Төрийн албан тушаалтны ялзрал бизнесийг боомилж байна

“Зууны мэдээ” энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийнхаа зочноор “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгийг урилаа.
-Танай компани үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг. Сүүлийн үед бизнесийнхэн гундуухан байгаагаа цахим ертөнцөөр ширүүхэн илэрхийлж байна. Уг нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихээ төрийнхөн амалсан. Гэтэл хөрсөнд буухгүй байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай ярьж байгаа ч юу хийхээ зөв тодорхойлж чадахгүй байгаа нь бизнес эрхлэгчдийг бухимдуулдаг. Бид ярьж, түүнийгээ цаасан дээр буулгаж чаддаг. Харин ажил хэрэг болгож, хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг. Аж ахуйн нэгж болон бизнесийг дэмжихэд зөвхөн санхүүжилтийг шийдэж, зээл олгохоор хязгаарлагдахгүй шүү дээ. Үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хамгийн гол нь ажиллах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.
Энэ бүхнийг ярихаар хуулиа өөрчлөх ёстой гэлцдэг. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл, бүхий л зүйл хүмүүсийн харилцаанд тулгуурладаг. Ялангуяа, төрийн албан хаагчийн харилцаа, ёс зүйтэй шууд хамааралтай. Бизнест чөдөр тушаа болж байгаа хүчин зүйлийн нэг нь энэ. Магадгүй хууль гэдэг үгээр хаацайлаад өнгөрч болох юм гэсэн бодол төрийн албан хаагчдад биеэ өмгөөлөх шалтгаан болдог болов уу. Учир нь хуулийг хүн бүр өөрийнхөөрөө ойлгож бас тайлбарладаг. Бизнес эрхлэхэд хүндрэлтэй, үндэсний үйдвэрлэгчдээ дэмжихгүй байгаа нь төрийн албан хаагчтай шууд холбоотой. Уг нь төрийн албан хаагч гэдэг тухайн улсынхаа ноён нуруу болж, хөгжлийн түлхүүрийг атгаж суугаа хүмүүс байдаг болов уу. Гэтэл манай улсын хувьд төрийн албан хаагчид нь дотроосоо идээлж, ялзарсан нь харамсалтай.
-Та төрийн албан хаагчдад нэлээд шүүмжлэлтэй хандах юм?
-Яагаад гэвэл, төрийн албан хаагчдын ёс зүйгүй, увайгүй зангаас болж дампуурсан, хүнд байдалд орсон компани олон бий. Тэд хүмүүсийн төлөө биш өөрсдийнхөө төлөө бусдын бизнесийг хүндрүүлж байна. Уг нь төрийн албан хаагч гэдэг хэн нэгнийг айлгадаг субъект биш. Ард түмэнд үйлчилдэг үйлчилгээний ажилчид шүү дээ. Манай улсын хувьд төрийн албан хаагч хэт эрх мэдэлтэй байгаа, түүндээ дулдуйдсан нь бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахад маш том тээг болоод байгаа юм. Тиймээс л бизнесийнхэн бухимдаад байгаа хэрэг. Бид дөрвөн жил тутамд Улсын их хурлын сонгууль явуулж ард түмний төлөөллийг сонгон улсынхаа бодлого, хөгжлийг тодорхойлох, хууль, дүрэм журмыг батлахад хүчин зүтгүүлдэг. Гэтэл энэ дөрвөн жилийн мөчлөг төрийн албан хаагчдад ч нөлөөлж байна. Энэ нь ёс зүйгүй, увайгүй байдлыг дэвэргэх шалтаг болдог юм болов уу даа. Сонгуульд ямар нам ялсан байхаас үл хамааран төрийн албан хаагч ганхахгүйгээр ажлаа хийдэг байх нь маш чухал. Хүн бүр залгамж халаа гэдэг ч төрийн албан хаагчдад тийм зүйл огт алга. Бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид болон төрийнхөн бүгд хэт сул дорой байна. Миний хувьд төрийн албан хаагчдад шүүмжлэлтэй хандаж байгаагийн учир шалтгаан бий. Тэд төрийн алба ялзарч байгааг мэдсээр байж чимээгүй, хувиа хичээж байгаад харамсч явдаг. Учир нь хувь хүн амьдралын шаардлагаар цалинтайгаа байхын тулд, албан тушаалдаа үлдэхийн төлөө авлига өгч амиа хоохойлж байна шүү дээ. Гэхдээ уулын мод урттай, богинотой байдагтай адил төрийн албан хаагчдийн дунд мэргэжилдээ сайн, ур чадвартай, чин сэтгэлтэй хүмүүс бий. Харамсалтай нь тэд шударга бус, чадваргүй удирдлагатай таарах тохиолдолд ажлаасаа гарч байна. Энэ нь шударга бус зүйлийг, увайгүй, ёс зүйгүй төрийн албан хаагчдыг хүчтэй болгох сул тал болсон хэрэг. Хэрэв бид үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэж байгаа бол энэ бүх ялзралтай шат, шатандаа тэмцэх ёстой. Гэтэл хэлтсийн дарга солигдсоны төлөө мэргэжилтнүүд нь ажиллаж байгаа салбар, дүүрэг, харъяалалаа солих юм. Үүнийг больчих хэрэгтэй шүү дээ. Улсаа хөгжүүлэхийн төлөө хувь хүний үзэмжээр биш, санаа нэгдэж ажиллах цаг болсон. Бид хэт дорой байдлаасаа нэлээдгүй цаг хугацаа алдаж байгаа нь эдийн засагт хортойгоор нөлөөлж байгаа юм. Бизнес хийхэд тулгарч буй бэрхшээл нь хууль, дүрэм журмаас болдог гэдэг ташаа ойлголтыг залруулмаар байна. Ер нь бизнест сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл нь эцсийн дүндээ зөвхөн хувь хүн болоод төрийн албан хаагчдийн ёс зүйтэй холбоотой гэдгийг хэлмээр байна.
-Бизнесийг боомилж байгаа хүчин зүйл нь татвар гэдэг. Гэхдээ энэ нь хүний хүчин зүйлээс хамааралтай гэдгийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн үед татварын байцаагчид, аж ахуйн нэгжийн захирлуудыг шантаажилж байна гэх болжээ?
-Энэ тухай бизнес эрхэлж байгаа бүх хүн хэлнэ. Учир нь их бага хэмжээгээр энэ дарамтыг мэдэрсэн байгаа юм. Ийм шахалт, дарамт байдаг гээд яриад байхаас өөрийг хийхгүй байна. Тэгэхээр үнэн хэрэгтээ энэ байдлыг дэвэргэсэн нөхдүүд нь бид болж байна. Уг нь цаг тухай бүртээ шударга байх ёстой гэдэг зарчмыг тавьж, шаардаж байсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан. Үүнээс болж маш олон аж ахуйн нэгж хохирохгүй байсан юм. Нөгөө талаас нь харвал авлига бизнесийн хурдасгагч хүч болдог. Тиймээс цаг хугацаатай өрсөж, уралдаж байгаа үйлдвэрлэгчид хурд нэмэх хүчээ ашигласан гэж болно. Гэхдээ энэ нь урт хугацаандаа маш том хохирол, хор уршиг дагуулж байгааг бид 20 гаруй жилийн түүхээсээ харж байна. Хурдасгагч болгож ашигласны цаад талд хэнд ч дийлдэшгүй эрх мэдэл, хүч чадлыг бэхжүүлж, хөгжүүлчихлээ шүү дээ. Мэдээж энэ бол сөрөг үр дагавар. Манай компани руу 2013 оны арваннэгдүгээр сард татварын шалгалт орсон. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал үүнээс үүдэлтэй юм.
-Татварын 150 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь Чингис бондоос 700 саяын хөнгөлөлтэй зээл авах болсонтой холбоотой гэж байсныг санаж байна?
-Тэр үед манай компанид 370 сая төгрөгийн татварын торгууль ногдууллаа шүү хэмээн Хан-Уулын татварын хэлтсийн дарга Бадам хэлсэн. Эндээс л дарамт эхэлсэн гэж болно. Тухайн үед элдвээр айлгаж, сүрдүүлэх гээд олон үйл явдал болж өнгөрсөн. Шоронд хийнэ гэх мэтээр айлган сүрдүүлж байсан удаа ч бий. Миний хувьд Польшоос ирээд эх орондоо үйлдвэрлэл эрхэлсэн. Өмнө нь манайд татварын шалгалт орж байсан хэдий ч тэр үеийнх шиг зүйл болж байгаагүй. Тиймээс надад шинэ соргог зүйл байсан юм. Хэзээ ч тийм хүнд байдалд орж байсангүй. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг. Гэхдээ орчин цагт энэ хэлц үг худлаа болсон мэт санагдсан. Хамгийн гол нь манайд тавигдсан акт НӨАТ \нэмүү өртгийн албан татвар\-тай холбоотой. Энэ бол завхрал. Үүнийг татварынхан өөрсдөө гаргасан шүү дээ. Учир нь НӨАТ-ын босго тогтоосон нь хуулийн завхрал. Үүгээрээ татварынхан ашиг олж байна. Тухайн үед Татварын ерөнхий газрын дарга Батмагнай “12 давхар байшин барих хэмжээний хөрөнгийг зөвхөн НӨАТ-аар шамшигдуулсан газар байна” гэж хэлсэн байдаг. Уг нь манай компани хохирогч. Гэтэл байдал эсрэгээр эргээд бид хэрэгтэн болж хувирсан юм. Яагаад гэвэл, тухайн татварын байцаагчийн үзэмж, харилцаанаас үүдэлтэй. Учир нь оёдлын үйлдвэрт 150 сая төгрөгийн татварын өр тавьж байсан түүх байхгүй. Шударгаар явж байгаа үндэсний үйлдвэрлэгчид энэ мэтээр хохирч болохгүй.
-Татварын өр төлөхгүй гэдэг маргаан одоо болтол үргэлжилсээр байгаа хэрэг үү?
-Мэдээж шударга бус татварын өр тавьсан учраас төлөхгүй гэсэн нь үнэн. Гэхдээ цаг хугацаа өнгөрч, элдэв шахалт дарамт надад маш хүнд цохилт болсон. Би ч шантарч эхэлсэн. Ингээд л 150 сая төгрөгийг төлнө гэчихсэн хэрэг. Үүнд миний буруу бас бий. Учир нь хуулийн мэдлэггүй, юм үзээгүйгээсээ 150 сая төгрөгийг төлж барагдуулна гээд гарын үсэг зурсан юм. Хамгийн гол нь Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга н.Бадам болон н.Ариунбилэг байцаагчид өгч байгаа биш улсдаа төлнө гэдэг сэтгэлийн тэнхээ надад байсан. Одоо ч надад сэтгэлийн тэнхээ бий. Гэвч албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийн буруутай үйл ажиллагаа, шударга бус байдалтай эвлэрч чадахгүй байгаа учраас шүүх, цагдаа гэж явна. Тиймээс н.Бадам, Ариунбилэг нарыг шалгаад өгөөч хэмээн АТГ, Татварын ерөнхий газрын ёс зүйн хороонд хандан өргөдөл бичиж өгсөн. Харамсалтай нь энэ үйлдлийнхээ төлөө Бадам гэдэг хүнд одоог хүртэл дарамтлуулж байна.
-Танд ямар дарамт ирж байна?
-2014 оны гуравдугаар сард манай компанийн дансыг хаасан. Аж ахуйн нэгжийн дансыг хаана гэдэг нь хүнийг шууд үх гэж байгаатай ижил. Хүн өртэй байж болно. Харин ажиллаж байж өрөө төлнө. Гэтэл шууд л үх гэдэг тулгалт хийж болохгүй биз дээ. Компанийн зүгээс Хан-Уул дүүргийн татварын хэлтэст дансыг минь нээж өгөөч, график гаргаад түүнийхээ дагуу төлөлт хийе гэдэг хүсэлтийг албан бичгээр удаа дараа хүргүүлсэн. Эд хөрөнгөө хүртэл битүүмжлүүлсэн. Гэвч өдийг хүртэл хариу ирүүлээгүй. Хүсэлтийг хүлээж аваагүй байна. Би дансаа хаалгачихаад яаж өрөө төлөх билээ дээ. Эцэст нь хатагтай Бадамын тэтгэвэрт гарах нас болж байгаа гэдэг хүлээлтээр өнөөдрийг хүрлээ. Гэвч тэрээр тэтгэвэртээ гарахгүй гэдэг яриа гарч байх юм. Залуу хойч үедээ үлгэр, дууриал үзүүлэхийн оронд албан тушаалаа хэрхэн урвуулан ашигладаг, бусдыг яаж дарамталж болохыг үлгэрлэн харуулж байгаа нь үнэхээр харамсалтай байна.
-Данс хаагдсан бол мөнгөн гүйлгээ хийх, орлого орж ирэх боломжгүй биз дээ?
-Тэгэлгүй яахав. Миний хувьд компанийнхаа хаалгыг барьчихалгүй, 60 гаруй ажилчдаа цалинг нь өгөөд үйлдвэрлэлээ явуулж байна. Энэ хүнд үед би нэг ч ажилчин халаагүй, цалинг нь танаагүй. Түүнээс гадна ард түмэндээ хамгийн бодит үнээр хувцас үйлдвэрлэн борлуулж байгаа. Манай улсын хувьд үйлдвэрлэл явуулах хөрс байхгүй. Тиймээс энэ хөрсийг бий болгохын төлөө зүтгэж яваа юм. Анх үйлдвэрээ нээх гэж байх үе буюу 2008 онд бүх хүн “Abibas” гэсэн буруу бичигтэй, Эрээний барааг худалдан авч хэрэглэдэг байсан. Бидэнд үйлдвэрлэл эрхлэх боломжтой атал яагаад бусдаас хараат байх ёстой юм бэ. Үндэсний аюулгүй байдал гэж хүн бүр ярьдаг. Үнэн хэрэгтээ хүнс болон хувцас үүнд маш чухал нөлөөтэй. Ирээдүйн залуучууд үйлдвэрлэл эрхлэх хөрсийг зөв болгочих юмсан гэдэг чин сэтгэлээр зүтгэж явна.
-Бизнес эрхлэгчид дансаа хаалгахгүйн тулд хичээдэг. Цалингаа тавихаас илүүтэй татварт төлөх мөнгөө чухалчилж байна. Энэ нь бизнесийнхэнд хүндрэл учруулж байгаа тухай ярьдаг. Гэтэл дансаа хаалгаад нэг жил гаруй болж байгаа нь таны хувьд хүнд цохилт болж байна гэж ойлгож болох уу?
-Мэдээж хүнд цохилт. Өр төл гэж шахах мөртлөө хүсэлтийг минь хүлээж авахгүй, орлого орох хэрэгслийг нь хаачихсан байдаг. Гэхдээ үүний цаана хувь хүний өш хонзон байна гэж харж байгаа. Учир нь дансаа хаалгасан зарим газрууд хүсэлт гаргахад дансыг нь нээж болдог юм билээ. Яагаад гэвэл, бусад дүүргүүд аж ахуйн нэгжүүдээ битгий дампуураасай, ажилчдаа халчих вий гэдэг. Тиймдээ ч компаниудтайгаа тохиролцон, төлөлтийн график гаргаад дансыг нь нээчихдэг гэсэн. Гэтэл манай компанийн дансыг нээлгүй жил гаруй болж байгаа нь санаатайгаар хийж байгаа үйлдэл гэж боддог. Түүнээс гадна Бадам утсаар дарамталж байсан удаа бий. Миний хувьд хүнд байдлыг даваад гарчихна. Харамсалтай нь ерөнхий газраасаа давж шийдвэр гаргадаг хэлтэс байдагт гайхаж байна. Бүр тодруулбал Татварын ерөнхий газрын даргаасаа ч илүү эрх мэдэлтэй хэлтсийн дарга байх юм. Тиймээс л би төрийн алба ялзарчихжээ гээд байгаа хэрэг. Үүнээс үүдээд маш олон компани болон ажилчид, хувь хүн хохирч байна. Өөрөөр хэлбэл, улсаа хөгжүүлье гэсэн чин сэтгэлтэй залуучууд, мэргэжилтнүүд нь ажлаа орхиод өөр хэлтэс, тасагт ажиллаж байгаа нь маш харамсалтай. Зүй нь төрийн албан хаагчид тэр дундаа татварынхан үйлдвэрлэгчдээ дэмждэг байх ёстой. Гэвч эсрэгээрээ үйлдвэрлэгчдээ боомилж байна. Энэ нөхцөл байдал удаан үргэлжилвэл хувийн бизнес эрхэлж байгаа хүн компаниа дампууруулаад өөрт байгаа хөрөнгөөрөө өрөө дарчихаад л яваад өгнө. Үүний цаана ажилчид, ард түмэн хохирдог. Мөн хүмүүсийн итгэл, үнэмшил салхинд хийснэ. Энэ нь маш хортой.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье, өмгөөлж, хамгаалъя гэж хэлсэн. Гэвч энэ нь хөрсөнд буухгүй байна гэдгийг үйлдвэрлэгчид хэлж байна?
-Тэд зөвхөн ярьдаг, хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье, тэднийг өмгөөлж, хамгаалъя гэж хэлсэн улсын маань тэргүүний үг хүртэл үнэгүйдэж байна. Хэцүү байдалд орсон, шударга бус зүйлд өртсөн үйлдвэрлэгчиддээ гар сунган туслах, өмгөөлөх нэгээхэн ч төрийн албан хаагч алга. Шүүх нь хүртэл хууль ийм байна гэдэг. Тэгвэл хуулийн буруу зөрүү, алдаа мадгийг засахгүй суугаа Улсын их хурлын гишүүдийг яах ёстой юм бэ. Уг нь тэд хуулийн цоорхой бусад алдааг нь засах гэж ард түмний төлөөлөл болон сонгогдсон биз дээ. Эцсийн бүлэгтээ хүнд байдалд заавал ажиллах албагүй. Тиймээс хувийн бизнесээ хаачихаад биеийн амрыг харж болох юм. Гэхдээ ганцхан надад тохиолдсон бэрхшээл биш. Төрийн ялзралыг арилгахгүй бол дараагийн удаад ямар компанийг ийм байдалд оруулан буланд шахахыг хэлж мэдэхгүй. Тэгэхээр бид сул дорой байхаа болиод төрийнхний дотроосоо идэгдсэн идээ бээрийг шахах хэрэгтэй. Бизнесийнхэн ажлаа гүйцэлдүүлэхийн тулд тэдэнд авлигийг нь өгч байгаад хэт их томруулчихжээ. Одоо юун дээр алдсанаа мэдэж авсан юм чинь алдаагаа засах хэрэгтэй байна. Төрийн албан хаагчид ч ялгаагүй. Алдаа завхралыг мэдсээр байж нүдэн балай, чих нь дүлий яваад байж болохгүй. Аалзны тор шиг хэрсэн энэ ялзралыг бид цэвэрлэх, шинэчлэх ёстой. Биднээс өөр хэн ч хийхгүй. Тиймээс одооноос эхлээд нэг зүгт харж, нэгдэж үүнийг цэвэрлэе гэж үйлдвэрлэгчид болон бизнесийнхэндээ уриалмаар байгаа юм. Мянга, мянган хохирогч, татварын дарамтаас үүдэлтэйгээр дампуурсан аж ахуйн нэгжийнхэн, төрийн албан хаагчид дуугаа нэгтгэх цаг болсон байна. Бид эдийн засаг хямарчихлаа. Хүмүүсийн амьдрал хэцүү байна гэж цээжээ дэлдэхдээ сурмаг. Гэтэл энэ хүнд байдлаас гарах ганц арга нь улсын төсөвт тасралтгүй орох орлого. Үүнийг бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид өгдөг. Татвар төлөхийн тулд бизнес нь хөгжих хэрэгтэй. Тэгж байж эдийн засаг сайжирна. Дэмжихийн оронд дарамтлаад байвал, төсвийн орлого тасарч байдал улам хүнд болно. Үүний тулд дуу хоолойгоо нэгтгэн төрийн ялзралыг арилгая гэж хэлмээр байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ