Далд уурхай ба нээлттэй төлөвлөгөө

“Улс баян бол иргэн баян” гэх тэртээх 25 жилийн өмнөх социалист уриа өнөө ч бидэнд үйлчилсээр байна. Улсын эдийн засаг хямарч, дампуурахад баяжиж, хөрөнгөжсөн цөөн тооны иргэн нийтийг төлөөлөхгүй гэдгийг өнөөдрийн хямрал бидэнд дэндүү сайн мэдрүүллээ. Тиймээс ч “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурж, 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх мэдээлэл олон нийтийн сэтгэлийг сэргээж, нуруун дээрх ачааг нь хөнгөлсөн мэт тайвшрууллаа.
“Оюутолгой”-н далд уурхай нийт ордынхоо 80 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, гол цөм нь гэсэн үг. Одоо бид далд уурхайг хэр ашигтай, харилцан тохиролцсон гэрээ, төлөвлөгөө баталснаас ирээдүйд хүртэх бидний хувь хишиг хамаарна. Хувь хишгийг “иргэн бүрт сар бүр оногдож байсан 20 мянган төгрөг” мэтээр төсөөлөх нь дэндүү гэнэн, өрөөсгөл ойлголт. Эдийн засгийн сэргэлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нь амьжиргаанд нөлөөлөх далайцтай хувь шиг гэдгийг өнгөрсөн хугацаан иргэд илүүтэй ойлгосон. Улсын эдийн засаг сэргэнэ гэдэг нь иргэдийн амьжиргаа сэргэсэн гэсэн үг.
“Оюутолгой”-н Далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурагдсанаар олон улсын биржид манай бонд, хувьцааны үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулагчдын харц наашаа эргэсэн эерэг мэдээлэл дагуулсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил үргэлжилсэнээр эхний ээлжинд олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4.2 тэрбум, нийтдээ 6 тэрбум ам.долларын санхүүжилтийг татна. Менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 6 хувиас бууруулж 4.5 хувьд, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 6 хувь байсныг 3 хувь болгож буурууллаа. Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.доллар, төсөл үргэлжлэх хугацаанаас шалтгаалж нийт 1 тэрбум хүртэлх ам,долларын бодит хэмнэлтийг Оюутолгой компанийн хувьд бий болгосон. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар, нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт орно гэж үзэж байна гэсэн эдийн засаг сэргэсэн, хөгжилд тэмүүлсэн таатай үе ирлээ.
Одоо талууд санхүүжилтээ шийдвэрлэн хөрөнгө оруулалтаа хийж, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх их замын эхэнд зогсож байгаа билээ. “Оюутолгой”-н далд уурхайн төлөвлөгөөнд ямар ямар асуудлыг туссаныг онцолъё.
“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний ерөнхий зүйлд “ОТ ХХК нь Монгол Улсын хууль тогтоомж болон ХөОГ-нд заасны дагуу Монгол Улсын холбогдох бүх хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй ба ингэхдээ ХөОГ-нд заасан эрх зүйн болон татварын орчныг тогтворжуулах тухай заалтуудыг баримтална” гэдгийг дурджээ.
Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу “Оюутолгой” төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Засгийн газар нь “Оюутолгой” төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг тэмдэглэсэн байна.
“ОТ ХХК нь “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн удирдлага дор, Монгол Улсын хууль тогтоомж, ХөОГ, НӨОДТХНГ-ний дагуу, санхүү, эдийн засгийн зарчмуудыг удирдлага болгон, ашиг олох зорилго бүхий аж ахуй нэгжийн хэлбэрээр ажиллана гэдгийг Талууд тэмдэглэж, бататгав” гэсэн нь Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Оюутолгой Засгийн газрын бус компани хоорондын асуудал болсныг үүгээр баталгаажуулжээ.
Гэхдээ компани хооронд, бизнесийн асуудал гээд төрийн хяналтнаас гарах, орхигдох асуудал үүсэхгүй. Үйл ажиллагаа нь манай хуулийн хүрээнд явагдана. Төлөвлөгөөнд хяналт хэрхэн хийгдэх талаар ч тодорхой тусгажээ. “ОТ компанийн засаглал, санхүүжилт, санхүүгийн үйл ажиллагааг хянаж удирдах зорилгоор:
а/ НӨОДТХНГ-нд заасны дагуу ОТ ХХК-ийн данс бүртгэлийг олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт болон НӨОДТХНГ-ний 8.3-т заасан нягтлан бодох бүртгэлийн стандарт шаардлагын дагуу аудитын олон улсын стандарт, туршлагад нийцүүлэн жилд нэгээс доошгүй удаа “Оюутолгой” компанийн ТУЗ-өөс Монгол Улсын хуулийн дагуу томилсон хөндлөнгийн аудитын Монгол компаниар шалгуулна.
б/ Жил тутам хийгдэх эдгээр аудитаас гадна Далд уурхайн үе шатны хөрөнгө оруулалтын зардлын хяналт, тайланг тусгайлан хянах зорилгоор “Оюутолгой” компанийн ТУЗ шаардлагатай тохиолдолд нэмэлт аудит хийлгэх хүсэлт гаргаж болно.
c/ ОТ ХХК-ийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах зорилгоор засаглалын дараах арга хэмжээнүүдийг шинээр нэвтрүүлсэн. Үүнд:
-Аудитын хороо зарим (худалдан авалт, хөрөнгө оруулалтын зарцуулалт, санхүүжилт зэрэг) үйл ажиллагаанд нарийвчилсан хяналт тавьж ажилласан.
-Үйл ажиллагааны явцад хяналт тавих сар тутмын хурлуудыг (хөрөнгө оруулалтын зарцуулалт зэрэг) зохион байгуулдаг болсон.
Аудитын хорооны даргаар зохих шалгуурт нийцэх “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнийг Монголын талаас нэр дэвшүүлэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллуулна” гэдгийг тохиролцсон байна.
Харин далд уурхайгаас эдийн засагт үзүүлэх нөлөөллийг дараах байдлаар төлөвлөжээ. Үүнд:
“Далд уурхайн үе шатны бүтээн байгуулалт, үйл ажиллагааны зардал, Монгол Улсын Засгийн газарт төлөх төлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэрт зарцуулагдах зардлын тооцоо, бүтээн байгуулалтын ажлын болон зардлын төлөвлөгөөг дараах хүснэгтэд тойм байдлаар үзүүлэв. Энэхүү хүснэгтэд танилцуулсан тоо баримтууд нь төслийн цар хүрээ, зардал, график төлөвлөгөө, техникийн үзүүлэлтүүд, зах зээлийн нөхцөл байдал зэрэг Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсан өгөгдлүүд дээр үндэслэн тооцоологдсон болно. Монгол улсын дотоодод зарцуулах зардлыг “Оюутолгой” компанийн хуримтлуулсан туршлага, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө зэрэгт тулгуурлан тооцож энд үзүүлсэн байгаа ба зохих чанарын шаардлагыг хангах, зардлын хувьд хэмнэлттэй дотоодын ханган нийлүүлэгчдээс хамаарна гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Бүх тоог цаг хугацааны энэ мөчлөг дэх нөхцөл байдал дээр үндэслэж тооцсон бөгөөд тэдгээрт баталгаа гаргахгүй тул бодит гүйцэтгэлээр эдгээр тооцооллоос зөрүүтэй дүн гарч болно.
-ХөОГ-ний 4 дүгээр бүлэгт заасны дагуу ОТ ХХК нь Өмнөговь аймаг, Ханбогд сум, Манлай сум, Баян-Овоо сум, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг Талууд бүрэн дэмжиж байна. Уг Хамтын ажиллагааны гэрээний дагуу ОТ ХХК жил бүр 5 сая хүртэлх ам.долларыг Өмнөговийн бүс нутгийн хөгжилд зориулан олгоно. ОТ ХХК нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд тэр дундаа Өмнөговь аймагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгож тэдний нийлүүлж буй бараа үйлчилгээг болон Монгол улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, сэлбэг хэрэгсэл зэргийг цаг хугацаа, зардал, тоо хэмжээ, чанарын хувьд өрсөлдөхүйц байх нөхцөлтэйгөөр, тэргүүн ээлжинд худалдаж авна. Оюутолгой төсөлд шаардлагатай ачаа тээврийн үйлчилгээг авахдаа дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу тал олгоно. ОТ ХХК-ийн энэхүү үүргийн биелэлтэд Аудитын хороо хяналт тавьж ажиллана.
-Энэхүү Төлөвлөгөөг баталснаас 30 хоногийн дотор, Таван толгойн цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч худалдаж авахтай холбогдуулан, ОТ ХХК-ийн хүлээсэн үүрэгт дэмжлэг үзүүлэх үүднээс Төлбөрийн чадамж сайжруулах механизмын төсөөллийг Таван толгойн цахилгаан станцын Төсөл хэрэгжүүлэх нэгжид бэлтгэн өгөхөөр, ОТ ХХК болон Туркойс Хилл компаниуд тогтов. Төлбөрийн чадамж сайжруулах механизмын төсөөллийг Туркойс Хилл компанийн зүгээс өгөхөөр тооцож байгаа ба Туркойс Хилл бусад холбогдох этгээдээс эцсийн байдлаар дэмжлэг үзүүлэх эсэх, түүний хэмжээг Таван Толгойн цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч нартай хийх яриа хэлэлцээнээс хамааран шийднэ.
-Зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах, ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг ОТ ХХК нь 2016 оны 9 дүгээр сараас өмнө боловсруулна”.
Энэчлэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөө олон нийтэд нээлттэй, дэлгээтэй байна.
Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг АНЭУ-ын Дубай хотноо үзэглэхэд эдийн засаг сэргэх нь хэмээн олон нийт талархан хүлээж авсан бол, хэсэг бүлэг хүмүүс “хаа холын Дубайд “Оюутолгой”-н асуудлыг шийдвэрлэсэн нь “но”-той. Ямар нэг нууц, далд гэрээ, хэлэлцээр үүний ард байна” хэмээн хардаж, сэрдэж байна. Ер нь хүмүүсийн хардах, сэрдэх нь зөв, байгалийн баялаг бүхий стратегийн ордодоо гадаадын хөрөнгө оруулалт татаж байгаа бидний хувь нэг талаас эдийн засгаа сэргээж, амьжиргаагаа дээшлүүлэх хөшүүрэг болгож байгаа ч нөгөө талд газар нутгаа бусдаас хамгаалах түмний сэтгэлийг үгүйсгэж болохгүй. Басхүү газар нутгаа хайрлан хамгаалах олны сэтгэл дээр улстөржсөн тоглолт ч хэрэггүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлвэл тэнд очиж ажиллах хүчин харин ч бидэнд байгаа. Хэдэн жилийн өмнө бүтээн байгуулалт эхлүүлэхэд мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байна хэмээж байсан бол одоо энэ асуудлыг цэгцэлсэн.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд улсын бодлогоор ч, муулаад байгаа “Оюутолгой” компаниас ч мэргэжилтэн бэлтгэж, ажиллуулж ирсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс Оюутолгойн хөрөнгө оруулалт, зээлээр орж ирсэн хэдэн тэрбум ам.долларыг салхинд хийсгэсэн ч бэлтгэгдсэн мэргэжилтэй залуу боловсон хүчнүүд өнөөдөр бидний үнэт капитал болж үлдсэн. Үүнийг ч басхүү онцлох хэрэгтэй болов уу.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ