Илүү юманд шунах хэрэггүй гэдгийг хөгшчүүд маань миний оюун ухаанд шингээсэн

img

Гадаад хэргийн Дэд сайд Н.Оюундарь Гадаад хэргийн Дэд сайд Наваан-Юндэнгийн Оюундарьтай ярилцлаа.

 

-Таныг дэд сайд болсноос хойш анх удаагаа уулзаж байна. Цаг хугацаа амархан юм даа. 27-хон настай Байгаль орчны яамны хэлтсийн дарга Н.Оюундарьтай уулзаж байсан. Тэр үед би гайхаж байгаагаа таниас нуугаагүй. Яамны хэлтсийн дарга лухайсан товарищ” байх юм гэж бодсон чинь жижигхэн охин байна гэж бодсонгүй гэж байсныг та санаж байгаа болов уу. Ингээд танд ажлын амжилт хүсээд, ярилцлагадаа оръё. Та саяхан Бээжинд гурван талын Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтад оролцоод иржээ.  Уулзалтаар ямар ямар  асуудлыг хөндөж,  юу шийдэв?

-Тиймээ, та надтай уулзаж байсныг саналгүй яахав. Тэгэхэд би Байгаль орчны яаманд ажиллаад удаагүй байсан. НҮБ-ын Үйлдвэрийн газарт өөрчлөн байгуулалтын төслийн зөвлөхөөр ажиллаж байхад маань У.Барсболд сайд яамандаа ирж ажиллах санал тавьсан. Эхэндээ ч олон улсын нэр хүндтэй байгууллагынхаа ажлыг солихгүй гэж бодож байлаа. Сүүлдээ нээрээ ч төрд ажиллаад үздэг юм бил үү гэж бодоод сонголтоо хийсэн. Одоо бол би тэгж шийдсэндээ сэтгэл хангалуун байдаг. Би дэд сайдаар томилогдоод бараг дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд гадаад дотоодын олон хүнтэй уулзаж, төрөл бүрийн ажил хэрэг ярилцлаа, бас хэд хэдэн улс оронд очиж, арга хэмжээнд оролцлоо. Эдгээрээс өнгөрсөн сарын сүүлчээр Бээжин хотод Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын төвшний хоёрдугаар уулзалт онцгой байлаа. Уулзалтыг Монгол Улсаас миний бие, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар тэргүүлэн оролцсон. Тэр хоёрын тухайд маш их туршлагатай, олон жил ажилласан дипломатч. Бид бүх асуудлаа орчуулагчгүйгээр орос хэлээр шууд явуулсан нь илүү ойлголцож, цаг хугацаа хэмнэхэд дөхөм болсон. Гурван талт харилцааг бүс нутгийн хэмжээнд хэрхэн өргөжүүлэх вэ, олон улсын төвшинд хэрхэн хамтарч ажиллах вэ, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хүмүүнлэг, соёлын салбарыг өргөжүүлэн хөгжүүлэх, бодит агуулгаар баяжуулах талаар санал солилцож энэ оны долоодугаар сард ОХУ-ын Уфа хотноо болох гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, нэлээд ахицтай ажиллаа. Мэдээж энд улс орон бүр тодорхой саналтай оролцсон. ОХУ нь Замын карт гаргах, Монгол Улс, Улаанбаатарт төвтэй эрдэм шинжилгээний төв лаборатори байгуулах, Хятад болохоор Эдийн засгийн коридор байгуулах ажлыг боловсруулах үүрэгтэй оролцсон. ОХУ, манай улсын оруулсан санал дараагийн шатанд яригдах хэмжээнд хүрлээ. Харин Хятадын тухайд асуудал хараахан бэлэн болоогүй байна гэсэн. Ийнхүү ярилцсан асуудлуудад зөвхөн Монголын эрх ашгийн үүднээс хандаж болохгүй. Угаас аливаа улс орны харилцаа харилцан ашигтай байх ёстой. Бид ч ийм л зарчмаар ажиллаж байна. Энэ улиралд дэд сайдуудын гуравдугаар хуралдаан Москвад болно. Түүгээр Уфагийн дээд хэмжээний гурван талт уулзалтын үеэр гарын үсэг зурах  баримт бичиг, асуудлыг эцэслэн бэлэн болгох учиртай.

 

-Гадаад харилцааны яамныхныг гаднаас ирсэн хүнд халгаатай. Ах дүү, хамаатан саднаараа ажилладаг хэцүү газар гэж ярилцдаг. Таны хувьд гадны л хүн ирсэн байх. Ний нуугүй хэлэхэд хэцүү юм уу, ямар байна?

-Би ч гэсэн тийм үг сонсч байсан. Энд ажиллаж байгаа хамт олон намайг сайхан л хүлээж авсан. Би томилогдож ирсэн хүн. Ажиллах ёстой гэж л орж ирсэн. Тэгээд ч надад яам, төрийн болон олон улсын байгууллага, гадаад оронд тодорхой хэмжээгээр улс, хотоо төлөөлөн ажиллаж байсан туршлага байсан болохоор яанаа гэж халгаад ухраад байх хэрэг байгаагүй. Хийх ёстойгоо хийгээд, явах ёстой замаараа явж л байна. Харин ч би өөрийгөө их азтай гэж бодож байгаа. Энэ мундаг төлөвшсөн, тогтсон, сонгомол, нэг үзэл бодолтой, дипломат албаны мэргэшсэн, санал бодлоо чөлөөтэй солилцдог хамт олонтой ажиллах завшаан олдсонд. Харин ч би энд жинхэнэ төрийн мэргэшсэн, чадварлаг, өндөр боловсролтой хамт олон Монгол Улсынхаа нэрийн өмнөөс ажиллаж байдгийг хэлэхийг хүсч байна. Манай улс чинь өчнөөн олон улсын байгууллагын гишүүн, маш олон конвенцид нэгдсэн, байгуулсан гэрээ хэлцэл тоо томшгүй олон. Тэр бүгдийг хянаж, ажил болгож тайлангаа явуулж, юу хийсэн, яах гэж байгаагаа олон улсын хэмжээнд илтгэх гээд энэ хамт олны ажил дэндүү их юм.

 

-Манай улсын гадаад харилцаа өргөжиж буйгийн илэрхийлэл байх л даа. Гадаад улс орнуудын удирдлагууд болон сайд дарга нар бараг л шил шилээ дараад зочлох юм. Тэр бүрийд танай яамныхан асар их ачаалалтай ажилладаг нь мэдээж. Саяхан Унгарын Ерөнхийлөгчийн айлчлал болж өндөрлөлөө. Жилд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр Монголын 100 хүүхдийг их, дээд сургуульд сургана гэж. Энэ бол үнэхээр том боломж?

-Зөвхөн ойрын үед л гэхэд Туркийн Гадаад хэргийн сайд айлчиллаа. Удахгүй Болгар, Энэтхэгийн өндөр дээд хэмжээний айлчлал болно. Ирсэн зочид нэг биш нэжгээд асуудал шийдээд явдаг. Манайхан ч адил гадаад оронд айлчлах бүртээ улс орондоо хэрэгтэй өчнөөн асуудлыг шийдээд ирдэг шүү дээ. Тэр бүгдийн бэлтгэлийг хангана гэж асар хүнд, нөр их ачаалал. Тэр их ажлыг манай яамны хамт олон л үүрч, амжуулдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Ерөнхийлөгч Янош Адер айлчиллаа. Үнэхээр таны хэлснээр манай хүүхэд, залуучуудад асар том боломж нээгдлээ. Жил бүр 100 хүүхдийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сургахаар боллоо. Манай улс өөрөө ямар ямар мэргэжлээр хэдэн хүүхэд сургахаа шийдэх юм. Унгарын хууль маш мундаг. Манай хөгшин аав Унгар дахь Монголын Элчин сайдын яаманд соёлын атташе байсан. Бүр дээр үед шүү дээ. Тэр үед тэндхийн хуулийн болон бусад сургуульд Монгол хүүхдүүдийг сургадаг байсан гэдэг. Манай ээж ч гэсэн тэнд эдийн засгийн  мэргэжил эзэмшсэн. Тэр үеийн улбаа өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа. Унгар манайхтай адил далайд гарцгүй орон. Тиймээс бусад оронтойгоо маш найрсаг сайхан харилцаатай. Эмнэлгийн тоног төхөөрөмж, анагаах ухаан, мал эмнэлэг нь мундаг шүү дээ. Ингээд бодохоор бидэнд ямар их боломж байгаа нь харагдаж байгаа биз дээ.

 

-Үнэхээр ажил нь тасралтгүй ундарч байдаг яаманд ажиллаж байгаа юм байна. Яг ажлыг нь хийж байгаа хүнээс асуухад инээдтэй ч гэсэн дэд сайдын албаны талаар янз бүрийн л ойлголт байдаг. Хэрэгтэй, хэрэггүй суудал бөглөсөн ч гэж ярих нь бий?

-Ганц манайд ч биш дэлхийн том гүрнүүдэд дэд сайдын алба байгаад байхыг бодоход хэрэгтэй нь мэдээж. Тэгээд ч зөвхөн дээрх гурван талт уулзалтаар л бодоход чухал бололтой санагдсан шүү. Ер нь хийе гэсэн хүнд ажил олддог гэж үг байдаг даа. Хийхгүй гэвэл зүгээр суугаад байж болно. Гэхдээ би хэзээ ч хэн нэгэн хүний ард эсвэл далбаан дор зүгээр сууж сураагүй. Надад оногдсон л бол тэр ажлыг хийх нь  үүрэгтэй. Түүнийгээ биелүүлдэг.

 

-Та дээр хэллээ. Хөгшин аав Унгарт Элчин сайдын яаманд байсан гэж. Наваан-Юндэн гуайг хэлж байна уу?

-Тиймээ. Би чинь хөгшин аав, ээж хоёр дээрээ өссөн хүн шүү дээ. Манай хөгшин аав Сэлэнгийн хүн. Баатар вангийн хошууны үе залгамжилсан ноён хүн байсан юм. Хөгшин аавын маань арван гурав дахь дээд үе нь Батай Сайн хаанаас эхлэлтэй. Манай хөгшин аав Наваан-Юндэн 13 дахь үе нь буюу Чингисийн алтан ургийн сүүлчийн ноён юм билээ. Хэдийгээр язгуур угсаатай ноён хүн ч гэсэн яахын аргагүй орчин цагийн том сэхээтэн, дипломатч, орчуулагч, багш, эмч хүн. 1930-аад онд Монголоос Баруун Европ руу анх 30 хүүхэд явуулсны нэг нь манай хөгшин аав. Нэг хэсэг нь Францад, бусад нь Германд сурсан юм билээ. Германд  өвөөтэй хамт их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг гуай, зураач Намхайцэрэн гуай гээд мундаг сэхээтнүүд хамт суралцсан байдаг.

Дээхэн үеийнхэн хөгшин аавын зохиосон “Баян Монголын хонь ямаан сүргээ хө хө... Сул асгасан сувд шигээ” гэдэг дууг... Мөн “Үхэрчин хүү Цэрэндорж оо...” гэдэг дууг их сайн мэддэг байсан.

 

Баатар вангийн хошуу гэдэг бол одоогийнхоор Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сум болон Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэр ордог том хошуу байсан юм билээ. Баатар вангийн хошууныхан хөгшин аавыг маань таван настайд нь ноён ширээнд залсан юм билээ. Тэгээд 11 настайд нь хувьсгал гарч ноён ширээнээсээ бууж, отог жинсээ өөрөө Ардын засагт хүлээлгэж өгсөн гэдэг.

 

-Та чинь тэгэхээр Чингисийн удмын хүн байх нь ээ. Өвөө, эмээ нар ач, зээгийнхээ асуудалд аав, ээжээс нь илүү хариуцлагатай ханддаг. Таны олсон боловсрол, ажилласан байдлыг тань харахад тийм нөлөө байсан болов уу?

-Хөгшин аав, ээж хоёр дээрээ өссөн болохоор өвөөгөөрөө овоглодог. Хөгшчүүд маань намайг эрхлүүлж өсгөсөн ч эрдэм боловсролын чухлыг, хүн байхын утга учрыг, ёс жудагтай байхыг мэдүүлж өсгөсөн. Өвөөгийнхөө “Шкода” машинд суугаад хаа л бол хаа дагаад явдаг байснаа ер мартдаггүй юм.

 

-Та ажлаа авсныхаа дараахан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганд оролцоод ирсэн. Ер нь ингэж явахад улс орныхоо хэмжээ, чансааг мэдэрдэг байх. Бахархах бас гонсойх ч үе байдаг л байж таарна?

-Нью-Йорк хотноо болсон тэр хуралдаан дэлхийн эмэгтэйчүүдийн хувьд маш том арга хэмжээ юм билээ. Дөрвөн улсын дэд Ерөнхийлөгч, дөрвөн шадар сайд, 80 гаруй сайд, 18 дэд сайд оролцсон. Би ерөнхий хэлэлцүүлэг болон хоёр салбар хуралдаанд улс орныхоо байр суурийг илэрхийлж үг хэлсэн. 1995 оны Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий Ассамблейн 23 дугаар Тусгай чуулганы төгсгөлийн баримт бичгийг хэрэгжүүлсэн 20 жилд жендерийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талбарт Монгол Улс ихээхэн амжилт олсон гэдгийг илэрхийлэх нь миний үүрэг байсан. Мэдээж үүнийгээ тодорхой болгон хууль эрх зүйн орчин, байгууламжийн шинэчлэл, Засгийн газрын стратеги, хөтөлбөрүүд, жендерийн эрх тэгш байдлыг хангах ба хүчирхийллийн эсрэг хуулиудын хэрэгжилтийг хангах болон жендерийн мэдрэмжтэй төсөв, жендерийн статистикийг боловсруулж хэрэглээ болгох талаар юу хийж байгаагаа илэрхийлсэн. Эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэх, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг өсгөх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, эмзэг бүлгийн болон хөдөөгийн эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, жендэр ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудалд зарцуулах төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг хийж хэрэгжүүлэх ажил олон байгааг  тэнд цугларсан олонд дуулгаж, тайлбарласан. Уг хуралдааны үеэр хоршооллын асуудал нэлээд яригдсан. Бусад улсын туршлагыг сонсоход манай улс энэ  талаар харьцангуй их туршлагатай байсан нь надад сайхан санагдаж байж билээ. Манайх чинь дээр үеэс хоршоолол хөгжүүлсэн, хоршоологчидтой улс. Тэр ч утгаараа туршлагаасаа салбар хуралдаанд дэлгэрэнгүй ярьсан. Хурлын дараа гадаадын олон эмэгтэйчүүд надаас дахин дахин лавлаж асууж байсан нь бодвол миний ярьсан зүйл тэдний сэтгэлд хүрснийх болов уу.

 

-Хуралдаанд үг хэлэхдээ орчуулагчтай байв уу?

-Үгүй, англиар хэлж, ярьж явсан. Хөгшин аав, ээж хоёрын маань олгосон суурь хүмүүжил чинь намайг гадаадын хэд хэдэн хэлээр яриулчихдаг юм шүү дээ. (инээв)

 

-НҮБ гэснээс Монголд болсон НҮБ-ын байгаль орчны сэдэвтэй хуралдааныг та даргалж байсан байхаа?

-Би чинь 2000-2007 онд Байгаль орчны яаманд ажилласан шүү дээ. Гадаад хамтын ажиллагаа, Стратеги, төлөвлөлт, бодлого, зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Их буянтай ажлууд байсан. Байгаль дэлхий, газар ус, ойгоо хамгаалах төрийн бодлогын стратегийн цоо шинэ үзэл баримтлалыг боловсруулалцаж, хэрэгжүүлж байлаа. Хэзээ ч нөхөгдөшгүй гүний усны нөөцийг хамгаалж үлдэх, газрыг зүй зохистой ашиглах, хуурай бүсийн ойн санг хамгаалах “Ногоон хэрэм” гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж олны зүгээс талархал хүлээж байсныг сэтгүүлчид мэднэ дээ. Мөн Байгаль орчны яаманд Гадаад хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхад Монгол Улсад анх удаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Ази, Африкийн хурал болж, 70 орны 150 төлөөлөгч оролцсон. Тэр хуралдааныг даргалах үүрэг надад ногдсон юм. Хуралдаанд оролцсон бүх төлөөлөгч сэтгэл хангалуун байсан.

 

-Та бас НҮБ-ын нэг салбарын бүсийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэдэг.

-НҮБ-ийн төслийн зөвлөхөөр ажиллаж байхдаа ч яаманд байхдаа ч хөөцөлдөж олон улсын хэмжээнд байр сууриа илэрхийлж байсан багагүй ажлууд бий. Цөлжилттэй тэмцэх талаар миний санаачилсан ажлууд ч багагүй. Тэр бүгдийг үнэлсэнийх байх намайг НҮБ-ын суурь конвенци болох Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын конвенцийн Ази-Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгчөөр хоёр жилийн хугацаатай сонгосон. Энэ нь надад биш Монгол оронд маань тустай үйл бүтээх, олон улсын хэмжээнд дэмжлэг, туслалцаа авах гэх мэт сайн талууд ихтэй алба байлаа. Нөгөө талаараа би Монголынхоо төдийгүй дэлхийн байгаль орчныг хамгаалах үйлст хувь нэмрээ бага ч болов оруулсан гэж боддог.

 

-Таныг Байгаль орчны яаманд ажиллаж байсан тэр үед Богд уулын арын амуудад газар олгох ажил хийгдэж эхэлсэн. Би яагаад ингэж ярьж байна вэ гэхээр таны нэр ч бас хавчуулагдаад явдаг. Зайсанд газартай, зарсан үрсэн ч гэх шиг. Та энд ч тэр, ер нь өөрийн чинь нэртэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй шуугианд хариулт тайлбар өгөөд байдаггүй. Хэнэггүй хүн үү. Эсвэл?

-Цаг хугацаа үнэний шүүгч гэдэгт итгэдэг хүний нэг бол би. Угаасаа л төрийн ажил явах цаг хугацаандаа л явдаг шүү дээ. Богд уулын амнууд, Зайсанд газар олгох ажил намайг БОЯ-д ажиллаж байх үед хийгдэж таарсан нь үнэн. Гэхдээ миний эрхэлж байсан алба хэлтэс тэр ажлаас дэндүү хол. Ямар ч ажил төрийн нэрийн өмнөөс хийгдэж байгаа л бол үлдээсэн баримт бичигтэй, шийдвэр тогтоолтой, хууль, дүрэм, журмынхаа дагуу явдаг. Би яамны газрын даргын хувьд хамтарсан шийдвэр гаргах, хэлэлцэх хэмжээнд л оролцож байснаас шууд шийдвэр гаргадаг хүн биш. Өнөөдөр миний байтугай манай гэр бүлийнхний нэр дээр сөөм ч газар байхгүй. Би заримдаа өөрийгөө боддог юм. Хүн харахад би чинь тийм даруухан хүн биш шүү дээ. Хэнтэй ч танилцчихна, үг хэлээ ололцчихно. Гэтэл яг өөр дээрээ тулсан хувийн амьдралын асуудлаа төдийлөн тоодоггүй юм шиг байгаа юм. Үнэхээр л газар хэрэгтэй гэж бодсон бол тэр үед Зайсанд ямар л бол ямар газар авч болох л байсан. Тэр тухай санаанд ч орж байгаагүй. Илүү юманд шунах хэрэггүй гэдгийг хөгшчүүд маань мах цус, оюун ухаанд минь шингээснийх байх гэж баярладаг юм.

 

-Таны нөхөр бизнесмен хүн. Тэгээд ч тэр үү, дэд сайд болоход тань “тогооч” Оюундарь дэд боллоо гэх нь халаг шуум хэвлэлээр цацагдсан. Та эгдүүцээгүй юу?

-Эгдүүцэхгүй ч гэсэн аятайхан байгаагүй нь мэдээж. Гэхдээ миний 25 жил ханилсан ханийн дөрвөн мөчөөрөө хөдөлж байж босгосон ажилтай намайг холбосон болохоор юу гэх вэ дээ. Бид хоёр хар багаасаа, бүр дунд сургуульд байхаасаа үерхэж 18-хан настайдаа хүүгээ өлгийдөж авч байлаа. Өнөөгийн төвшинд хүрэх гэж бишгүйдээ зүтгэж, тэмцэж өдий хүрснийг мэддэг хүмүүс нь мэднэ. Эр нөхрийнхөө ажилд тус дэм болох нь эхнэр хүний үүрэг биз дээ. Тэр утгаараа нөхрийнхөө ресторанд аягыг нь угаагаад зогсч байсан өдөр олон. Буруу биш биз дээ. Миний хань, хүү бид хоёрыг сайн сайхан явуулах гэж гахай үүрээд явж байсан нь буруу биш. Энэ бүгдийн хүчинд сайхан л амьдарч байна. Ер нь миний өдий зэрэгтэй яваа нь сайн ханьтай учирсных гэдгийг хаана ч хэлнэ. 

 

-Та олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог. Буяны ажил ч их хийж байгаа харагддаг?

-Бага байхын л олон нийтийн идэвхтэн байлаа. Сургуульд байхад оролцохгүй юмгүй хүүхэд байж. Дараа нь залуучууд, эмэгтэйчүүд, намын гээд ёстой л оролцоогүй ажил ховор байх шүү. Миний зан тийм юм. Чаддаг мэддэгээ хэн нэгэнд зааж өгмөөр санагдаад, хажууд байгаа нэгний хийж байгаа нь болохгүй бол хэлээд, хийгээд өгмөөр санагдаад байдаг юм. Ямар ч ажил байсан ханцуй шамлаад л орчихдог. Ард нь гарахгүй л бол зогсдоггүй хүн шүү дээ. Нэг хэсэг  “Дэлхийн тавцанд хэрхэн өрсөлдөх вэ” гэсэн сэдвээр их дээд сургуулиудад хичээл зааж, лекц уншдаг байлаа. Хичээл заах чинь бас их сайхан шүү дээ.

 

Залуучуудад мэддэгээ хэлж өгөөд тэдний санал бодлыг сонсч, мэдэх их хийморьтой байдаг юм. Би оюутнууддаа “Хүн өөрийн хамгийн сайн чадах юмаа л хийх ёстой, улс орон ч мөн адил өөрийн онцлог давуу чанартаа л түшиглэж олон улсад өрсөлдөнө шүү” гэж хэлдэг байсан. Цөөн ч гэсэн залуу хүнийг амьдралынхаа зөв замыг барьж авахад нь тусалсан байж магадгүй гэж одоо боддог юм. Сүүлд надад, таны тэр үг санаанаас гардаггүй гэж оюутан байсан хүүхдүүд маань хэлэхийг сонсох сайхан л байсан. Сонирхуулахад, 2008 онд найзуудтайгаа нийлж “Монголын манлайлагч эмэгтэйчүүдийн нийгэмлэг”-ийг байгуулсан юм. Гишүүдээрээ дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх зорилготой төрийн бус байгууллага л даа. Зорилгынхоо хүрээнд Батсүмбэрийн Асрамжийн газрын ахмадуудад тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг анх хийж байлаа. Гэхдээ тусламж дэмжлэгийг албатай юм шиг гараа сунгаж авахгүй, өөрийнхөө гар хөл, оюун тархиа ажилллуулж, басхүү хөдөлмөрлөж байж хүртэх талаас нь бодож зохион байгуулсан юм. Ногоо тарих үр, пад пад трактор авч өгч, хүлэмж барьж өгсөн. Ногоо тарихаар бүх хүн оролцоно, мөн тарьсан ногоогоо арчилж ургуулах, зэрлэг зулгаах, намар хурааж авах гээд ахмадуудууд хөдөлгөөн хийх боломжийг ч олгосон. Эрүүл мэндэд нь хэрэгтэй. Бас нэг ширхэг төмсөө тав болгож авах бололцоог олгосонд хөгшчүүд дуртай байсан. Мөн ахмадуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, карт нээлгэснээ Асрамжийн газрын эмчид нь хүлээлгэн өгч, Иорданаас эмчилгээний тусламж оруулж ирж өгсөн гээд хэрэндээ л хичээж ажилласан.

 

-Хүний сэтгэлд юугаар ч орлуулж, салж болдоггүй хоногшиж байдаг газар бол төрсөн, өссөн нутаг. Та ер нь Сэлэнгэ аймаг руу явдаг уу. Эмээ өвөөтэйгээ хамт явж байсан дурсамж байдаг л байх даа.

-Монгол хүн нутаг усандаа залбирч явбал ажил төрөл нь бүтэмжтэй нутгийн уул, ус түшдэг гэдэг шүү дээ. Хэдийгээр би Сэлэнгэ аймагт төрж, өсөөгүй ч тэр сайхан нутгаас төрсөн сайн хүний үр сад болохоор сэтгэл маань байнга тэмүүлээстэй байдаг. Хар багаасаа л өвөөгийнхөө “Шкода”-д суугаад Орхоны хөндий, Хараа, Сэлэнгийн бэлчирээр мөн ч их явсан даа. Одоо тэнд очих бүрт тэр бүхэн зураг шиг л сэтгэлд тодроод ирдэг юм. Хөгшин аавынхаа дурсгалыг мөнхжүүлэхээр “Баатар ван Наваан-Юндэн” сангаа байгуулсан. Чадвал өвөөгийнхөө нутаг усныханд нь туслахсан гэж боддог юм.

 

Ийнхүү өгүүлэх Н.Оюундарь сайд яах аргагүй энэ цагийн эрдэм боловсролтой бүсгүйчүүдийн нэг. Өөрт байгаагаа өрөөлтэй хуваалцах халуун, дулаан сэтгэлтэй энэ бүсгүйд Монгол түмний шүтээн болсон овог дээдсийнх нь нэр төр, удам бий. Тэр удам угсаа, хийж бүтээснээрээ бахархдаг ч зарим нэгэн шиг цээжээ дэлдэж хийрхдэггүй. Хаа ч явсан, юу ч хийсэн амжилтаараа бахархаж, ажлынхаа сайхныг мэдэрч, сэтгэлээ өгч ажиллаж чаддаг Н.Оюундарь “Манай яамныхан Монгол Улсдаа хэрэгтэй бүхний эхлэлийг гадаадын улс орнуудтай яриа хэлэлцээ хийх бүртээ тавьж өгдөг юм шүү” хэмээн бахархана. Үнэхээр Гадаад хэргийн яаманд хамаарахгүй асуудал үгүй. Дэлхийн ямар ч улс оронтой Монголын талаар тус яамныхан л түрүүлж хэлэлцэн, тохиролцож, тохируулдаг аж.

 

Д.Сайнбаяр /Open door сонин/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
saihan shufarga hun bololtoi amkilt
2015-04-30
Unshigch:
Baxarxaj bna, mongol emegteichuudeer.
2015-04-29