Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээн манайд болно

img

Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны хурал Улаанбаатар хотноо энэ сарын 22-25-ны өдрүүдэд болсон. Хурлын үеэр 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах эрх олгох санал хураалт болжээ.

 

Манай улс 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээний эрх авахаар Хятадын Тайваньтай өрсөлдөж, санал өгөх албан ёсны 9 гишүүн санал өгөхөд 6 гишүүний саналыг авч, эх орондоо зохион байгуулах эрхийг авсан байна. 

 

Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тэмцээний урьдчилсан тоглолтууд Хандгайт дахь “Олимп” спорт цогцолбор, Буянт–Ухаа спорт ордонд болж шигшээ тоглолт Буян-Ухаа спортын ордонд явагдахаар төлөвлөгдөж байгаа аж.


Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд манай оюутан сагсан бөмбөгчид 2006, 2008, онуудад амжилттай оролцож байсан бол 2010, 2012 онуудад хүрэл медаль авч 2014 онд V байрт шалгарч байсан юм.

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ