Гайхалтай улирлын сүйрсэн төгсгөл


Атланта Хокс багийн улирлыг дүгнэе. Улирлын эхний 48 тоглолтынхоо 40-т нь хожсон. 1-р сарын хийсэн 17 тоглолтондоо бүгдэд нь хожсон түүхэндэх анхны баг болов.
Үр дүнд нь дөрвөн тоглогч нь бүх оддын тоглолтонд шалгарлаа. Хүчирхэг өрсөлдөгчид болох Кливленд Кавальерс, Чикаго Бүллс, Вашингтон Визардс, Торонто Рэпторс зэрэг багуудыг ардаа хийж бүсийн тэргүүн багаар улирлыг дуусгав.
Плейофф нь тааруухан эхэлсэн ч, явсаар шилдэг дөрвөн багийн нэгт хүрсэн. Багийн довтлогч Демарри Карролл өөрийгөө илүү чадамжтай гэдгээ батлан харуулж, Атланта Хоксын олон талт тоглолтыг илүү хүчтэй болгож өглөө. Гэвч тэд хааны өмнө хүчин мөхөстлөө.
Өөрийн талбайдаа хоёр дараалан ялагдаж, дараа нь цувралын ойртуулах сайхан боломжоо алдсан тэд өнөөдөр зуны амралтаа эхлүүллээ.
Гайхалтай улирлын амжилт, мартмаар ялагдлаар дуусч байгаа нь харамсалтай. 0-4 гэсэн үр дүнг ямар ч багийн удирдлага, тоглогч, фенүүд хүсэхгүй. Тэр тусмаа бүсийн шигшээд.
Гэхдээ Хоксын гайхалтай улирал зөвхөн энэ хожигдлоор дуусчихгүй.
Табо Сефолошагаас эхэлсэн гэмтлийн цуврал Демарри Карролл, Кайл Корвер, Ал Хорфорд зэрэг гол тоглогчдоор үргэлжиж эцэст нь Пол Миллсапаар дуусч байгаа бололтой. Дөрөвдүгээр сарын эхээр мөрний гэмтлээсээ болж 5 тоглолт өнжсөн Миллсап, гэмтлээ 100 хувь эдгэрүүлж чадалгүйгээр плейоффыг эхлүүлсэн байна.
Шат ахих тусам түүний гэмтэл тоглолтонд нь нөлөөлж байснаас харахад энэ зун тэрбээр мэс ажилбарт орох бололтой.
Хагалгаанд орвол хэдэн долоо хоногоор биш хэдэн сараар хэмжигдэх хугацаанд сагсан бөмбөгөөс хол байх ёстой.
Кайл Корвер хэдийнээ шагайндаа мэс ажилбар хийлгэхээр болж, урьдчилсан байдлаар 4-6 сар талбайд гарахгүй гэсэн тооцоо байгаа бол Миллсап түүнтэй нэгдэж магадгүй байна.
Тэгэхээр Атланта Хоксын ирэх улирал санаснаар эхлэхгүй байж мэдэх юм. Түүнээс гадна Пол Миллсап, Демарри Карролл, Перо Антич нар чөлөөт агент болж байна. Тэднийг бүгдийг нь авч үлдэхийн тулд одоо өгч байгаагаасаа илүүг амлах ёстой нь мэдээж. Ялангуяа Демарри Карроллд.
Атланта Хоксын ид шидийн гэмээр улирал нь гэртээ харьж амжилгүй замдаа дууссан ҮНСГЭЛЖИНГИЙН ҮЛГЭР гэлтэй.
Эх сурвалж: www.scoreport.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ