Ураныг ашиглана

“Сайдын цаг”-т Уул уурхайн сайд Р.Жигжид оролцлоо. Тэрбээр салбарынхаа үйл ажиллагаа, хэрэгжиж буй эрхзүйн шинэчлэлт, бодлогын хэрэгжилт цаашдын зорилтын талаар мэдээлэл хийсэн юм. Дараагаар нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Ураны асуудлаар яам ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Уран буюу цацраг идэвхит бодис бол маш чухал сэдэв. Уул уурхайн яам цацраг идэвхит ашигт малтмалын эрэл хайгуулыг үргэлжлүүлэх, ашиглах нь зүйтэй гэдэг байр суурийг баримталж байгаа. Ашиглана гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Эрэл хайгуул хийгээд нөөцийг нь тогтоогоод олборлон шар нунтаг гаргаж авах хүртэл процессийг бид дэмжиж байгаа. Үүнээс цааш дараагийн процесс нь атомын цахилгаан станцын түлш болох юм. Манай улс бол үүнийг хийхгүй. Зөвхөн шар нунтаг буюу түүхий эдийг нь боловсруулах ёстой гэж боддог. Уул уурхайн яам энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Дорноговь аймгийн нутагт 18 жил үйл ажиллагаа явуулсан Францын “Арева” компани Японы “Мицубиши” групптай хамтраад ихээхэн эрэл хайгуулж хийж, том нөөцийг тогтоосон юм билээ.
Газар дээр нь би сарын өмнө очиж танилцсан. Орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзсан. Орон нутгийнхан энэ төслийг цааш үргэлжлүүлэх явуулах байр суурьтай байна лээ. Энэ чиглэлээр сүүлийн үед Казахстан улс амжилтад хүрч байгаа юм билээ. Казахстан улсын үйл ажиллагаатай манайхан очиж танилцаж, судалсан байна. Ер нь цацраг идэвхит ашигт малтмалын салбарт олон улсын сонирхол байдаг. Үүнийг бид зөв зохистой хөгжүүлснээр Монгол Улсын эдийн засагт төдийгүй геополитикийн, улс төр, дипломат харилцааны хувьд ч маш чухал ач холбогдолтой болно гэж харж байгаа.
-Нефтийн үйлдвэр барих асуудал ямар түвшинд явж байгаа бол. Дарханд баригдах газрын тосны үйлдвэрийн төсөл яагаад зогссон бэ?
Нефьт боловсруулах үйлдвэр нь шинэ Засгийн газрын зохион байгуулалтаар аж үйлдвэрийн яаманд харьяалагдаж байгаа. Тиймээс манай яамнаас бүх асуудал Аж үйлдвэрийн яаманд шилжсэн. Өнгөрсөн хугацаанд Японы хамтын ажиллагааны хүрээнд жилд 2 сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр судалгаа хийгдсэн. Энэ талаар зураг төсөл нь хүртэл бэлэн болсон. Гэхдээ хоёр шалтгааны үндсэн дээр энэ төсөл хэрэгжээгүй, зогссон.
Нэгдүгээрт, төсөвт өртөг нь бидний төсөөлж байсан өртгөөс маш их хэмжээгээр нэмэгдсэн. Хоёрдугаарт, Монгол Улсад олборлож байгаа түүхий тосон дээр түшиглэж, нефтийн үйлдвэр барих хэрэгтэй гэсэн байр сууринд хүрсэн. ҮАБЗ-өөс Монголд олборлож байгаа түүний тосоо шууд ашигла гэсэн нөхцөл тавьсан. Гэтэл “Дархан-Уул аймаг, Дорнодын Тамсаг хоёрын хооронд шууд шугамаар холбоход 1000 км зайтай. Үүнийг яаж холбох вэ гэдэг асуудал эдийн засгийн хувьд үр ашиг муутай. Энэ бүхнийг харгалзаад дээр төсөл зогсонги байдалд орсон. Аж үйлдвэрийн яамнаас зүүн, өмнөд, баруун бүсэд газрын тосны үйлдвэр барих судалгаа хийсэн. Эхлээд өмнө бүсдээ газрын тосны үйлдвэр байгуулах чиглэлээр эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил хийгдэж байна.
-“Мон-93” бензинийг яагаад нийлүүлэхээ больсон бэ? Үнэ өртөг өндөр байв уу?
“Мон-93” бензин орж ирэхгүй болсон шалтгаан нь зах зээлийн үнэтэй холбоотой. ОХУ-тай бид тогтвортой, удаан хугацааны туршид маш сайн үнийн хэлэлцээр хийж чадсан. Энэ нь Мон-93 бензинээс хямд үнэтэй авах хэлэлцээ байсан гэж ойлгож байна. Тийм учраас ОХУ-аас хямд бензин аваад хэрэгцээгээ хангаж байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь нийт олборлож байгаа газрын тосныхоо хэмжээтэй уялдаад хувь харьцаа нь өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл манай газрын тосны олборлолтын хэмжээ их болох тусам, хувь нэмэгдэж, бага байвал багасна. Нөгөө тал бүх хөрөнгө оруулалтаа хийж, эрсдлийг нь даадаг. Харин манай зөвхөн зөвшөөрөл өгдөг. Энэ зарчим дээр тулгуурласан гэрээ. Өнөөдрийн байдлаар манай авах хувь 24 хувь байгаа. Өнөөдрийн байдлаар гэрээ хэлэлцээр ямар хэмжээнд яригдаж байгааг мэдэхгүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ