Хүчтэй Ерөнхийлөгчийг “хална”
Батлагдсан цагаасаа өнөөг хүртэл эцэг хууль үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Үндсэн хууль батлагдсан 20 гаруй жилийн хугацаанд нэг л удаа өөрчлөлт оруулж байсан билээ. 2008 оноос хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх нь зүйтэй гээд тухайн үед 6-7 заалт боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Гэхдээ уг хуулийн төсөл хавар, намрын чуулган бүрт хэлэлцэх асуудлын жасгаалтад багтсан хэлэлцэлгүй явсаар парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон билээ. Харин энэ парламент байгуулагдсаныхаа дараа УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар судалгаа хийсэн. Судалгаагаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн гэдэг нь харагджээ. Тиймээс ч энэ парламент, Засгийн газар парламентын засаглалаа төгөлдөржүүлсэн байдлаар Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэж үзжээ.
Үндсэн хуулийн Ажлын хэсэгт багтсан 9 хүний долоо нь шинэ Үндсэн хуулийг батлалцсан гишүүд. Дээрээс нь ИЗНН-ыг төлөөлж С.Оюун, МҮАН-ыг төлөөлж Н.Батцэрэг нар ажиллаж байгаа юм.
Парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ
Үндсэн хуульд орж байгаа өөрчлөлт зүйл заалтын хувьд олон мэт боловч агуулгын хувьд гурван зүйл дээр төвлөрч байгааг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт онцолж байна лээ. “Гүйцэтгэх эрх мэдэл дээр парламент нь засаглаж байгаа бол парламентын засаглал гэдэг. Гэтэл өнөөдөр манайх хүчтэй Ерөнхийлөгчтэй парламентын засаглал болж хувираад байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох, шүүх эрх мэдэлд оролцох эрх хэмжээ нь органик хуулиудаараа маш их нэмэгдсэн байна гэдгийг тэрбээр онцолж байсан.
Үндсэн хуулиа батлаад 23, ардчилсан тогтолцоо руу шилжээд 25 жил болж байгаа. Энэ хугацаанд 4 Ерөнхийлөгчийн “нүүр үзжээ”. Эдгээр дөрвөн Ерөнхийлөгч дөрвөн өөр эрхзүйн орчинд ажиллаж байсан мэт сэтгэгдэл төрөхөөр ажилласан байдаг байна. Мөн парламентын, хууль санаачлагчдын үйл ажиллагаа өөрөө гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцох оролцоо өндөр байгааг хэн хүнгүй шүүмжилдэг.
Манайх шиг “Оюутолгой”, “Тавантолгой”, “Гацуурт” гэх мэт бизнесийн төслийг парламент нь авч хэлэлцдэг улс бараг байхгүй аж. Энэ бол цэвэр гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар дээрээ хийгээд явдаг зүйл, уг нь. Энэ нь хэн нэгний эрх мэдлийг нэмэгдүүлэх, юмуу багасгах гээд байгаа тухай асуудал огт биш. Парламентын засаглал сонгодог утгаараа Ерөнхий сайд, Засгийн газар байх ёстой эрх мэдлийг нь өгөх, Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй байх, хууль тогтоох эрх мэдэл нь хаана яаж хязгаарлагдах вэ гэдгийг илүү оновчтой тодорхой болгохоор ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна.
Судлаачид “хүчтэй Ерөнхийлөгчтэй Үндсэн хууль” гэж дүгнэдэг. Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалт дээр хүндрэл үүсгэдэг гэнэ.
Орон нутагт нам нэр дэвшүүлдгийг хязгаарлана
Үндсэн хуулийн тавдугаар бүлэг буюу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудал нэлээд хөндөгддөг. 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш хот гэдэг ойлголт үндсэндээ алга болсон. Тиймээс Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд тусгай бүс болгох зохицуулалт орж ирж байгаа.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төр хоёрыг зааглах нь зөв гэж ажлын хэсэг үзжээ. Одоогийн тогтолцооогоор нам нэр дэвшүүлдэг, нам нь бүлэг байгуулдаг, бүлэг нь засаг даргыг сонгох, огцруулахад хамгийн их эрх мэдэлтэйгээр оролцдог болчихсон. Тиймээс нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад нам нэр дэвшүүлдэг байдлыг хязгаарлах, шууд бус сонгуулийн системээр зохион байгуулдаг байя гэсэн санал явж байгаа гэнэ. Хэрвээ ингэж чадвал Монгол Улс 4 жилд нэг удаа төрийн сонгууль болдог, Ерөнхийлөгчөө парламентаас юм уу, парламент давамгайлсан байдлаар сонгодог болчихвол хоёр жилд 3 удаа сонгууль хийдэг ,их хэмжээний улстөржилтөөс салах боломжтой гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа гэнэ.
Гишүүдийн тоог 76 биш 108 болгох уу
Ер нь парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, насны асуудал гээд бас бус зүйл их яригддаг.
1992 онд Үндсэн хуулиа батлахад хүн ам 2 сая байсан. 76 тойргийг батлахад тойргийн хүн амын суурь нь 30 мянга байжээ. Бүх тойрог ижил байсан байна. Харин одоо хүн ам 3 сая болж нэмэгдээд тойргийн тоо хэвээрээ байгаа. Улаанбаатарын нэг тойрог, аймагт байгаа тойргийн тооны хооронд 3-4 дахин ялгаа гарчихаад байгаа үе. Тиймээс энэ нь шударга нэг хүн өөрийгөө төлөөлж төр барилцах гэдэг утгаараа баланс нь алдагдсан гэсэн үг аж .
Ямартай ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн парламентын гишүүдийн тоог 99 юм уу 108 болгох хувилбар гаргаад байгаа аж.
Гэхдээ яг хэд болгож нэмэгдүүлэхийг хэлэлцүүлгийн явцад шийдэх юм байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ хаврын чуулганаар хэлэлцэн баталж амжихгүй нь тодорхой. Харин ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэх хуулиудын жасгаалтад дээгүүрт бичигдэх болов уу. Учир нь ирэх намрын чуулган энэ парламентын хувьд тун их хариуцлага хүлээх, отгон чуулган.
Ирэх намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг батлах хуулийн заалттай. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч зэрэгцэн хэлэлцэгдэх байх. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээс Сонгууль хэрхэн явагдах, ямар системтэй байх эсэх нь шалтгаална.
Тиймээс ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхний үүрэг, хариуцлага ч энэ хэрээр нэмэгдэж байна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ