300 микрочдын жагсаал боллоо

- Төр засгаас шинээр автомашин авахад санхүүгийн туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангахыг шаардаж эхэллээ-
“Микро” автобусны жолооч, кондукторууд өнөөдөр Чингисийн талбай дээр жагслаа. Тэд “MNS 5012:2001 стандарт буюу ашиглалтын хугацаа нь дуусч, үйлчилгээнд явах боломжгүй болсон микро автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэх асуудлыг түр түтгэлзүүлээч гэсэн хүсэлтийг Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн ИТХ болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлжээ. Гэвч тэдэнд дээрх байгууллагуудаас хариу огт ирүүлээгүй аж.
Тиймээс тэд Төр засгаас шинээр автомашин авахад санхүүгийн туслалцаа үзүүлэх, ажлын байраар хангахыг шаардаж эхэлжээ. Уг жагсаалыг Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, микро автобусны эзэд болон “Далд хүн” ТББ-аас зохион байгуулж байгаа аж.
Тэд “Бага оврын автобусны стандартыг түдгэлзүүлэх, 20 гаруй жил төрийн ачааг хувийн хөрөнгөөр үүрэлцэж ирсэн хөдөлмөрөө үнэлүүлэх, Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гарган шинэ микроавтобустай болгох”-ийг шаардаж, энэ тухайгаа бичсэн лоозонг авмашиндаа өлгөсөн байв.
Мөн дээрх шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, хотын дарга Э.Бат-Үүл нарт өнөөдөр хүргүүлэхээ мэдэгдлээ.
-Хууль бусаар 1000 төгрөгний тасалбар гаргасан гэв-
Энэ талаар Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн хорооны зохицуулагч Х.Баатартай ярилцлаа.
Тэрбээр “Нарантуул” худалдааны төвөөс Дарь-Эхийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг жолооч аж.
-Өнөөдрийн жагсаалд нийт хэдэн “микро”-чид оролцож байна вэ. Жагсаалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай уншигчдад хүргэхгүй юу?
-Өнөөдөр нийтийн тээврийн салбарт баялаг бүтээгчдийн цуглаан боллоо. Үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жил болсон тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарч, нэлээд хэдэн жил хэрэгжиж байна.
Уг шийдвэрийн үндсэн дээрээс 512 микро автобус ажиллах боломжгүй болж байгаа юм. Бид 2015 он гарснаас хойш Нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн боловч, одоог хүртэл хариугаа авч чадаагүй байна. Тиймээс бидний үгийг ойлгохгүй байгаа Төрийн эрх мэдэлтнүүдэд үзүүлэн таниулахаар ашиглалтын хугацаа дууссан “микро”-нуудаа авчирч жагсаж байгаа.
Өнөөдрийн жагсаалд 100 орчим микро автобус, 300 орчим жолооч, кондукторууд оролцож байна. Тэдний дийлэнх нь “Нарантуул” ОУХТ-өөс дөрвөн зүг, найман зовхист явдаг тээврийн хэрэгслийн жолооч нар бий. Харин цөөн тооны микро автобус нь туслах чиглэлийнхэн байгаа.
-Та бүхнийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас “өрх тусгаарлах” гэж байгаа гэх мэдээлэл сонслоо. Үнэн үү?
-Тиймээ үнэн. Бид маргаашнаас эхлэн Нийслэлийн нийтийн тээвэр гэх ажлаа хийж чадахгүй байгаа нөхдүүдээс “өрх тусгаарлах” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн хорооны зохион байгуулалтад ороод үйлчилгээгээ хэвийн явуулахаар зэхэж байна.
Энэ шийдвэрийг дөнгөж сая бид хуралдаж, санал нэгдэж гаргалаа. Бид Нийслэлийн нийтийн тээврийн зохицуулалтад 10 гаруй жил явж ирлээ. Үүнээс болж сөрөг олон асуудалтай тулгарсан байдаг.
Тухайлбал, зохицуулалт нэрийн дор бидний олсон мөнгийг “халаасладаг” бүлэг хүмүүс бий болсон. Дундаас нь биднийг хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг болсон.
Өөрөөр хэлбэл, бидэнд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал байдаггүй. Бид хохирогч болж үлдээд байгаа. Хамгийн сүүлд, Төр засгийн шийдвэрийн улмаас нэг жолооч 3-8 микро автобус үйлчилгээнээсээ хасуулаад байна. Тэгэхээр бид өрнөөс өрний хооронд л амьдарч явна.
-Маргаашнаас хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн хорооны зохион байгуулалтад ороод үйлчилгээнд гарна гэлээ. Үйлчилгээний тарифад өөрчлөлт орох уу?
-Орохгүй. Харамсалтай нь Нийслэлийн нийтийн тээврийн газраас 1000 төгрөгний тасалбар хэвлүүлээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “микро”-чид энэ үнээр явах гэж байна гэж яриад байгаа. Үнэндээ микроавтобусны жолоочид дур мэдэн үнэ нэмдэг асуудал огт байдаггүй.
- 1000 төгрөгний тасалбар аль чиглэлд үйлчлэх юм бэ?
-“Нарантуул” захаас бүх чиглэлд явдаг микронуудад хэвлээд тараагаад өгчихсөн. Үнэндээ энэ тасалбарыг Нийслэлийн нийтийн тээврийн газар, аж ахуйн нэгжийн дарга нартай үгсэн хуйвалдаж гаргасан гэхэд болно.
Бид тэдний энэ шийдвэрийг үгсэн хуйвалдан замаар, иргэдийн халаасыг хоослох гэж байна гэж үзэж байгаа. Уг нь нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдэх асуудлыг Нийслэлийн ИТХ, Засгийн газрын хурлаар шийдвэрлэдэг юм. Гэтэл Нийслэлийн нийтийн тээврийн газар дур мэдэн 1000 төгрөгний тасалбар гаргасан байгаа юм.
-Төр засагт ямар шаардлага хүргүүлээд байгаа вэ. Дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Төрөөс үнэхээр микро автобусны стандартыг барьж байгаа бол тус стандартаа хэрэгжүүлэх үүднээс бид нарын парк шинэчлэлийг хийхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулахыг хүсч байгаа. Мөн Монгол Улсад үйлдвэрлэж байгаа автобусаа бүх чиглэлд саадгүй явдаг болтол “стандарт”-аа түр хугацаагаар түтгэлзүүлээч гэж хүсч байна.
-Одоо хэнд шаардлага хүргүүлэх гэж байна?
-Нийслэлийн ИТХ-ын Хуулийн хэлстийн даргад шаардлагаа хүргүүлнэ. Цаг орчмийн өмнө Засгийн газрын ордноос бичиг хэргийн ажилтан нь ирж, бидний шаардлагыг аваад орсон.
-Хэрэв та бүхний шаардлагыг хүлээж авахгүй бол цаашид хэрхэн тэмцэх вэ?
-Бид маргаашнаас микро автобуснуудаа хэвийн үйл ажиллагаанд явуулна. Хэрэв Төр засгаас хууль хүчний байгууллагаар давамгайлж, биднийг зогсоох гэж оролдвол өлсөглөн зарлана. Хоолгүй, өлсгөлөн хүн ямар уур бухамдал гаргадаг билээ. Тиймээ. Бидний зүгээс хууль, хяналтын байгууллага бидэнд хүч хэрэглэхгүй гэдэгт итгэж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй микроавтобус 25 орчим чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг аж. Тэднээс 500 орчим нь 2002 оноос дээшхи насжилттай микроавтобус байдаг гэж жагсагчид хэлж байлаа.
Өөрөөр хэлбэл, нийслэлд явж байгаа микроавтобусны дийлэнх нь MNS 5012:2001 стандартыг хангахгүй байгаа гэсэн үг юм.
Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа микроавтобус жилдээ хоёр удаа оношилгоогоор ордог ажээ.
Түүнчлэн, нэг нийтийн тээврийн хэрэгсэл сар бүр 10 мянган төгрөг улсад татвар болгон төлдөг юм байна.
Микроавтобусны жолооч, кондукторууд эрхээ хамгаалуулахаар Хүний эрхийн үндэсний комисст удаа дараа хандсан гэнэ. Гэвч тэдний асуудлыг хайхрахгүй, орхигдуулжээ. Иймд хүний эрхийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг “Далд хүн” ТББ-д хандаж, эрх зүйн талаас туслаж авч эхэлсэн юм байна.
-Агаар дээр биш, ард түмэнтэйгээ амьдраач ээ-
“Микро”-чдод тулгамдаад байгаа асуудлыг “Далд хүн” ТББ-ын тэргүүн Б.Жагар ярихдаа “Аливаа шатны эрх мэдэл бүхий байгууллага ямар нэгэн тогтоол, захирамж гаргахдаа хэн нэгний эрх ашгийн төлөө бусдын эрх ашгийг хохироож болдоггүй. Ямар нэг хууль , эрхзүйн зохицуулалт хийж өгөх хэрэгтэй байдаг.
Тухайлбал, микроавтобусны жолооч нарыг ажилгүй болгож байгаа юм чинь, тэдэнд өөр ямар ажлын байр бий болгох вэ гэдгийг харах ёстой байсан. Зохицуулалтай байж, тогтоол хэрэгждэг. Өчнөөн олон хүний эрх ашиг энд яригдаж байхад, “стандарт” гэдэг үгээр тэдний эрхийг хорьж болохгүй. Нийтийн тээвэрчид шаардлагадаа “стандарт гэдэг үгээ тодорхой хугацаанд түтгэлзүүлээч” л гэж хүсч байгаа.
Тэр хооронд монголынхоо “Эко” автобусаа үйлдвэрлээд, үйлчилгээнд гаргахад бэлэн болгож болно шүү дээ. Тэр үед нь микроны жолооч нар маань нөхөрлөл, холбооны зохион байгуулалтад ороод тэр “Эко” автобуснаас авах боломжийг эрэлхийлэх болно.
Төр засаг маань иргэдийн эрх ашиг боломж бололцоог хангаж байж, шийдвэрээ гаргаасай. Энэ хүмүүс чинь сүүлийн 20 жил хүнд нийтийн тээврийн хүнд ачааг өөрсдийн нуруун дээрээ үүрч явсныг бодолцох нь зүйтэй байх.
Энд бас нэг зүйл нэмж хэлмээр байна. Төр засгийн эрх мэдэлтнүүд минь, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид минь агаар дээр биш, ард түмэнтэйгээ амьдраач ээ, ард түмэн шиг сэтгээч ээ. Тэгж байж та бүхэн гаргаж байгаа тогтоол шийдвэрээ зөв гаргах болно” хэмээн хэллээ.
Б.Дэжид
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ