“Тавантолгой”-гоос сэдэрсэн шарх

Тавантолгойн талцлаар эхэлсэн хаврын улс төрийн синдром хэр удаан үргэлжлэхийг хэн ч таашгүй. Дээрээс өгсөн тогтоол шийдвэрийн дагуу гүйцэтгэх засаг он удаан жил гацаанд байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн гарын үсэг зурахад бэлэн болгож, хаврын чуулганыг угтсан. Гүйцэтгэх засаглалын хаврын чуулганы нээлтэд барьсан бэлэг “тэсрэх, тэрслэх бөмбөг”-тэй байж. Спикер, сайд хоёрын хооронд ширүүн мэтгэлцээн өрнүүлж, халз тулаанд төлөөллөөрөө дамжуулж дуудаад байна.
Дөрөвдүгээр сарын тэр нэг амралтын орой уул уурхайн баялгаа хөдөлгөж, хөрөнгө оруулалт татан, хүндэрсэн эдийн засгаа сэргээх сэтгэл сэргээсэн сайхан мэдээллийг Ерөнхий сайдаасаа сонсон, өглөөг урам зоригтойгоор угтаж байсан. Харин эдүгээ тэр шийдлийн Засгийн газрын тэргүүний мэдэгдэл цаасан дээр буулгаснаас цаашаа хэрэгжихгүй гацчихаад байна.
Тавантолгойн гэрээний төсөлд УИХ-ын дарга З.Энхболд болон Монгол Улсын сайд, ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан нарын хооронд УИХ-ын тогтоол зөрчсөн, зөрчөөгүй, гэрээний төсөл эцсийн хувилбар мөн биш гэх маргаан үргэлжлэн явсаар хувь улстөрч, яс үндсээрээ ч дуудалцахад хүрлээ.
Тавантолгойгоос үүдсэн улстөрчдийн тэмцэл яван явсаар нам, эвслийн рейтинг, ирэх сонгуулийн дүн ямар байх бол гэсэн урьдчилсан таамаглалыг ч олон нийтийн дунд өрнүүлэв. Монголчуудыг дотроос нь турхиралцуулж, талцуулан хүчийг сулруулах харийн бодлого байдаг гэдэг. Улстөрчдийн тэмцэл ч үүнийг бататгах мэт. Нэг тал нь аль нэг улсад давуу ашиг олголоо, нэг улсын хөрөнгө оруулалт ДНБ-ий 4/3-аас дээшгүй байх бодлого алдагдлаа гэж байгаа бол нөгөө талд парламент “гадаад”-ын захиалгаар гэрээг эсэргүүцээд байна гэсэн агаар нэгэн хувилбарыг дэвшүүлцгээж байна.
Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед стратегийн том ордоо эргэлтэд оруулж, гадаадын хөрөнгө оруулалт татан, валютын урсгалыг наашлуулахыг бүгдээрээ зорьж байгаа. Тавантолгойн гэрээ олон Засгийн нүүр үзсэн. Харин Шийдлийн Засгийн газрын үед шийдвэрлэгдэн, хэрэгжиж эхлэх нь гэдгийг ард нийтээрээ харж, хүлээж байгаа. Гэвч нэг талд стратегийн ач холбогдолтой том гэрээг парламентаар хэлэлцүүлэх нь зөв гэж үзэж байгаа ч нөгөө талд “эдийн засаг хүндрэлтэй үед цаг алдлаа. Нэгэнтээ тогтоолоо батлаад хэрэгжүүлэх үүргийг өгсөн байж парламентаар дахин хэлэлцүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хөсөрдүүлэх хэрэг байна уу. Үүнийг парламентаар хэлэлцүүлэхээр болсон нь гүйцэтгэх засагтайгаа автор булаацалдах гээд байна уу” гэсэн бухимдал хийгээд хардлагыг сонгогчдод төрүүлж байгаа юм.
Улстөрчид аль аль талдаа “гаднын захиалга”, “гадынханд тал зассан” гэдэг үгийг хэрэглэж байгаа. Тэдний энэ талцал бие биенээ л хэмлэж, рейтингээ унагаж байгаагаас бус гадныханд ашигтайгаар тусах нь юу л бол гэх нэгэн ч байна. Цаашлаад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Монгол Улсын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан хоёрын хоорондох эрт эдүгээгийн улс төрийн тэмцлийн шарх ч “Тавантолгой”-гоос үүдэн сэдрэх шиг боллоо. Энэ хоёр эрхмийн хувьд улс төрийн замнал нь нэг намын угшилтай. Цагтаа М.Энхсайхан ч АН-ын даргын албыг хашиж байсан. “Тавантолгойн гэрээний төслийн эцсийн хувилбар зөвхөн надад л байгаа. Засгийн газрын гишүүдэд ч тараагаагүй, УИХ-ын дарга буруу мэдээлэл өгсөн” гэх ажлын хэсгийн ахлагчийн тайлбарт “М.Энхсайхан шиг хүн миний зөв бурууг шүүхгүй” гэх АН-ын даргын гэдийлт.
Энэ бүхэн парламент, гүйцэтгэх засаглалын хоорондын гэхээс хувь улстөрчийн хүрээнд эргэлдээд байгаа. Улстөрчдийн энэ авир нийгэмд ардчиллынхан эрх барьж байх үедээ биесээ хэмлэж, хоорондоо автор булаацалдан тэмцэлддэг гэх өмнөх дүр зургийг тодруулж, сөргөөр тусч байгаа хэрэг. Учир нь МАН, МАХН-ын хоорондох маргаан олон нийтэд нэг намын доторх тэмцэл мэт л харагддаг. Үүнтэй агаар нэгэн АН, МҮАН-ынхан хоорондоо мэтгэлцлээ гэхэд ардчиллынхны хоорондох маргаан л гэж харагдах.
Харин энэ бүхний дунд өнгөрсөн хоёр жил шахам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн, эрх баригчдыг шүүмжилж байсан МАН-ынхан чимээгүйхэн оршсоор байна. Гэхдээ тэд нүүрэндээ тодорсон мишээлээ нууж чадсангүй. Учир нь өрсөлдөгч хүчнүүдийнх нь, улстөрчдийнх нь хоорондын маргаан МАН-д л ашигтай хувилбар болж, намын рейтинг өснө гэдгийг хэдийнэ тооцоолсон хэрэг. Учир нь “Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж үгүй”.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ