Ганбөмбөлөг унацгүй болсон

Дээр нь хөх тэнгэр л байдаг гэж олноо шагшигдсан Д.Сугар эрхэм нэлээн хэдэн тооны ганбөмбөлөг нааш цааш өнхрүүлэх боломжийг гадаадын компанид олгосон гэсэн хэргээр шалгуулж буй тухай шуугиан гарч байлаа. Эрдэнэт үйлдвэрт шууд нийлүүлэгдэх ганбөмбөлгийн бэлдэцийг гадаадын компаниар зуучлуулан нийлүүлж, нэг компанид их хэмжээний мөнгө завших боломж олгосон хэргээр нутгийнхныхаа чихийг халууцуулж байв. Ганбөмбөлөг уул уурхайд маш хэрэгтэй эд. Өөртэй нь холбогдсон хүнээ ч их сандаргадаг нэхэл хатуутай “хар төмөр” гэмээр.
Өнгөрсөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүртэл “Эрдэнэтэд ган бөмбөлөг шахсан” гэх мэтээр яригдаж байв. Манай хүн ч нэг их гэдийсэнгүй гар цэвэр ганбөмбөлгөөр бизнес хийсэн утгатай тайлбарыг хийж байв.
.... Би “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлж байгаагүй дээ. Харин гуравдугаар цахилгаан станцад бол нийлүүлсээн. Гавъяат Г.Эрдэнэбат О.Балжинням бид нар нийлээд зах зээлийн жамаар гадаад худалдаа, үйлчилгээний “ББ” гэдэг компани байгуулж ажиллаж байлаа.... Ганбөмбөлөгөөс гадна ноолуурын бизнес ч хийж байлаа... Гэхдээ хууль зөрчөөгүй ... гэж учирлаж байлаа.
Эрдэнэт үйлдвэр жилд 32 мянган тонн ган бөмбөлөг хэрэглэдэг гэдэг. Үүнийг дагаад төрийнхөн Ганбөмбөлөгийг гадаадаас авч шахдаг ганган бизнес болгосон байдаг.
Д.Сугар ганбөмбөлөгийн бэлдэц нэг үйлдвэрээс нөгөө үйлдвэрт шууд нийлүүлэгдэхийг мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай хүн. Тэгсэн хэрнээ дунд нь гадаадын зуучлагч компани оруулж ирсэн байх жишээтэй. Экс ерөнхийлөгчийн үед түүний гарын хүмүүс энэ бизнес дээр гар дүрэх эрх авахад л алга урвуулах төдийд тэрбумтан болж байсныг ойрын хүмүүс нь одоо ч шагшин ярьдаг. Ерөнхийлөгчийн хүн гэх Ж.Мягмаржаргал "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ байгуулсан. Гэрээнийхээ үүргийг биелүүлээгүйгээс тус үйлдвэрт 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулчихаад байгаа тухай Н.Энхбаярын шүүн таслах хурлын үеэр шүүхийн нотлох баримтуудад дурьдагдаж байлаа. Үүн дээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ганбөмбөлөгийн бэлдэц захиалах гэрээ нь хэдхэн хүнд “хувьчлагдсан” байсан нь хууль хяналтын байгууллагаар шалгагдан олонд ил болж байсан.
Өнгөрсөн сараас эхлэн “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөөрөнцөг сувих цех 100 мм-ийн голчтой ган бөмбөлөг үйлдвэрлэж эхлээд байгаа мэдээ сонсогдлоо. Ингэснээр жилд 3.8 сая ам.долларын валютын гадагшлах урсгалыг дотооддоо хадгалах боломжтой болжээ. Эрдэнэт үйлдвэрт технологийн шинэчлэл хийснээр жилд 3300 тонн 100 мм-ийн голчтой ган бөмбөлөг хэрэглэх болсон байна.
Гаднаас шахаагаар оруулж ирдэг байсан ганбөмбөлгийг бодвол дотоодод үйлдвэрлэсэн 100 мм-ийн голчтой ганбөмбөлөг хатуулаг чанар сайтай хол илүү гэнэ. Хатуулаг чанар сайтай учир нунтаглах процессийн өртөг буурч, эрчим хүчний хэмнэлт хийх боломжийг үйлдвэрлэгчдэд олгосон гэж байна.
Одоохондоо 100 мм-ийн диаметртэй бэлдэцийг дотооддоо үйлдвэрлэх боломжгүй байгаа учраас бэлдэцээ импортолж байгаа. Харин 40, 80 мм-ийн голчтой ган бөмбөлөгийн бэлдэцийг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс авч байгаа гэнэ. Энийг чинь одоо ёстой “болоошдээ” гэнэ биз дээ.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа бэлдэцийн 20 орчим хувийг “Эрдэнэт” үйлдвэр худалдан авдаг болсон гэж байна.
Зөвхөн өнгөрсөн онд гэхэд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс 29.3 тэрбум төгрөгийн 22.6 тонн ган бөөрөнцөгийн бэлдэцийг худалдан авсан гэж “Эрдэнэт” үйлдвэрээс мэдээлснийг Блүүмбэрг телевиз онцолж байна. Онцлохоос ч аргагүй сайн мэдээ юм. Хэрэв ийм хэмжээний бэлдэцийг импортоор авсан бол 47.3 тэрбум төгрөгийг гадныханд өгч нэмээд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн зуун саяар нь дотоодын зуучлагч завшигчдын халаасанд үлдээх байсан биз.
Өнгөрсөн онд 25 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөөрөнцөг сувих цех энэ онд илүү боломжийг харж 27 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.Үүнийхээ 12 мянган тонныг нь одоогоор үйлдвэрлээд байгаа юм байна.
Жилд 50 мянган тонн ган бөмбөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай “Эрдэнэт” үйлдвэрийн ган бөөрөнцөг сувих цех одоогоор хүчин чадлынхаа 50 хувийг л ашиглаж байгаа гэнэ.
Цаана нь “Оюу Толгой”, “Цагаан суварга” зэрэг үйлдвэрүүд ган бөмбөлөг авна гээд харахад хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллах боломж ойрхон харагдаж байна. Ганц Эрдэнэт ч бус баяжмал үйлдвэрлэж байгаа уурхай бүр ган бөмбөлөг хэрэглэж байгаа. Зэс, төмрийн хүдэр баяжуулах, цементийн үйлдвэрүүд, цахилгаан станцууд ч нүүрсээ нунтаглахдаа ган бөмбөлөг хэрэглэдэг юм билээ. Манай оронд уул уурхай хурдтай хөгжихийн хэрээр ган бөмбөлгийн хэрэглээ нэмэгдсээр байх нь тодорхой байна.Үүгээр дээгүүр юм хийдэг байсан хүмүүст Ганбөмбөлөг унацгүй болжээ.
Үүний цаана Эрдэнэт үйлдвэрээс ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр мөнгө завшсан гэж хардагдан ивээн тэтгэгч нам бүлгийнхээ нэрийг гаргаж, чихийг халууцуулдаг хүмүүс дахиж гарахгүй байх. Шахааны бизнесээр төрийн мөнгийг саадаг нэг “торгоны зам “болсон ган бөмбөлгийн бизнес үүгээр нэг хаагдаж эрэлт нийлүүлэлтийн зөв голдиролдоо орох эхлэл тавигджээ. Бүгдийг тас хараар будаад яахав Цаагуур чинь бас үйлдэрлэгчид юм хийгээд бүтээгээд байна.
П.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ