Ю.Цэдэнбал 1991 оны энэ өдөр насан эцэслэжээ

Ю.Цэдэнбал 1991 оны дөрөвдүгээр сарын 20-нд буюу энэ өдөр насан эцэслэжээ. Тэрбээр монголын төрийн удирдлагад 44 жил ажилласан, Төрийн томоохон зүтгэлтнүүдийн нэг билээ.
Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой ирэх 2016 онд тохиох юм. Тиймээс түүний ойг тэмдэглэх ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ажиллах бөгөөд МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ю.Цэдэнбалын академийн дэд ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн, Ю.Цэдэнбалын академийн Ерөнхий нарийн бичгийн дарга М.Даваасүрэн, Монгол Ардын намын дэргэдэх Ахмадын Холбооны тэргүүн С.Төмөр-Очир нарбүрэлдэхүүнд нь багтжээ.
Ю.Цэдэнбалын намтар
Юмжаагийн Цэдэнбал (уг нэр Цэдэнпил) 1916 оны есдүгээр сарын 17 –нд Увс аймгийн Давст суманд 11 хүүхэдтэй дөрвөд айлын төрж, 1991 оны дөрөвдүгээр сарын 20-нд Москвад нас барсан.
1940-1984 он хүртэл 44 жил Монголын төрийг удирдаж, удирдалцаж, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал цол хүртсэн.
1929 онд Улаангомын дунд сургуулийг төгсч, 1938 онд СибирийнСанхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй дүүргэв.
Мөн ондоо эх орондоо ирж, Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгч, 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долдугаар сараас Сангийн яамны сайд, Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэв.
1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл ажиллав.
Энэ хугацаанд Улстөрийн товчооны гишүүн, 1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны даргаар ажиллав.
1952 онд Х.Чойбалсанг нас барсны дараа БНМАУ-ын ерөнхий сайд болж, 1974 оны зургадугаар сарын 11-нээс Ж.Самбууг нас барсны дараа АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан.
Хятад-ЗХУ-ын харилцаа муудахад Ю.Цэдэнбал ЗХУ-ын талыг баримталж үр дүнд нь Хятадтай харилцах харилцаа эрс муудсан түүх үлджээ.
1984 оны наймдугаар сард түүнийг хөгширч, оюуны доройтолд орсон гэх зэрэг шалтгаанаар тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнхийг сонгожээ.
Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нас барахад цогцсыг ньУлаанбаатарт авчирч, Алтан-Өлгийд оршуулжээ.
Улмаар Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ.
Мөн нийслэлд “Эрэл” дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд түүний хөшөө байдаг байна.
Түүний Монголын төрийн удирдах дээд албан тушаалд ажилласан он жилүүдэд социалист их бүтээн байгуулалт ид өрнөж, хүн амыг боловсролтой болгох, эрүүлжүүлэх их аян өрнөж, хүн ам өссөн юм. Монгол Улс гадаад харилцаанд ч эрс амжилт олж, 1984 он гэхэд Монгол Улс таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож,олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн байв.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ