О.Гүндэгмаа: Эмэгтэй хүн зургаан олимпид оролцоно гэдэг “чанга”

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаатай цөөн хором ярилцлаа.
-"Рио-де Жанеро-2016" олимпийн эрх авсанд баяр хүргье. Өнөөдөр салбарын сайдтай уулзах үеэрээ буу, сумны асуудлыг нэлээд ярилцлаа. Энэ уулзалтын талаар сэтгэгдэлээ хуваалцаач?
-Баярлалаа. Хамгийн түрүүнд намайг олон жил сэтгэлээрээ туслаж, дэмждэг гэр бүл, хамт олон, найз нөхөд, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнууддаа баярлалаа. Энэ хүмүүс бүгд намайг дэмждэг. Миний олимпын эрх авахад энэ хүмүүсийн дэмжлэг, туслаж их байсан.
Өнөөдөр сайдтай уулзаад, буу сумны асуудлаа ярьлаа. Буудлагийн спортын тамирчин бидний хувьд энэ асуудал хамгийн чухал зүйл. Сая болсон олимпын эрхийн тэмцээнд үндсэн дасгалд буу маань баараад, дараа нь финалын тоглолт дээр хоёр ч удаа гацсан.
-Тэмцээний үед бууныхаа гацааг хэрхэн гаргасан бэ?
-Саяны тэмцээнд буу маань эхлээд гацахад үргэлжлүүлж буудаж болсон. Харин хоёрдахь удаагаа гацахад үлдсэн сумнууд үлдсэн сумнууд нолилт өгсөн. Тиймээс гуравдахь сумаар гацаагаа гаргаж, үргэлжлүүлж буудсан.
Нэгэнт олимпын эрхээ авсан учраас ахиж алдаа гаргахгүй гэдэг үүднээс салбарын сайдад буу, сумаа сайжруулах хэрэгтэй гэдгийг уламжлалаа.
Энэ бол ганцхан миний асуудал биш, Монголын буудлагын холбоог төлөөлж байгаа, тэр дундаа Дэлхийн аварга, Дэлхийн цомын тэмцээнд оролцож байгаа шигшээ багийн 11 тамирчны асуудал.
Өнгөрсөн жилийн хувьд бид Дэлхийн аварга, Азийн аваргын тэмцээнд оролцох гэтэл гадаадаас авчруулсан сум маань хил гааль дээр саатуулагдсан. Тиймээс уг асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлж байж, сумаа гааль дээрээс авч тэмцээндээ оролцсон. Тамирчид маань энэ сумаар нэлээд амжилттай буудсан. Өнгөрсөн жил бид “Дэлхийн аварга”-аас багаараа алт, “Азийн аварга”-аас хүрэл медаль тус тус хүртсэн.
-"Рио-де Жанеро-2016" олимп таны оролцож байгаа зургаа дахь удаагийн олимп шүү дээ. Олимпын эрх авсан сэтгэгдлээ хуваалцаач?
-Тамирчин бидний хувьд олимпийн эрх авна гэдэг ажлаа хийж яваагийн илэрхийлэл. Гэхдээ эмэгтэй хүний хувьд зургаан олимпид дараалж оролцоно гэдэг “чанга” л даа. Ар гэртээ санаа зовох зүйлгүй байгаа нь миний амжилтын үндэс. Намайг дэмждэг, надад тусалдаг хүмүүс олон бий. Тэднийхээ дэмжлэгтэйгээр ийм урт хугацаанд тэмцээн уралдаанд оролцож чадаж байгаа.
-Та олимпоос өмнө ямар томоохон тэмцээнд оролцох вэ?
-Олимпоос өмнө гурван “Дэлхийн цом”, “Азийн аваргын тэмцээн” гэсэн дөрвөн тэмцээнд оролцоно.
-Манай буудлагын тамирчид "Рио-де Жанеро-2016" олимпид хэр бэлтгэлтэй байгаа вэ. Таны бодлоор хэр амжилттай төлөвтэй байна вэ?
-Тамирчин хүн бүр л тэмцээндээ амжилттай оролцохыг боддог. Би ч бас "Рио-де Жанеро-2016" олимпид амжилттай оролцохыг хүсч, мөрөөдөж байна. Түүнийхээ төлөө бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, хөдөлмөрлөж байна. Ирэх олимпид манай буудлагын тамирчид өшөө олуулаа оролцоосой гэж их хүсч байна. Тэд маань ч их хөдөлмөрлөж байгаа.
-Сая болж өнгөрсөн олимпийн эрх олгох "Дэлхийн цом"-ын тэмцээнд өрсөлдөгч нар хэр шинэчлэгдсэн байна вэ. Шинэ залуу тамирчид олон оролцож байгаа сураг байсан?
-Зарим улс орнууд олимпын эрх авсан тамирчнаа оролцуулаагүй. Залуу тамирчин, шавь нараа оролцуулсан байсан. Ер нь буудлагын тамирчид их шинэчлэгдэж, залуужсан байна лээ. Гэхдээ тэд нарыг муу тамирчин гэж голж болохгүй. БНСУ-ын Чанвон хотод болсон "Дэлхийн цом"-ын тэмцээний үеэр Оросын залуу тамирчин хийн бууны төрөлд алтан медаль авсан. Манай төрөлд Хятадын залуу тамирчин алтан медалийн төлөө буудсан байгаа.
-Таны гол өрсөлдөгч Хятадын туршлагатай тамирчид оролцсон уу?
-Оролцсон. Тэмцээний үеэр буудаж дууссаны дараа бууны үзлэг хийлгэдэг. Өөрөөр хэлбэл, галын шугам дээр бууны, хувцасны шалгалт хийдэг. Сугалаагаар Хятадын тамирчин таараад, буугаа шалгуулахад бууны гохны жин таараагүй гэж сонссон. Буудахын хувьд их сайн муудсан байсан.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ