“Хотын хий”-г хэрэгжүүлнэ
2015-05-28

Энэ удаагийн  “Сайдын цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцож мэдээлэл хийлээ. Уул уурхайн  сайд Р.Жигжид:

 

  Гэрэл зургийг MPA.MN

 

-Энэ он гарснаар Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай асуудлыг УИХ-аар шийдүүлэх шийдвэрийг гаргуулсан. Цаашдаа Монгол Улс хэдэн хувь эзэмших тухай асуудлууд үлдээд байгаа. Энэ чиглэлээр хөрөнгө оруулагч талтай манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг яриа хэлэлцээр явуулж байна. Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулсан байгаа. Энэ бол стратегийн ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод улс 50 хүртэл хувь эзэмших, хувийн хэвлийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордын 34 хүртэлх хувийг нь улс эзэмших заалт байдаг. Үүнтэй дүйцүүлээд стратегийн ордын хувьд ашигт малтмал ашигласны тусгай төлбөр гэдэг ухагдахууныг гаргаж ирсэн. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх боломжийг нээж байгаа хууль гэж хардаг. Урсац бүрэлдэх эхийн хувьд хамгаалатад авна гэдэг зарчим баримтална. Ойн сан бүхий газар бол ойн хуулиараа асуудлыг шийдэх, усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсийн хувьд бүсийг нь шинэчлэн тогтоогоод дотор нь холбогдох арга хэмжээг нь авч, нөхөн сэргээлт хийнэ гэсэн үндсэн зарчмууд тусгасан. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа.

 

Ашигт малтмалын нөөц ашигласны 30 хувийг нь  орон нутагт хувиарлах боломж нээгдэж байгаа. 30 хувиа 100 хувь гэж авч үзвэл түүний 70 хувийг нь нийслэлд, 20 хувийг нь аймагт, 10 хувийг нь сумд нь хувиарлахаар зохицуулалт орж ирж байгаа юм. Ингэснээр уул уурхайг орон нутагт хөгжүүлэх нөхцөл бололцоог нь хангах хууль эрх зүйн орчин бүрдэж байна” гэлээ.  

 

 

Бензиний ОАТ-аас 222 тэрбум төгрөг  хуримтлагдна

 

Өнгөрсөн  оны долдугаар сард газрын тосны хуулийг шинэчлэн найруулсан. Энэ хууль гарсантай холбогдуулаад 10 гаруй журмыг дахин гаргах болсон байна. Энэ хүрээнд  Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг батлуулах тухай асуудлыг батлуулжээ. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга хийсэнтэй холбогдуулаад нэлээд олон талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж ажиллаж байгаа аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газраар оруулж, холбогдох шийдвэрийг нь гаргуулдаг байна.

 

Тухайлбал, “Увс 1”, “Хэрлэн тохой XXVIII” зэрэг талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Мөн “Богд IV” “Онги V” талбайд “BG group”-тэй хамтран ажиллахаар болсон байна.

 

Бензин түлшинд онцгой албан татвар тогтоох асуудлыг шийдвэрлэжээ.  Ингэснээр улсын төсөвт 222 тэрбум төгрөг хуримтлагдах төсөөлөлтэй байгаа аж.

 

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 71,5 хувьд нь хайгуул болон ашиглалт хийхийг хориглосон байдаг. Тиймээс үлдсэн 19,9 хувь буюу 31 сая га  талбайд хайгуулын тусгай зөвшөөөрөл олгохоор судалж гаргаж иржээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхдөө өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар өгдөг байна.  Мөн шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхээр ажил үргэлжилж байна.  

 

Монгол улсын нутаг дэвсгэрийн 13,4 буюу 20,9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ оны нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн байна.  Одоогийн байдлаар 234 тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Энэ үйл ажиллагаа явагдсантай холбогдоод улсын төсөвт тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 13,2 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөр 510 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлс 531 сая, өргөдлийн дугаар, цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 748 сая төгрөг тус тус улсын төсөвт орсон байна.   Манай нутаг дэвсгэрийн 6,5 хувь буюу 10,2  сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг олгодог байна. Нийт найман талбайд олгохоор зарласан бөгөөд хоёр талбайд 7 аж ахуйн нэгж санал ирүүлжээ.  Үлдсэн зургаан талбайд санал ирээгүй байгаа аж.   Монгол Улсын геологийн салбарын үйл ажиллагаа бол уул уурхай эрдэс баялагийн салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ салбарыг хөгжүүлснээр улс орны эрдэс баялагийн нөөцийг тогтоох, нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд хоёр төрлийн судалгааний ажлыг тогтмол явуулж байна. 1:50000 масштабын геологийн зүураглал, ерөнхий эрлийн ажил, 1:200000 масштабын иж бүрдэл зураг зохиох ажил юм. Энэ ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийдэг. 1:200000 масштабын иж бүрдэл зураг зохион ажил бол нийт нутаг дэвсгэрийн 82 хувийг хамарсан. Үүнийг 100 хувьд хүргэхээр төлөвлөж байна. 1:50000 масштабын геологийн зүураглал, ерөнхий эрлийн ажил нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг хамарсан үүнийг 2016 оны дунд үед 41 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Геологийн хайгуулд жил бүр улсаас хөрөнгө хувиарладаг. 2013 онд 7.3 тэрбум төгрөг, 2014 онд 10 тэрбум, 2015 онд 13 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

 

 

“Оюутолгой”-н нийт орлогын  54 хувийн монголчууд хүртэнэ

 

“Оюутолгой” төсөл олны анхаарлын төвд байгаа. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсэг сүүлийн 3 сарын хугацаанд эрчимтэй ажилласны үр дүнд энэ сарын 18-ны өдөр Дубай хотноо Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд Монголын талаас “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК компани, хөрөнгө оруулагч талтай гарын үсэг зурсан. Ингэснээр төслийн санхүүжилт болон татварын талаарх санал зөрүүтэй байсан асуудал болон хөрөнгө оруулалтын гэрээний зарим тодорхой бус байсан заалтуудыг ойлгомжтой болгож, далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх боломж бүрдсэн. Улмаар Монгол Улсын эдийн засаг дахь гадаад валютын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлсэн. Энэ төлөвлөгөөгөөр “Оюутолгой” төслийн нийт орлогын 54 орчим хувийг Монголын тал хүртэхээр болж, тус компанийн санхүү, үйл ажиллагаанд Монголын тал хяналт тавих тогтолцоог бий болгож, менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед гурван хувь байхаар тогтсон. Мөн 4.2 тэрбум ам.долларыг төслийн зээлд зарцуулахаар тохирсон байна.

 

Нүүрсний салбарын зах зээл уналттай байгаатай холбогдуулан Уул уурхайн сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг 14 хоног тутамд хуралдаж, голлох үйлдвэрлэгч, экспортлогчидод тулгамдаж буй асуудлыг судлан, гарц шийдлийг олох ажил зохион байгуулжээ.  Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангиллын дагуу тооцох авах болсон. Мөн нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний гаалийн коджилтийн ажлыг ГЕГ-тай хамтран хийсэн аж. Одоо “Нүүрс” хөтөлбөр боловсруулах, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр тооцож авах Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-т хүргүүлэх, нүүрсний зах зээл, экспортод учирч байгаа хүндрэлийг судлах, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

 

 

Нүүрсийг хийжүүлнэ

 

Уул уурхайн сайд Р.Жигжид:

 

-Нүүрсийг хийжүүлэх ажил бол бидний хийх гол зүйл. Нүүрсийг 4 хэлбэрээр ашиглах бодлого барьж байгаа. Нэгдүгээр байгальд байгаа түүхий нүүрсийг дотооддоо ашиглахын зэрэгцээ гадаадад экспортлоно. Хоёрдугаарт, нүүрсийг хагас боловсруулах буюу угааж баяжуулан экспортод гаргах юм. Гуравдугаарт, гүн боловсруулалт хийж, нүүрснээс байгалийн хүү, шатахуун гаргаж авах ажлыг хийнэ. Дөрөвдүгээрт, нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станци барьж, түүгээрээ орон нутагаа эрчим хүчээр хангахын зэрэгцээ тодорхой хэсгийг нь экспортод гаргах гэсэн үндсэн зорилго тавин ажиллаж байна. Энэ дотроос нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр БНХАУ болон Япон, БНСУ зэрэг технологийн өндөр хөгжилтэй оронтой хамтран ажиллах хэлэлцээ хийж байгаа. Үүний нэг нь 2013 оны 10 сард БНХАУ-тай хамтран Нүүрс хийжүүлэх Санамж бичиг байгуулсан. Үүнээс хойш Хятадын хөгжил дэвшил, шинэчлэлийн хороо, Уул уурхайн яам хооронд Санамж бичиг байгуулсан. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотыг нүүрсний хийгээр хангах “Хотын хий” төсөл хэрэгжүүлнэ гэлээ.

 

Төмрийн хүдрийн экспортыг хөгжүүлэх чиглэлээр мөн ажиллажээ.  Манай улс жил 10 сая тонн төмрийн хүдэр экспортод гаргах боломжтой гэж үздэг. Зөвхөн төмрийн хүдэр хэлбэрээр нь экспортод гаргахаас илүү дотооддоо боловсруулах, ган үйлдвэрлэх бодлого барин ажиллажээ. Төмрийн хүдрийг экспортлох чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн гэрээний үнэд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах болсон байна. Түүнчлэн Монголын ган нэгдэл, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоог БНХАУ-ын холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах Санамж бичиг байгуулах чиглэлээр ажиллажээ.

 

Цацраг идэвхит ашигт малтмалыг Уул уурхайн яам харъяалах болсон. Монгол Улсын хэмжээнд  цацраг идэвхит ашигт малтмал хайх, ашиглах 56 тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс хайгуулын 54, ашиглалтын хоёр зөвшөөрөл байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуйн нэгж байгаагийн 12 нь гадаадын, 3 нь дотоодынх аж. Ураны 12 ордын хэмжээнд 128 мянган тонн геологийн нөөц, 1.5 сая тонн нөөц тогтоосон байна.

 

Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур. Тухайлбал, Монгол Улсын ДНБ-ний 18.7 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 83 хувь, улсын төсвийн орлогын 21.9 хувийг бүрдүүлдэг байна. Өнгөрсөн онд уул уурхайн салбараас татварын орлого байдлаар улсын төсөвт 1 их наяд 346 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн ашигт малтмалын газар 44.6 тэрбум, Газрын тосны газар 288.5 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт төвлөрүүлжээ.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нүүрс хийжүүлнэ гэдэг үлгэрээ ярьсаар л байна уу. Байгаль дээр бэлэн байгааг нь соруулж авах боломжтой байхад химийн үйлдвэр барих тухай л яриад байх юм даа.
2015-05-29