Орчлон сургуулийн шинэ салбар Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Эх орны үнэт баялаг бол монгол хүн. Харин монгол хүний баялаг нь мэдлэг, боловсрол, чадвар. Иймээс хүмүүс хүүхдэдээ чанартай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол олгохыг эрмэлздэг. Үүний тулд монголчууд өмнө нь гадны улсыг зорьж, сургалтын төлбөр, амьдрах зардал гээд өндөр өртгөөр олон улсын түвшний боловсрол эзэмшдэг байсан бол одоо эх орондоо, ээж аавынхаа дэргэд боломжийн үнээр хүүхдээ сургах боломж бүрдээд олон жил болж байна. Энэ боломжийг Дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх зорилготой “Орчлон” сургууль бий болгожээ. 2001 онд байгуулагдсан тус сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх эрхээ найман жилийн өмнө авсан. Ийм эрх авахын тулдсургалтын хөтөлбөр, орчин, боловсон хүчин, багш бэлтгэх бодлого зэрэг олон шалгуур давдаг.
Энэ бүх шалгуурыг давсан Орчлон сургууль Кембрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулан, англи, монгол хэлээр сургалтаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд нэгдүгээр ангиасаа л монгол, англи хэл үзэж, сургуулиа төгсөхдөө хос үнэмлэхтэй төгсөн гадны нэр хүндтэй, томоохон сургуулиудад элсэн суралцах боломжтой гэсэн үг. Дэлхийн хэмжээний боловсролыг Монголдоо хямд өртгөөр олгож байгаа учраас тус сургуулийг зорих эцэг эхийн цуваа тасардаггүй. Тийм ч учраас ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангидаа элсүүлэхээр төлөвлөсөн хүүхдүүдээс илүү олон хүүхэд бүртгүүлж, эцэг эхчүүдийн хүсэлтэнд тулгуурлан Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр салбар сургуулиа Сүхбаатар дүүрэгт байрлах хуучин байрандаа байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд, сурагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор шинэ салбартаа саяхан эцэг, эхчүүдэд зориулсан нээлттэй өдөрлөг хийж, анги танхим, сургалтын орчноо танилцууллаа. “Орчлон” салбар сургуулийн гүйцэтгэх захирал С.Баярмаа, бага боловсрол хариуцсан захирал МУГБ Б.Сурмаажав нарын танилцуулснаар хуучин байр 700 хүүхдийн хүчин чадалтай ч ирэх хичээлийн жилд зөвхөн I-V ангийн 150 сурагч элсүүлнэ. I ангийн гурав, II ангийн 1-2, III-V ангийн тус бүр нэг бүлэг нээх юм. Сургалтын орчноо шинэ байрнаасаа дутахгүйгээр олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, нэг ангид 24 хүүхэд авахаар төлөвлөсөн аж.
Хүүхдийн өсөлт, биеийн хөгжилд суудаг сандал, ширээ нь нөлөөлдөг учраас үүнд анхаарч, олон газраар явж, судлан, мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласны эцэст сургалтын хэрэглэгдэхүүн үйлдвэрлэдэг Австралийн “Sebel” компаниас тавилгаа авч байгаа юм байна. Мөн хүүхдийг ядраахгүйгээр сургах олон улсын жишиг, 15 жилийн туршлагадаа үндэслэн долоо хоногт судлах хичээлийн цагийг ч тооцож гаргажээ.
Эцэг, эхчүүд хувийн сургуульд төлбөртэй сургаж байгаа гээд хүүхдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарал хандуулахгүй орхигдуулах тал ажиглагддаг. Тэгвэл тус сургуулийнхан эцэг, эхийн оролцоонд анхаарч, тэдний сурган хүмүүжүүлэх боловсролд зориулж сургалт, нээлттэй өдөр хүртэл хийдэг гэсэн. Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа л усан сэлэлтээр хичээллэдэг. Усан сан нь дотроо лабораторитой, уснаас өдөрт дөрвөн удаа шинжилгээ авдаг учраас эрүүл ахуйн орчинд нь санаа зоволтгүй. Бусад сургуулиас ялгарах бас нэг онцлог нь хүүхдүүдэд амьдрах ухааны сургалт явуулдаг. Тухайлбал, амьдрах ухааны сургалтаар I-V ангийнхныг агаарт гаргахын зэрэгцээ олон улсын “Найрамдал” зусланд амраан, бие даах, олон нийтийн газар биеэ зөв авч явах, нийгэмшин төлөвшихөд сургадаг. Ахлах, дунд ангийнхныг хамтарч ажилладаг орон нутгийн сургуулийн дотуур байранд байрлуулж, мод тарих, ой мод цэвэрлэх, газар тариалангийн ажилтай танилцуулах мэтээр байгаль дэлхийтэйгээ ойр байх, хайрлах, хамгаалах үзэлд сургадаг байна.
Математикийн хичээлийг бүх шинжлэх ухааны хаан гэдэг. Тэгвэл тус сургууль I-V ангид математикийн хичээлийг Орчлон нэрийн хөтөлбөр, сурах бичгээр заадаг. Өөрөөр хэлбэл, багш нар нь Кембрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэйгээ харьцуулан жишиж, судлаад сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг гэсэн үг. Гэхдээ аль нэг хичээлийг бусдаас нь илүүд үздэггүй. Бүх хичээлд хүүхдийг жигд сайн сургахад анхаардаг. Түүнчлэн хүүхдийн авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэн, төлөвшүүлэхийг зорьж, тавдугаар ангиас нь ятга, морин хуур, төгөлдөр хуур, даралтат хөгжим, найрал дуу, бүжгийн сургалтад хамруулдаг. Үүнээс гадна уран зураг, усан сэлэлт, сагсан бөмбөг, гар бөмбөг, даам, шатар,керамик урлал, газрын теннисний дугуйлан, илтгэх урлаг, драммын клубүүдч хичээллэдэг. Хүүхдүүд зургадугаар ангиасаа хятад хэл судалдаг бол IX ангиасаа ирээдүйн мэргэжлийнхээ дагуу хичээлүүдээ сонгон судлах боломжтой.
V, VIII, X, XII ангидаа хүүхдүүд Кембрижийн олон улсын шалгалт өгдөг. Сурагчийн сурсан, багшийн заасныг хөндлөнгөөс шалгаж буй нь энэ. Орчлон сургуулийнтөгсөгчиддэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд шууд элсэх боломжтой болдог нь бас нэг давуу тал нь. Төгсөгчдийн амжилтыг элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, гадаадын их дээд сургуульд элсэж байгаа хүүхдийн тооноос харах боломжтой. Төгсөгчдийн 80 орчим хувь нь гадны сургуульд тэтгэлгээр сурдаг байна.
Орчлон сургууль эрүүл мэндийн боловсрол, зөв зохистой хооллолтыг эрхэмлэж элсэн чихэр, давсны хэрэглээг багасган бүхэл үрийн гурил, эрүүл хүнсний ногоо, органик бүтээгдэхүүнээр хоол хийдэг байх жишээтэй. Хоол үйлдвэрлэл, ариун цэвэр, технологид эцэг, эх, сургуулийн удирдлагын төлөөлөл байнга хяналт тавьдаг. Эцэг, эхчүүдийн цагийг хэмнэсэн нэг шийдэл нь онлайн сургууль болсон явдал. Хүүхэд бүр тусгай кодтой бөгөөд тэрхүү кодоор цахим хуудсанд нэвтэрчхүүхдийнхээ дүн болон хүмүүжил төлөвшлийн талаарх бүх мэдээллийг авах боломжтой.
Тус сургууль багш нараа ч олон улсын хөтөлбөрөөр заах багш болгон бэлтгэдэг бөгөөд боловсон хүчнийх нь 20-25 хувийг гадаад багш нар эзэлдэг аж. Тус сургуулийн нэг бахархал гэвэл үндэсний чадварлаг боловсон хүчний тоог нэмэгдүүлж буй явдал. Өөр сургуулиас шилжиж ирсэн хүүхдүүдийг нэг программаар сургах хэцүү учраас сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг бодитой тогтоохын тулд хүүхдүүдээс шалгалт авч түвшин тогтоон ажилладаг юм билээ.
Нээлттэй өдөрлөгийн үеэр тус сургуульд ач, зээгээ, хүүхдээ, дүүгээ оруулах гэсэн эмээ, өвөө, эцэг эх, ах, эгч нар олноор ирсэн байв. Тэдний төлөөлөл болох Ч.Пүрэвсүрэн “Би Орчлон сургуулийг эртнээс мэднэ. Бусад хувийн сургуультай харьцуулахад төлбөр нь ч боломжийн. Зөвхөн сурагчдаа гэлтгүй багш, боловсон хүчин, ажилтнуудаа байнга сургалтанд хамруулж хүүхдийн төлөө анхаардаг нь энэ сургуулийг сонгоход нөлөөлсөн. Мөн бусад сургууль боловсролыг бизнес төдийгөөр хардаг бол эднийх тийм биш гэдэг нь сургалтаас нь харагддаг. Уг нь шинэ сургуульд нь хүүхдээ оруулахыг хүссэн ч анги нь дүүрчихсэн байсан юм. Ирээдүйд Орчлон сургуулиас дэлхийд танигдсан олон боловсон хүчин төрнө гэдэгт итгэдэг” гэж бидэнд сэтгэгдлээ хуваалцсан юм. Орчлон сургуулийн шинэ салбарын бэлтгэл ангийн хичээл энэ сарын 20-ноос эхлэн явагдах аж.
Э.Эрдэнэцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ