Ц.Наранжаргал аваргаллаа

Олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал Азийн аварга боллоо. Кувейтэд болж буй жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүч үзсэн манай бөх өрсөлдөгчөө цэвэр ялж алтан медаль хүртлээ.
Ийнхүү манай тамирчид Азийн аваргын 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, 5 дугаар байрт 2, долоодугаар байрт 3 тамирчин шалгарсан амжилтаар медалийн чанараараа 31 улсаас гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
Эрэгтэйчүүдээс Д.Төмөрхүлэг 66 кг-ын жинд, Г.Одбаяр 73 кг-д, О.Ууганбаатар 81 кг-ын жинд тус тус хүрэл медаль хүртсэн бол +100 кг-ын жингийн Б.Тэмүүлэн V байрт, 90 кг-sн жингийн Л.Отгонбаатар VII байрт шалгарсан.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн Ц.Мөнхзаяа, 70 кг-ийн жингийн Ц.Наранжаргал нар алтан медаль хүртэж, гавьяат тамирчин М. Бундмаа 52 кг-д мөнгө, гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн мөнгөн медалийг хүртсэн. Мөн 57 кг-д Д.Сумьяа, 78 кг-ын жинд П.Лхамдэгд VII байрт, +78 кг-ын жинд О.Жавзмаа V байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байна.
Тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 6 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн Япон улсын баг тамирчид тэргүүлж, 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн БНСУ-ын баг тамирчид удаалж байна.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ