Даамчид 8 медаль хүртээд байна

Азийн аварга шалгаруулах даамын тэмцээн энэ сарын 25-ны өдөр Узбекстан улсын Ташкент хотноо эхэлсэн. Энэхүү тэмцээнд манай тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийт найман медальтайгаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Тэмцээний блиц төрөлд тоглосон хөвгүүдээс U11 ангилалд Б.Пүрэвбаатар алт, охидын U11 ангилалд Э.Хүслэн алт, Г.Буяндэлгэр хүрэл, U14 ангилалд Г.Дүүрэнбилэн мөнгөн медаль хүртээд байна. Харин рапид төрлийн хөвгүүдийн U20 ангилалд Б.Чойсүрэн мөнгө, охидын U11 ангилалд Н.Налжормаа алт, Г.Буяндэлгэр хүрэл, U14 ангилалд Э.Маргад хүрэл медаль зүүгээд байгаа юм.
Тэмцээнд 15 орон оролцож байгаагаас манай тамирчид медалийн тоогоор гуравдугаарт жагсаж байна. Узбекстан улсын тамирчид нийт 44 медальтайгаар тэмцээнийг тэргүүлж байгаа бол 25 медаль хүртээд буй Казахстан удаалж байна. Манай тамирчдын дараа буюу дөрөвдүгээрт дөрвөн медальтай Туркменистан, тавдугаарт гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар БНХАУ-ын тамирчид жагсаж байна. Харин бусад орны тамирчид хараахан медальд хүрээгүй байгаа аж.
Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ