
Монгол Улсын газрын тосны бололцоо тодорхойгүй хэвээр байгаа ч нааштай хүчин зүйлс байна. Тухайлбал, хоёр сав газарт газрын тос байгаа нь олдворуудаар илэрсэн; газрын тосны резервуарууд харьцангуй гүехэн тул үйл ажиллагааны зардал бага талдаа байгаа; сав газрын хэмжээ том байгаа; газрын тосыг экспортлоход Хятадын зах зээл ойр байгаа зэрэг нь нааштай зүйл гэдгийг ОУВС-ийн судалгаа харуулж байгаа аж.
Гэхдээ тухайн бүсийн тектоникийн бүтэц төвөгтэй бөгөөд зарим резервуаруудын чанар муугаас, тухайлбал нэвтрүүлэлт муу байдгаас үүдэн резервуар бүрт илрүүлсэн нөөц нь харьцангуй бага хэвээр байна. Мөн салаалалт хийж, ус шахсаны дараагаар ч худгийн бүтээмж бага буюу өдөрт 50 орчим баррель газрын тос гаргадаг боловч зарим худагт 200 баррелиэс давдаг байна. Байгаа талбайнуудаас гарах гарцын тооцоолсон үзүүлэлт мөн нэлээд доогуур дүнтэй байна. Tиймээс Монгол Улс газрын тосны бололцоогоо илүү сайн үнэлэхийн тулд хайгуулын хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. 1000 орчим худаг гаргасан боловч газрын тосны цөөн хэдэн нөөц л илэрсэн ба олборлолтын хэмжээ дундавтар байна. Нөөцийн хорооны одоогийн тооцоогоор газрын тосны батлагдсан нөөц нь 22,2 сая метрийн тонн (166 сая баррел) байна. 2010 онд өдөрт 5,975 баррель газрын тос олборлогдсон нь бүхлээрээ Хятад Улс руу ачааны тэрэг болон галт тэргээр экспортлогдсон. Газрын тосны Хэрэг эрхлэх газраас өгсөн сүүлийн үеийн хэтийн тооцооллыг үзвэл газрын тосны олборлолт 2015 онд өдөрт 21800 баррель тос буюу дээд хэмжээндээ хүрч, аажмаар бууран 2025 он гэхэд өдөрт 12000 баррель тос болохоор тусгагджээ. Олборлолт голчлон 21-р блок буюу ПетроЧайна Дачин компанийн хайгуул явуулж буй Тамсагийн сав газраас гарах ба 2015 онд хамгийн их гарцтай байх буюу өдөрт 19000 баррель тос олборлох тооцоотой байна. Үлдсэн хэсэг нь 97-р блок буюу Синопек компанийн ашиглалт явуулж буй талбайгаас олборлох тооцоотой аж. 2010 – 2029 онуудын хооронд Тосон Уул ба 97-р блокуудын нийт олборлолт 107 сая баррель тос болохоор тооцоологджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ