“Тавантолгой” тоглоом биш
Тавантолгойг тойрсон популизм үргэлжилж, төр засгийн хүрээнд бус ёстой л УИХ-ын даргын ёжилж хэлснээр 2 сая иргэний, цаашлаад улсын хэмжээнд яригдаж байна. Бүр цаашилбал хил дамнан цуурч байгаа биз. Манайд хоёр хүн байвал улстөрждөг гэдэг. Бичиг үсэг тайлагдсан, боловсролтой эсэхээсээ үл хамаарч манайхан дуртай сэдвээрээ яриа өрнүүлэн маргалдан уралцаж чаддаг, оюуны бядтай ч гэх үү, ард түмэн.
Өнөөдрийн яригдаж байгаа “Тавантолгой” асуудлаар мэтгэлцэх нь ер нь ухааны бяд ч шаардаад байхгүй. Басхүү аливаа ёжлолыг хүлээн авч, цааш дамжуулахдаа зүсийг нь байтугай агуулгыг нь хувиргаад, ёстой л “ардын аман зохиол” болтол хүүрнэнэ. Ардын аман зохиолын хэлбэр цаг үе даган хөгжиж, цахим жиргээгээр хүрээгээ тэлж байгаа. Энэ долоо хоногийн онцлох жиргээчээр УИХ-ын дарга тодорсон. Түүний 2 сая хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй тул буцаасан Тавантолгойн тогтоолын тухай жиргээ цахимаар болон бичгээр хөвөрсөөр байна.
Эдийн засгийг сэргээхээд ихээхэн хувь нэмэр оруулах стратегийн том ордоо эргэлтэд оруулах асуудал ийнхүү түмний цэц булаалдах талбар болж хувиргасанд хэн буруутай вэ? “Тавантолгой”-гоо бусдын, ялангуяа улстөрчдийн уйдаа гаргах зугаа, хоолны ширээн дээрх “зууш”, хэрүүлийн алим болгон тоглуулж, шоглуулах хүсэл хэнд ч байхгүй. Харин төр, засгийнхан хариуцлагыг, бурууг бусдаас бус өөрсдөөсөө эрж, засч залруулаад явууштай, уг нь.
Засгийн газар хууль, тогтоолын төслийг долоо хоног бүр л хэд хэдээр нь өргөн барьдаг. Харин Тавантолгойн гэрээний төсөл олны анхаарлын төвд байснаас л асуудал “шүдэнз зурах”-ын төдийд дэгдсэн болов уу. Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэхэд хоёр сая хувьцаа эзэмшигчийн санал авах шаардлагагүй, дээгүүрээ шийдвэрлэх асуудал гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
Асуудлын гол нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хувьцаа эзэмшигч иргэдийн асуудлыг хэрхэх талаар зохицуулалт тусгагдаагүйтэй холбоотой. Зарим иргэн хувьцаагаа худалдах санал гаргасан боловч төр худалдан авах төлбөрийн чадваргүйгээс өнөөг хүртэл үхмэл байдлаар гацаасан. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэгчээр улс төрийн хүчнүүд популист амлалтдаа өөрсдөө хоёр сонгууль дараалан ороогдлоо. Ер нь тэд сонгогчдыг гуйгаагүй байхад “эх орны хишиг” тарааж, эдийн засгийн эргэлтийг сааруулсан. Тиймээс ч эдийн засгийн хүндрэлээс бус ирэх сонгуулийг угтахдаа популист амлалтаа хэрэгжүүлэх гарц сүвэгчлэн, “Тавантолгой” дээр эргэлдэж байна.
Харин одоо энэ хувьцааг хэрхэхийг хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгах нь нэг талаас хувьцаа эзэмшигч бидэнд ашигтай, сайхан боломж. Нөгөө талаас жилийн дараа болох улс төрийн хүчнүүдийн сонгуулийн гол пиар байх биз.
Засгийн газрын дутуу бүрдүүлсэн гэх тогтоолын хавсралтад шаардлагатай баримтуудыг энэ сарын 20-ны өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлэхийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод ирүүлсэн албан бичигт дурьдсан байсан. Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн даваа гаригийн 16.00 цагт хуралддаг хуваарьтай. Энэ долоо хоногийн даваа гаригийн хуралдаан ч хуваарийн дагуу явагдаж, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Харин УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн албан бичигт дурьдсан хугацаанд дутуу бичиг баримтаа бүрдүүлж өгсөн үү гэдэг бас л эргэлзээ төрүүлж байна. Учир нь Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн хувьцаа эзэмшигчдын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-д өргөн барьсан гэж байсан. Даваа гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаан товлосон хугацаандаа, харин УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш хуралдсан юмдаг. Тиймээс УИХ-ын зүгээс Засгийн газрыг товлосон хугацаанд бичиг баримтын дутуу бүрдлийг гүйцээж өгөөгүй гэж дараагийн шантаажаа хийчих вий гэсэн болгоомжлол, хардлага ажиглагчдад байна лээ.
Ямартай ч Засгийн газар УИХ-ын Тамгын газрын шаардсан асуудлыг Тавантолгойн гэрээний төсөлд тусган дахин өргөн мэдүүлсэн. УИХ-ын Тамгын газрынхан хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай тогтоолыг хүлээн аваад ажлын гурав хоногийн дотор шалган, хариу мэдээлдэг дэгтэй. Нэгэнтээ өнгөрсөн баасан гаригаас Тавантолгойн гэрээний төсөл, холбогдох хавсралтуудыг шалгаж, дутуу бичиг баримтыг дахин хүлээж авсан. Тиймээс өмнө нь шалгасан зүйлээс дахин хуулийн хугацаанд шалгана гэж цаг алдчихгүй байгаасай. Төрийн ордны баруун зүүн жигүүрт бичиг цаасны дамжуулж хугацаа алдаж байх завсар эдийн засгийн хүндрэл улам л гүнзгийрсээр, дөрөвдүгээр сар ч дуусах нь.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ