“Гацуурт”-ыг гацааснаар Засаг биш Мандал хохирсон

Гацууртын ордод төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай төслийг УИХ-аар хэлэлцээд, гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадахгүй Засгийн газарт буцаасан. Төсөл олонхийн дэмжлэг авч чадалгүй унахад УИХ-ын дарга “Засгийн газар хэлэлцүүлж байгаа асуудалдаа хариуцлагагүй хандлаа. Сайд 10 гишүүн санал хураах үед байхгүй байна. Хохь нь” хэмээгээд Гацууртын ордын төрийн хувь хэмжээг тогтоох төслийг Засгийн газарт буцаах тогтоолын төсөл уншиж байлаа. Ер нь Засгийн газарт төсөл буцах нь байдаг л зүйл. Цаашлаад эдийн засгийн хүндрэлтэй үед хэдий ч Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газар хохирч, хотойгоод байх зүйлгүй. Учир нь “Оюутолгой”, “Тавантолгой” гээд дараагийн төсөл хөтөлбөрүүд, эдийн засгийг сэргээх, валютын урсгалыг нэмэгдүүлэх гарц байгаа. Харин УИХ-ын даргын чинжүү шиг үгний жинхэнэ хохирогч нь орон нутгийн иргэд гэвэл үнэнд ойр тусна.
Орон нутагт 33 сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих хэмжээний мөнгө “арчигдлаа”
Гацууртын ордыг эргэлтэд оруулснаар орон нутгийн, тэр дундаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн амьжиргаа дээшилж, хөгжинө гэсэн итгэл, хүлээлт үүссэн байлаа. Өнөөдөр манай улс ердөө 1.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа. "Гацуурт”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар валютын нөөцийг даруй 1.7 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, 20 гаруй төрлийн татвар төлөх тооцоотоой гарсан байсан.
“Сэнтерра гоулд” өөрсдийн хөрөнгөөр эрэл хайгуулж хийж “Гацуурт”-ын ордын алтны нөөцийг тогтоосон. Төр энэ ордод хувь эзэмших бол тодорхой хөрөнгө төсөвлөнө. Өнөөдөр Засагт мөнгө байхгүй учир төрийн эзэмших хувьд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг зээлээр босгох шаардлага тулгарсан. Тиймээс л Засгийн газар “Гацуурт”-д хувь эзэмших бус ногдол ашиг хүртээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Дээр нь өнөөгийн үнэ ханшаар 34 хувиа эзэмшээд явахаар 38 сая ам.долларын ногдол ашиг авахаар тооцсон. Үүний оронд нөөц ашигласны төлбөр авбал ойролцоогоор 12 хувийн цэвэр ашгаас авдаг татвартай тэнцэж, 66 сая ам.доллар болохоор тооцоо гарсан байж.
Төсвийн шинэчилсэн хуулиар уул уурхайгаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг улсын төсөвт авдаг. Үүний 70 хувь нь улсад, 20 хувь нь аймагт, 10 хувийг нь сумын Орон нутгийг хөгжүүлэх санд тус тус төвлөрүүлдэг байна. Гацууртын ордоос төсөл хэрэгжих 9 жилийн хугацаанд аймгийн Орон нутгийг хөгжүүлэх санд өнөөгийн үнэ цэнээр аймагт 22 тэрбум, суманд 11 тэрбум төгрөг төвлөрөх урьдчилсан тооцоо гарсан байжээ.
Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг иргэд өөрсдийн хүсэл санаачлагаар захиран зарцуулдаг. Тиймээс ч дээрх төсөв нь орон нутгийн эрх мэдлийнх гэсэн үг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцвол ирэх жилүүдэд Сэлэнгэ аймагт 22, Мандал суманд 11 их бүтээн байгуулалт өрнөхөөр байсан аж.
Сэлэнгэчүүд ажилсаг хүмүүс. Газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлээрээ улсдаа байнга тэргүүлдэг. Харин үүн дээр аль ч улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн томоохон хөшүүрэг болох уул уурхайн хөрөнгө оруулалт орж ирвэл Сэлэнгэчүүд ажлын байрнаас эхлээд амьдрал улам хөгжин дэвжих байлаа.
Гацууртын ордыг стратегийн эргэлтэд оруулснаар 1000 гаруй ажлын байр бий болж, тэнд ажиллагсдын хүнс, өргөн хэрэглээний бараанаас эхлээд ажлын хувцас зэргийг орон нутгийнхнаас худалдах авахаар төсөлд туссан байсан. Сэлэнгэчүүд төмс, хүнсний ногоо, гурил будаа, талх, зөгийн бал, ус ундаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд аж үйлдвэрийн бараа таваараа ч өөрсдөө үйлдвэрлэдэг. Тиймээс бараагаа борлуулах гэж нийслэл рүү явах шаардлагагүй, “Гацуурт”-д нийлүүлэх боломж бүрдэх байлаа.
Харамсалтай нь энэ бүх биеллээ олох байсан бүтээн байгуулалт, хөгжил УИХ-ын гишүүдийн хурууны өндгөөр хэдхэн секундийн дотор эсрэгээр шийдвэрлэгдлээ. Төрийн түшээдийн олонхийг эсрэг санал өгөхөд нөлөөлсөн хүчин зүйл нь цөөн хэсэг бүлэг хүмүүсийн нийгэмд чиглэсэн мессэж, төр рүү чиглэсэн шантааж.
“Гацуурт”-ыг нинжа нараас хамгаалъя
“Ноён уулаа аврах” хөдөлгөөнийхөн дотор Мандал нутгийн нэг ч иргэн байгаагүй нь хачирхалтай. Мандал сумын иргэдийн санал ч хөдөлгөөнийхөнтэй нийцдэггүй юм билээ. “Байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй, орчин үеийн дэвшилтэт техник технологиор уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг дэмжиж байгаа. Бид өөрсдийн амьдралаа ч, орон нутгаа ч, цаашдаа улс орны хувьд ч эдийн засгийн ашигтай зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа. Бид ч бас дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлмээр байна” гэж Мандалынхан ярьж байдаг.
Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа”. Өнгөрсөн хугацаанд тус компани хөрөнгө санхүү, техник технологиор баялгийн нөөцийг тогтоосон. Гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулсан энэ жилүүдэд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа цөөн компаниудын нэг. Тэр дундаа Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж, жил бүр тус аймгийн хэмжээнд хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжээр шалгарч ирсэн юм билээ. Тиймээс ч нутгийн иргэдийн хувьд “Гацуурт” компани хэдийнэ найдвартай түнш болсон. Хариуцлагатай уул уурхай хөгжвөл нутгийн иргэд хожно, нинжа нарын гарт өгвөл орон нутаг талхлагдана.
Өнөөдөр хөрөнгө оруулагч “Сентерра гоулд Монголиа” компанийн хамтын ажиллагаа, итгэл хэр алдарсныг мэдэхгүй. Тус компанийн Монгол Улстай хийсэн олон жилийн хамтын ажиллагаа “Гацуурт”-ын орд “унаснаар” дуусгавар болж ч мэдэх. Ганц компани явлаа гээд монголчууд бид хотойхгүй гэж муйхарлах хүмүүс цөөнгүй байх. Нэгэнтээ гадаад орчин дахь муу нэр, алдсан итгэлээ сэргээхээр шийдлийн Засгийн газар ажиллаж байгаа энэ үед “гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголоос нүүр буурууллаа” гэсэн мессэж дахиан тарвал манай эдийн засагт л сөргөөр нөлөөлнө. Бид олон улсын итгэлийг татаж чадахгүй бол хэн ч хөрөнгөө бариад гүйгээд ирэхгүй гэдгийг өнгөрсөн хугацаанд ухаарсан.
Нутгийн иргэдийн үгийг дайж ирэх бор шувуу Мандалаас Улаанбаатар хүртэл явахдаа өнгө, зүс агуулгыг нь өөрийнхөөрөө хувирган жиргэдэг гэмтэй. Өнгөрсөн хугацаанд “Ноён уулаа аврах” хөдөлгөөнийхөн Төрийн ордныг тойрон гороолсноос бус Мандал суманд Ноён уулыг нинжа нараас хамгаалахаар нэг ч өдөр манаанд зогсоогүй нь үнэн.
Нэгэнтээ төр, засгийн шийдвэрээр гадаадын хөрөнгө оруулалттай компани “Гацуурт”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрт цуцлагдсан нь Мандалчууд нинжа нараас нутгаа, баялгаа хамгаалах “зарлаагүй дайн”-д дуудлаа. Орон нутгийн иргэдэд нинжа нарын гарт байгалиа, баялгаа сэндийчлүүлэх вий гэх түгшүүр байна лээ. Мандалыг Төв аймгийн Заамар сум шиг талхлуулах вий гэж нутгийн иргэд зовниж байна. Гацууртын ордыг эргэлтэд оруулснаар Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос ажилтнуудаа цуглуулах бус Сэлэнгийнхэн, тэр дундаа Мандалчуудаас ажлын байрыг төвлөрүүлэх байсан. Үүнийг ч зөвхөн нутагтаа байгаа иргэд бус Улаанбаатар ажиллаж, амьдарч байгаа иргэд ч уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж, сум орон нутгаа хөгжинө хэмээн толгой дохиж байсан нь талаар боллоо.
Мандалынхан иргэний хөдөлгөөнийхөнд итгэхээ больж, төрийн түшээдийг биечлэн ирж, иргэдийнхээ үгийг сонсохыг хүлээж байна. Ер нь уул уурхайг зөв зохистой, хариуцлагатайгаар хөгжүүлвэл тухайн орон нутаг, улс оронд ашиг, хожил, хөгжил иргэдийг олон улсын жишээ харуулдаг.
Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох төслийг дэмжсэн 15 төрийн түшээг чичлээд байх ч шаардлагагүй. "Гацуурт"-ыг дэмжсэн цөөнх эрхмүүд хариуцлагатай уул уурхайн талаар мэргэшсэн, мэдлэгтэй, манай урдаа барьдаг эдийн засагч, салбарын сайдаар ажиллаж байсан эрхмүүд байна лээ. Ер нь аливаа асуудлыг хэлэлцэхэд мэргэжлийн, салбарын хүний үгийг сонсох нь зүйн хэрэг.
Тиймээс л “Гацуурт”-ыг хөдөлгөснөөр Мандалынханд ч хохирол бус хожил ирэх байлаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ