Монголын ахмадын спортын анхдугаар наадам эхэллээ

img

Өнөөдөр Спортын төв ордоны А зааланд Монголын ахмадын спортын анхдугаар наадам эхэллээ. Тэмцээнийг Монголын спорт сонирхогч мастеруудын холбооны Ерөнхийлөгч, МУГД Ч.Наранбаатар нээж үг хэлсэн юм. 

 

Харин ЭМС-ын дэд сайд Т.Болбаатар ахмад тамирчид, багш дасгалжуулагч нарт хандан баяр хүргэж үг хэлэхдээ “Монголын ахмадын спортын анхдугаар наадамд оролцож байгаа нийт тамирчид, дасгалжуулагчид, хөгжөөн дэмжигчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

 

Монголын спорт сонирхогч, мастеруудын холбоо байгуулагдаад удаагүй ч 35-аас дээш насны нийт иргэдийн бие бялдрыг хөдөлгөөний хомстлоос урьдчилан сэргийлэх талаар багагүй зүйл хийж, мастеруудын тив, дэлхий, олон улсын наадамд тамирчдаа оролцуулж, бахдам сайхан амжилт үзүүлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

 

Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос санаачлан, Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгуулж байгаа энэхүү наадамд аймаг, нийслэл, дүүрэг, сум багаас шалгарсан 36 байгууллагын 450 гаруй тамирчин спортын 5 төрлөөр 72 цогц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн болоод байна.

Энэхүү наадамд амжилттай оролцож, шалгарсан тамирчид Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ирэх есдүгээр сард манай улсад зохиогдох Олон улсын мастеруудын анхдугаар наадамд өрсөлдөх эрхийг авах юм. Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос ахмад үеийнхний дунд зохион байгуулж байгаа үйл ажиллагааг ЭМСЯ-наас бодлогоор дэмжин ажиллах болно” гэсэн юм.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ