Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг

img

 

Тун удахгүй оюутан, сурагчид, цэцэрлэгийн багачуудын амралт эхэлнэ. Мөн их хотын завгүй ажилчны армийн нэг “цэрэг” та ч бас ээлжийн амралтаа авах гэж байна уу. Тэгвэл  Хөдөлмөрийн яамнаас гаргасан хуулийн дараах зөвлөгөөг хүргэж байна.

Энэ талаар мэдсэнээр та ажил олгогчийнхоо “аманд багталгүйгээр” өөрөө тооцоод гаргачихаж чадна. 

 


-Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцдог вэ?


-Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.

 



-Ажилласан хугацаа нь жил хүрэхгүй тохиолдолд яах вэ?


-Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Жишээ нь: ажилтан А байгууллагад 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд ажилд ороод 2014 оны долдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно гэсэн үг.

 



-Ээлжийн амралтын олговроос шимтгэл суутгал авах уу?


-Авна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулдаг.

 


-Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?

 

-Ээлжийн амралт үндсэн ба нэмэгдэл амралтаас бүрдэнэ. Үндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгүйгээр ажилтан бүр эдэлдэг.

 

Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг.
-6-10 жилд ажлын 3 өдөр;
-11-15 жилд ажлын 5 өдөр;
-16-20 жилд ажлын 7 өдөр;
-21-25 жилд ажлын 9 өдөр;
-26-31 жилд ажлын 11 өдөр;
-32, түүнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна.

 

 

-Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд ордог уу?

-Орохгүй.  Ер нь дараах тохиолдлыг ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггүй.

 

Үүнд:
- Нийтээр амрах баярын өдрүүд;
- Долоо хоногийн амралтын өдрүүд;
- Жирэмсний болон амаржсаны амралт;
- Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
- Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.
- Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө үү?
- Ээлжийн үндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. 

 


-Ээлжийн амралтыг хэдий хугацаанд ажилласны дараа авах эрхтэй болох вэ?


-Ер нь хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсаны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаараа байгууллагууд зохицуулдаг.

 


-Хүүхэд асрах чөлөө дуусч, ажилдаа ороод дөрвөн сар болсон эх ээлжийн амралтаа бүтнээр нь авч болох уу?


-Болно. Ээлжийн амралт бодож олгох тухай зааварт зааснаар хэрвээ ажилтан ажлаас халагдах тухай асуудал тавигдаагүй байгаа бол түүний ээлжийн амралтыг ажилласан хугацаанд ногдуулж биш ажлын бүтэн жилээр тооцож олгохоор тусгасан байдаг.

 


-Хэрэв ажлаас халагдаж байгаа бол ажилтны ээлжийн амралтын тооцоо хийж, ээлжийн амралтын мөнгө олгох уу?


-Тиймээ. Ажилтныг ажлаас халагдах үед ажил олгогч нь ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ. Ээлжийн амралтын тооцоог дор зааснаар хийнэ.

Үүнд:

а/ ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох,

б/ ажилтнаас суутгал тооцох.

 


-Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хаанаас авах вэ?


-Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагынхаа ажил олгогчтой ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралт олгож болно.

 


-Ээлжийн амралтыг биеэр эдлэхгүйгээр ажилласан бол яах вэ?


-Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлдэг. Харин ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна. Иймд ажил олгогчийн шийдвэрээр ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа эдлээгүй бол ямар хэмжээний мөнгөн урамшуулал олгохыг урьдчилан тохирох нь зүйтэй.

 



-Насанд хүрээгүй ажилтны ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ?


-18 насанд хүрээгүй ажилтны үндсэн амралт ажлын 20 өдөр байдаг. Хэрэв 18 насанд хүрээгүй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хүрсэн бол түүний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хүрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хүрсний дараах ажилласан хугацаанд ногдох амралтын өдрийг тус тус тооцож гаргана.

 



-Ээлжийн амралт олгохгүй тохиолдол байдаг уу?


-Байна. ЭМНХ-ын сайдын 166 дугаар тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох заавар”-т дараах тохиолдлуудад ээлжийн амралт олгохгүй гэж заасан байдаг.


Үүнд:
-Цэргийн жинхэнэ алба хаасан;
-Тэтгэмжтэй чөлөөтэй байсан;
-Техник мэргэжлийн сургуульд суралцсан;
-Зургаан сараас дээш хугацаагаар мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр суралцсан эдгээр хугацаанд ээлжийн амралт олгохгүй юм.

 

Жишээлбэл, ажилтан 2013-2014 онд гурван сар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол энэ гурван сарын хугацаа нь амралт бодогдох 12 сарын хугацаанд орохгүй гэсэн үг юм.

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ