Оргилд гарахад 850-хан метр үлдээд байлаа

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Олон улсын шилдэг уулчин, гавьяат тамирчин Т.Гүррагчаа сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр дэлхийн дээвэр цаст Гималайн ноён оргилд 74 насандаа түүхэн авиралт хийхээр 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эх орноосоо мордож, Австри, Энэтхэгийн уулчидтай нэг баг болон 4 дүгээр сарын 10-ны өдөр авиралтаа эхлүүлсэн юм.
Ийнхүү авирсаар 5 дугаар сарын 1-ний өдөр 8000 метрийн өндөрт хүрэх үед Балба улсад газар хөдөлж, гамшиг болсонтой холбогдуулан Эверестэд авирч байсан бүх улсын уулчдын авиралтыг зогсоож, авиралтыг нэг жилийн хугацаатай хориглосон албан ёсны шийдвэрийг Балба, БНХАУ-ын Уулын холбооноос гаргажээ. Уулчин Т.Гүррагчаа байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан Гималайн ноён оргилд хүрээгүй ч 74 настай хүнээс гарамгүй эр зориг гаргаж, 8000 метрийн өндөрт хүрч монгол хүний тэсвэр тэвчээр, хүч чадлыг дэлхийд харуулж чадлаа.
Тэрбээр авиралтын сонин сайхнаас сэтгүүлчидтэй хуваалцаж, Эверестийн оргилд гарахад 850-хан метр дутуу байсныг ярьсан юм.
Монголын уулчдын холбооны дэд ерөнхийлөгч А.Батсүх “Бид азтай хүмүүс юм. Тэрбээр хувийн бэлтгэлээ маш сайн базаасан, бэлтгэлээ сайтар хангасан байсан. Зөвхөн энэ авиралтад зориулж олон сар хөлсөө урсган хийсэн бэтгэл ОБЕГ, Монголын уучлдын холбоо болон түүнд тусалж, дэмжсэн олны ажил талаар болсонгүй. Түүний авиралтын үед байгалийн давагдашгүй хүчин зүйл боллоо. Эверестийн өндөр өөрчлөлт орсон ийм газар хөдлөлт өмнө нь болж байгаагүй. 8000 метрийн өндөр гарна гэдэг том амжилт. Дэлхийд 8000 метрээс дээш өндөртэй 13 оргил байдаг. Тэдгээр ууланд зөвхөн супер уулчид авирдаг, авирахаар зориглодог. Манай улсад 8000 метрийн өндөрт гарсан уулчин нэгээр нэмэгдлээ. Бид Т.Гүррагчаа гуайн тухай, тэр их эр зоригийнх нь тухай бахархан ярилцаад сууж байна” гэлээ.
70 нас гэхээр хүмүүс өндөр нас гэж боддог. Гэтэл өөрт сайхан зорилго байвал түүнийгээ биелүүлж амжилтад хүрдэг юм байна гэдгийг хэлж байсан юм.
Монголын уулчид цаст Гималайг зорих эхлэлийг спортын гавьяат багш Р.Зориг агсан тавьжээ. Тэрээр монгол хүний Гималайд авируулах зорилго өвөрлөж 1986 онд “Монгол алтай” клуб байгуулж, 1993 онд Энэтхэг, Балбын Засгийн газартай гэрээ байгуулан, 1994 онд манай 14 уулчин дэлхийн дээвэр цаст Гималайд хөл тавьж байжээ. Түүнээс хойш монголын 50 гаруй уулчин Гималайд хөл тавьж тэднээс 5 нь ноён оргил Эверестэд төрийн далбаагаа мандуулаад байгаа юм байна.
Уулын спортын тамирчин 8000 метрийн өндөртэй оргилд гарна гэдэг бол олимпид оролцсон тамирчны амжилттай дүйнэ. Монголын уулчид дэлхийн дээвэр цаст уулыг зорих болсон нь Р.Зориг агсантай салшгүй холбоотой гэдийг уулчин, гавьяат тамирчин С.Заяа онцолж байсан.
Б.Буд
Гэрэл зургийг П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ