Реал Мадрид дасгалжуулагч Карло Анчелоттиг халлаа


Аваргуудын лигт түрүүлж, 10 дахь удаагаа европын аварга болж байснаас хойш яг нэг жилийн дараа Реал Мадрид клүб дасгалжуулагч Карло Анчелоттиг халлаа. Клүбийн ерөнхийлөгч Флорентино Перез үүнийг албан ёсоор нийтэд мэдэгдсэн бөгөөд түүнийг Реал Мадридийн ерөнхийлөгч хийж буй 12 жилийн хугацаанд ажлаа өгч байгаа 9 дэх дасгалжуулагч нь Анчелотти болж байна. 55 настай Итали дасгалжуулагчийн гэрээ дуусахад нэг жил үлдсэн байсан ч энэ улирлыг цомгүй дуусгаж байгаа нь Испанийн нийслэл хотын багийн удирдлагад таалагдаагүй бололтой. Испанийн цом болон Аваргуудын лигт өнгөрсөн жил түрүүлж байсан Реал Мадрид энэ улиралд лигтээ Барселона клүбийн ард аман хүзүүдэж, Аваргуудын лигийн хагас шигшээд Ювэнтүс багт хожигдон, цомын тэмцээнээс эрт мултарсан юм. Гол өрсөлдөгч Барселона нь энэ улиралд лиг, испанийн цом, Аваргуудын лигт түрүүлж “требль” хийх боломжтой. Цаашлаад цомынхоо тоог 6 хүргэх боломжтой байна.
Уг нь Реал Мадридийн ихэнх тоглогч ирэх улиралд Карло Анчелоттитой хамт байна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн ч удирдлагууд шинэ уур амьсгал багт нь хэрэгтэй гэж үзжээ. Анчелотти одоо хэсэг хугацаанд амарч, нурууны гэмтлээ эдгээхийн тулд мэс засалд орохоор төлөвлөж байгаа гэнэ. Түүнийг багтаа авчрахаар Вест Хэм, Ливэрпүүл, АС Милан багууд оролдож байгаа билээ. Харин Реал Мадридийн хувьд ирэх 7 хоног гэхэд шинэ дасгалжуулагчтай болно гэж Флорентино Перез хэлсэн.
Реалын дараагийн дасгалжуулагчид Рафаэл Бенитез, Юргэн Клопп болон Валенсиа багийн Нуно Эспирито Санто, Севилья клүбийн Унай Эмери нарын нэр яригдаж байна.
Эх сурвалж: www.scoreport.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ