Ч.Сайханбилэгийн стратеги буюу сонгомол эдийн засаг

Шийдлийн Засгийн газар байгуулагдсан хагас жилийн хугацаанд манай улс дотооддоо хямралтай байсан хэдий ч гадаад талдаа эдийн засаг, худалдааны хүрээгээ тэлж, глобалчилж чадлаа. Үүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн эдийн засагжсан бодлоготой салшгүй холбоотой гэдэгт маргах нэгэн цөөхөн биз. Өнөөдөр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа эдийн засгийн түншлэлээр бэхжин шинэ шатанд гарсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол, Японы парламентаар батлагдан хэрэгжихэд бэлэн болсон.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоны дараах анхны айлчлалаа наран улсаас эхлүүлж, олон жил яригдсан Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үзэглэсэн нь өнөөдөр ийнхүү хэрэгжих биелэлээ оллоо. Эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад айлчилж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхахдаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр засгийн газрын хамтын хүчин чармайлтаар байгуулагдсаныг онцолсон байна лээ.
Хэлэлцээр батлагдсанаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад том алхам болсон төдийгүй гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой билээ. Өнгөрсөн сард зохиогдсон “Эдийн засгийн форум-2015”-ын үеэр ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Бид далайцтай бодлого руу чиглэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч экспортыг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хүрээг өргөжүүлэх үүрэг өгсөн. Тиймээс Япон улстай эдийн засгийн түншлэл хийсэн. Чөлөөт худалдааг аж үйлдвэрийн алсын хараатай уялдуулах, хоёр орны хоорондох экспорт, импортын гаалийн татварыг хоёр талд ашигтай байлгах зэрэг өргөн боломж бидний өмнө нээгдэж байна. Энэ гэрээ хэлэлцээр үр дүнгээ өгнө гэж эргэлзэхгүй байгаа” гэдгээ илэрхийлсэн.
Ийнхүү Монгол-Японы эдийн засгийн түншлэл буюу сонгомол чөлөөт худалдаа нь Монгол Улсын хувьд анхны хэлэлцээр. Японы улсын хувьд 11 дэх түнш нь. Японы стандартад чанар, эрүүл ахуй гээд маш олон шаардлага тавьдаг. Энэ бол бэрхшээл биш. Хэрвээ тэдний чанарыг хангасан бүтээгдэхүүнээ гаргавал аль ч орны зах зээлд чөлөөтэй гарна. Тиймээс энэ нь манай дотоодын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Ирээдүйд манайд аж үйлдвэрийн салбар хөгжих юм.
Монголын талын 5700, Японы 9700 орчим барааг 10 жилийн хугацаанд гаалийн тарифаас чөлөөлж байгаа юм байна. Ингэхдээ Монголын тал 50 хувийг, Японы тал 99 хувийг чөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбартай уялдуулж энэ хэлэлцээрийг хийсэн байна. Өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, арьс шир, нэхмэл зэрэг бүтээгдэхүүнийг Японы зах зээлд импортлоход гаалийн татвараас чөлөөлжээ. Хамгийн түрүүнд энэ хэлэлцээрийг ашиглах боломжтой салбар нь нэхмэл сүлжмэлийн үйлдвэр гэж үзэж байгаа. Учир нь манайд энэ төрлийн үйлдвэр хөгжүүлэхэд ажлын байр ихээр нэмэгддэг байна.
Нөгөөтэйгүүр энэ хэлэлцээр нь улс төрийн өндөр ач холбогдолтой аж. Хэлэлцээр баталгаажснаар бидэнд үйлдвэрлэлийн сүлжээнд орох боломжууд нээгдлээ. Гурав дахь хөршийн бодлого эдийн засгийн агуулгаар баталгаажиж байна. Энэ нь бидэнд эдийн засгийн боломжийг нээж, бусад оронд эерэг мессэж өгч байна.
Тэгвэл шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хоёр дахь гадаад айлчлалаа Арабын нэгдсэн Эмират улсад хийж мөн л эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлогоо тэллээ. Айлчлалын үеэр хоёр жил хүлээгдэж, шийдэгдээгүй байсан “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь Монголын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдад сайн мэдээлэл болж, гадаад зах зээл дэх манай бонд, хувьцааны ханш огцом өсч, үр дүнгээ баталгаажуулсан билээ. АНЭУ нь 9 орчим сая хүнтэй. Нэг хүнд ногдох ДНБ нь 50 мянга орчим ам.доллар. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд зургаад ордог, баян орон. 1970-аад оны дунд үеэс газрын тос, байгалийн хийн олборлолт тус улсад хүчтэй өрнөсөн учраас өнөөдөр эдийн засаг нь хурдацтай хөгжиж, хүмүүс тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, дэлхийн эдийн засгийн томоохон төв болж чадсан улс юм. Тиймээс ч “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөг Дубайд үзэглэсэн нь олон улсын анхааралд өртсөн. Эдийн засаг хямарсан үед гадаад хөрөнгө оруулагчид нааш эргэж, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн хүрээнд нийтдээ 6 тэрбум ам.долларын, жилдээ 1.2 тэрбум ам.доллар Монгол орж ирнэ. Энэ хэрээр эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхижих урсгал хаялга өндөртэй төлөвлөгөө байлаа.
Үүнийг айлчлалынхаа явцад шийдвэрлэсэн нь шинэ, залуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн алсын хараатай эдийн засгийн бодлого гэж ажиглагчид дүгнэж байна лээ. Харин “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан арга хэмжээ нь Ерөнхий сайдын АНЭУ-д хийсэн айлчлалын хөтөлбөрийг бүдэгрүүлсэн гэж болно. Айлчлалаар тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай уулзаж хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар ярилцжээ. Айлчлалын хүрээнд давхар татвар, хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах, Улаанбаатар-Дубай чиглэлд шууд нислэг үйлдэх зэрэг гэрээ хэлэлцээрүүдийг хоёр тал амжилттай хийж чадвал хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгээ Эмиратын тал илэрхийлжээ. Хоёр улс Элчин сайдын яам байгуулах асуудлаар ойрын үед шийдвэр гаргахаар тохиролцсон байна.
АНЭУ-ын CIB сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын том төслүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санг Монголд байгуулах боломжтой болжээ. Манайд байгуулагдах хөрөнгө оруулалтын энэ сан бүтээн байгуулалтад оролцож буй компани, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг дэмжих зорилготой аж.
Цаашлаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэгийн Ерөнхий сайдын хувьд анх удаа айлчилсан, ноён Н.Модигийн айлчлал ч хоёр улсын харилцааг эдийн засаг, хөрөнгө оруулалтад шилжүүлж, стратегийн түвшинд хүргэсэн. Энэ айлчлалаар Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж буйгаа мэдэгдсэн. Үүнийг мөн л Шийдлийн Засгийн газрын эдийн засгийн бодлоготой уялдуулж үзэхээс аргагүй.
Магадгүй,”Олон жил яригдаж, тал талаасаа хэлэлцэгдсэн Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөө цаг хугацааны тохироо бүрдэж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарын үсэг зурснаараа азтай” гэж хэдэрлэх нэгэн байж болох. Энэ нь ч үнэн. Гэхдээ хоёр улсын Засгийн газар, хэдэн компанийн удирдлагуудын батлагдаагүй баримт бичгийн хавтаст үдэгдэн хэдэн жил дарагдсан хэлэлцээр, төлөвлөгөөнд талуудыг ойлголцол, итгэлцэлд хүргэн, гарын үсэг зуруулж, цаасан дээрх бүтээн байгуулалтыг “амь оруулж” чадсан нь Ч.Сайханбилэгийн давуу тал.
Хэнтэй ч ойлголцож, хамтарч ажиллаж чадна хэмээн Засгийн газраа байгуулж байсан шинэ Ерөнхий сайдын төрөлх ч гэх үү, төлөвшсөн зан нь улстөрчийнх нь имиж болон бүрдэж чаджээ. Энэ имиж хувь улстөрчийн төдийгүй улс орны дипломат харилцаанд эергээр туслаа.
Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш, Монгол Улсын их сургуулийг хуульч, АНУ-д Жорж Вашингтоны их сургуулийг тус тус дүүргэсэн, орос “школ”-той ч барууны талыг баримлагч гэгддэг шинэ Ерөнхий сайдын дотоод хийгээд стратеги сонгомол эдийн засагт тулгуурлан цааш үргэлжилж байна.
Эдүгээ шийдлийн Засгийн газрын "Тавантолгой"-н төслийг хэрэгжүүлнэ чадна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байгаа. Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн стратеги, сонгомол эдийн засгийн бодлого үр дүн , иргэдийн амьжиргаанд төдийгүй улсын хөгжилд хурд, хүч өгөх биз ээ.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ