Монголын волейболчид Хятадын багийг хожлоо

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын баг Хонгконгийн багтай тоглож, 3:0-ээр хожсон. Тэгвэл өчигдрийн тоглолт мөн л монголчуудын ялалтаар өндөрлөлөө. Өчигдөр 20.00 цагт Монголын баг БНХАУ-ын шигшээ багтай тоглож, 3:0-ээр хожиж, ялалтын буухиагаа үргэлжлүүлэв. Энэ тоглолтод холбон тоглогч Д.Билгүүний мэдрэмжтэй хууралт, техниктэй давуулалт, төгс холболт онцгой үүрэг гүйцэтгэсэн. Мөн довтлогч Э.Сайханбаатар, Э.Сайнбилэг, А.Мөнхбаяр нарын оновчтой довтолгоо ялалтад нөлөөлсөн. Үүнээс гадна өчигдрийн тоглолтод М.Мягмарсүрэнгийн солгой гарын шигтгэсэн довтолгоонууд чухал үед найдвартай оноо салгагч болж байсныг хэлэх нь зүйтэй. Ийн Монголын шигшээ баг хэсэгтээ хожигдолгүй, итгэл төгс тэргүүлж байна.
Өнөөдөр манай волейболчид БНСУ-ын багтай 20.00 цагт тоглоно. Энэ тоглолтод хожвол Монголын баг хэсгээсээ шалгарч, медалийн төлөө тоглох эрхтэй болно. Энэ ялалтад Монголын хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг эхний хоёр өдрийнхтэй адил чухал байх болно.
Дашрамд дуулгахад Саппоро, Жуковын музей, Спортын төв ордноос 13.00, 19.00 цагуудад автобус үнэ төлбөргүй үйлчилж буй.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ