Чөлөөтийнхөн талцаж эхэлжээ
Монголын чөлөөт бөхийн тамирчид хоёр талцаж эхэлжээ.
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай бөхчүүд оролцож чадаагүй нь Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон тамирчид хоорондоо таарамж муутай байдгийг олонд илчилсэн юм. Тэмцээнд орж чадалгүй эх орондоо ирсэн дасгалжуулагч, тамирчид хуурамч визний асуудалд удирдлагуудаа буруутгаж, урд хойдохыг нь дэлгэсэн юм.
Тэгвэл гавьяат тамирчин О.Пүрэвбаатар мөн л холбооныхоо удирдлагад бухимдалтай явдгаа илэрхийллээ.
Тэрбээр "Сүмогийн их аварга Д.Дагвадорж чөлөөт бөхөд олон сая төгрөг гаргасан гэж яриад байдаг. Тамирчдын зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж тайлангийн хурал дээр ярьсан байгаа юм. Эрэгтэй багийн тамирчдад нэг удаа л тэмцээнд явахад 15 сая төгрөг өгсөн. Бид мөнгө гуйж үзсэн. Мөнгөгүй л гэдэг. Тийм л бол тэр их мөнгийг юунд зарцуулсан байх уу. Та нар чадлаараа медаль авдаг гэж бодож байна уу, би Дэлхийн чөлөөт бөхийн холбооныхныг хахуульдаж авч өгдөг гэж тамирчдыг загнаж, доромжилсон. Д.Дагвадорж Монголын чөлөөт бөхийн холбооны хууль бус ерөнхийлөгч атлаа багш, тамирчдыг байнга загнаж дарамталдаг" хэмээжээ.

Ийнхүү чөлөөтийнхөн хоёр талцаж, нэг хэсэг нь их аварга Д.Дагвадоржийг өмгөөлж, нөгөө хэсэг нь түүн рүү "асч" эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ