүнээрээ өргөн зах зээлд гарах боломж байгааг харж байгаа юм. Үр тарианы салбарт хамтарч ажиллах боломжтой. Европын стандартад нийцсэн, үр тариаг хурдан ургуулдаг маш өндөр технологи Унгарт байдаг. Үүнийг Монголд авч хэрэгжүүлье, хамтарч ажиллая гэж бид ярьж байгаа.
Барилга, хот байгуулалтын чиглэлд барилгын ашигтай, хямд үнэтэй өндөр технологийн материалуудыг Унгарт хийсэн байдаг. Үүн дээр хамтарч ажиллаж болно. Хамгийн гол нь Унгарын хамтын ажиллагааны саналууд үнэ нь өрсөлдөх чадвартай, чанар маш сайтай, уламжлалт хамтарч ажиллах боломжтойгоороо их ялгаатай юм.
Сэргээгдэх эрчим хүчний салбарын талаар сая Эрхэм Ерөнхийлөгч ярьсан. Маш том боломж бий. Унгарын аж ахуйн нэгжүүд Монголд энэ чиглэлээр хамтарсан үйлдвэр, хамтарсан бизнес хийе. Монголын зах зээл дээрээс Европ, Азийн зах зээлд хамтарч гаръя гэсэн ажил хэрэгч саналууд гарлаа.
Өөр олон шинэ салбар байгаа. Кино үйлдвэрлэлийн салбар байна. Энэ талаар Унгар Улс маш их туршлагатай. Холливудын зах зээлд гарч байсан. Унгарт кино үйлдвэрлэлийн салбарын маш сайн хууль байдаг Манайхан аялал жуулчлал яаж татах вэ, түүхээ яаж сурталчлах вэ гэж их ярьдаг. Энэ талд хөрөнгө яаж татаж, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлдэг талаар Унгарын сайн жишээ бий.. Энэ чиглэлээр ч хамтарч ажиллах боломжтой.
Намайг өнгөрсөн аравдугаар сард Унгарт айлчлахад Эрхэмсэг Ерөнхийлөгч “Хэрэв би Азид айлчлал хийвэл заавал Монголд Улсад очино” гэж амлаж байсан. Одоо Сингапур, БНСУ, Монгол Улс гэсэн гурван улсад айлчлаад буцах гэж байгаа. Бидний урилгыг хүлээн авч хамтын ажиллагааны олон чухал асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, цаашид хамтрах олон боломжийг нээж ярилцсан танд их баярлалаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ