Хөдөлмөрийн салбарын бодлогыг боловсронгуй болгоно

img

Хөдөлмөрийн салбарын Удирдах ажилтны зөвлөлгөөн эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү зөвлөлгөөнөөр хөдөлмөрийн салбарын бодлогыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг орон нутагт мэргэжлийн өндөр түвшинд, шуурхай хэрэгжүүлж, удирдах албан тушаалтнууд, салбарын байгууллага, нэгжүүдийн уялдаа холбоо, хариуцлагыг сайжруулах асуудлаар зөвлөлдөх аж. Ингэснээр иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнг дээшлүүлэх гэнэ.  

 

Хөдөлмөрийн яамны харьяанд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв, аймаг, нийслэл, дүүрэгт Хөдөлмөрийн газар, хэлтэсээс гадна мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага ажиллаж, салбарын хэмжээнд 3800 гаруй ажилтан хөдөлмөрийн бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгын дор нэгдэн ажиллаж байгаа бөгөөд Удирдах ажилтны зөвлөлгөөнд дээрх байгууллагуудын дарга, захирал нийт 90 шахам хүн оролцож байна.

 

Энэ удаагийн зөвлөлгөөнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар оролцож байна.

 

2014 онд 45.8 мянган ажлын байр бий болжээ

 

Зөвлөлгөөний гол илтгэлийг Хөдөлмөрийн сайд тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ “2015 оны эхний улирлын статистик мэдээллээр 15 ба түүнээс дээш насны 1958.9 мянган хүн байгаагийн 61.5 хувь эдийн засгийн идэвхитэй хүн ам байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.0 хувь, ажилгүйдлийн түвшин 7.9 хувьтай байна.

 

Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 2014 оны эцсийн байдлаар 16600, 2015 оны дөрөвдүгээр сарын байдлаар 6200 байгаа нь өмнөх оны мөн үеэс 16,5 хувиар нэмэгджээ. Ажилгүйдлийн түвшин хангайн бүсэд улсын дунджаас доогуур, зүүн бүсэд хамгийн өндөр байна. Аймгаар авч үзвэл Баян-Өлгий аймагт 22,5 хувь, Хэнтий аймагт 17,7 хувь, Увс аймагт 14,8 хувь байгаа нь хамгийн өндөр, Орхон аймагт 3,5 хувь, Архангай аймагт 3,9 хувь, Завхан аймагт 4,0 хувьтай хамгийн бага түвшинд байна.

 

2014 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 10 хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж, ХЭДС-аас 49,0 тэрбум төгрөг зарцуулж, 45,8 мянган ажлын байр бий болсон байна. Үүнээс 41,0 хувь нь түр ажлын байр, бэлэн мөнгөөр санхүүжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд байна. Ажил олгогчдоос ирүүлж буй ажлын байрны захиалгын 40 хувьд ажилгүй иргэнийг ажилд зуучилж оруулсан байна. Эдгээр цөөн үзүүлэлтээс хүн амын эдийн засгийн идэвхийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгцээ байгааг харж болно” хэмээн хөдөлмөрийн салбарын өнөөгийн байдлыг танилцуулсан.

 

2014 оны эцсийн байдлаар ажиллагчдын сарын дундаж цалин 844.8 төгрөгт хүрчээ

 

Сайдын илтгэлд дурдсанаар улсын хэмжээнд 2014 оны эцсийн байдлаар ажиллагчдын сарын дундаж цалин 844.8, төрийн албан хаагчдын дундаж цалин 700.4, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 192.0 мянган төгрөг байгаа аж. Мөн инфляцийн түвшин 2014 онд 11.0 хувиар, 2015 оны эхний 5 сарын байдлаар оны эхнээс 3.3 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 8.0 хувиар тус тус өссөн ч нийт ажиллагчдын 90 орчим хувийг эзэлж буй жижиг, дунд аж ахуйн нэгжид ажиллагчдын дундаж цалингийн өсөлт инфляцийн өсөлтөөс 8.0 орчим пунктээр доогуур байгааг дуулгав.  

 

Цалингийн зээлтэй иргэдийн тоо 2.2 дахин нэмэгджээ

 

Цалингийн зээлтэй иргэдийн тоо 2009 оныг 2014 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгджээ. Цалин хөлсний тэгш бус байдал хэвээр үргэлжилж, хөдөлмөр эрхэлж байгаа ажиллагчдын цалингийн ялгаа их, хувийн хэвшлийн түвшинд цалин хөлсний тогтолцоо бүрдээгүйгээс ажлын байрны урсгал хөдөлгөөн өндөр байгаа аж.

 

Хувийн хэвшилд ажиллагчдын цалингийн асуудлыг зөвхөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиар зохицуулж ирсэн нь өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй, төрийн албан хаагчдын цалингийн систем нь ур чадвар, ажлын ачаалал, гүйцэтгэлтэй уялдаагүй байгаа аж. Тиймээс мэргэжлийн ур чадвар, ажил, мэргэжлийн зэрэгтэй уялдсан цалингийн тариф тогтоох, цалин хөлсийг индексжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэдгийг салбарын сайд мөн онцолсон.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд 4.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ

 

Энэ оны эхний таван сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дээрх хөтөлбөрүүдэд 8147 хүнийг хамруулж, 4.5 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зарцуулжээ. Үр дүнд нь 7349 ажлын байр бий болсны 2955 нь байнгын, 4394 нь түр ажлын байр гэнэ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 1.9 тэрбум төгрөгийн жижиг зээлийг 464 иргэнд олгосон бөгөөд зээлийн 80 хувьд Төрийн банк тусгай сангаас батлан даалт гаргах үйл ажиллагааг энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлүүлээд байгааг ч дуулгасан.

 

Гадаадаас авч буй ажиллах хүчийг бууруулах бодлого баримтлана

 

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах бодлого, зохицуулалтын хувьд гадаадын ажиллах хүчнийг дагалдуулан 30 хүртэл хувьд нь монгол ажиллагчдыг сургах, мэргэшүүлэх, дадлагажуулах шаардлага тавьж, өндөр, нарийн мэргэжил шаардсан ажлын байранд Монгол ажилчдыг ажиллуулах, улмаар гадаадаас авч буй ажиллах хүч, мэргэжилтний тоог бууруулах бодлого баримтлаж байгаа юм байна.

 

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах гэж буй бөгөөд ингэснээр хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажлыг аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хийх гэнэ.

 

Энэ мэтээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахын хамт цаашид хийх зүйлсийнхээ талаар ч танилцуулсан. Хууль эрх зүйн хүрээнд хийж буй ажлаа үргэлжлүүлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын хамт Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулахаар ажиллаж буй аж.

 

Мэргэжил олгохдоо тухайн орон нутгийн онцлогт тулгуурлана

 

Мэргэжлийн боловсрол, сургалтаар олгох мэргэжлийн чиглэлийг тухайн орон нутгийн онцлог, хөгжлийн хэтийн төлөв байдал, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн тогтоож, суралцагчдыг мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө, үйлчилгээнд тулгуурлан элсүүлэн суралцуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.

 

Энэ хүрээнд чадамжид суурилсан сургалтыг онолын хичээлээс илүүтэйгээр дадлага ажил, практик сургалтад суурилан явуулж, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, тэдэнтэй хамтран боловсруулсан гүйцэтгэлийн шалгуурыг хангахуйц сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгуулахыг МСҮТ, Политехник коллежийнхнээс шаардах гэнэ.

 

Мөн дадлага  ажил, практик сургалтыг үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орчинд явуулахад түлхүү анхаарч түншлэгч байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх,  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орон нутгийн онцлог, хэрэгцээнд суурилан төрөлжүүлэн хөгжүүлэх, асуудлын хүрээнд сургуулийн нэр хүндийг дээшлүүлж, имиджийг бүрдүүлэх брэнд мэргэжлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг ч онцолсон юм.

 

Хөдөлмөрийн сайдын илтгэлийн дараа МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МАОЭНХ-ын гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар орон нутагт Хөдөлмөр нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд үйлдвэрчний эвлэл болон ажил олгогч эздийн оролцоо ямар байгаа тухай ярьсан.

 

Зөвлөлгөөнд оролцогчид энэ өдөр “Хүний нөөцийн менежмент ба хөдөлмөрийн удирдлагын харилцаа”, “Хөдөлсмөр эрхлэлтийн бодлого үйл ажиллагаа”, “Хөдөлмөрийн харилцааны бодлого, хэрэгжилтийн асуудал”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт”, “2014 оны жилийн эцсийн аудитын дүгнэлт, Шилэн дансны хуулийн хэрэгжилт”  зэрэг сэдвээр Хөдөлмөрийн яамны газрын дарга нарын мэдээллийг сонсох юм.

 

Харин маргааш Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн төвийн үйл ажиллагааны чиглэл, орон нутгийн байгууллагуудтай хэрхэн холбогдох талаар болон Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах юм байна.

 

Түүнчлэн орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга замын талаар ярилцаж, мэргэжлийн боловлсрол, сургалтын байгууллага Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааны уялдааг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагын тухай санал бодлоо хуваалцахаар төлөвлөжээ. Зөвлөлгөөний төгсгөлд Хөдөлмөрийн салбарт ажиллаж буй удирдах ажилтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулах аж.

 

 П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ