Наадмын гоёлоо зэхэж амжсан уу

img

Дэнж хотойтол наадах дэлгэр зуны их наадам хаяанд ирлээ. Сүүлийн жилүүдэд үндэснийхээ дээл хувцсаар гангарч, бахархах соёл түгээмэл болсон. Тиймээс улсын баяр наадмын үндсэн гоёл уран нарийн хийц, уламжлалт болон орчин үеийн загвартай дан, давхар дээлүүд ямар үнэ ханштай байгаа талаар бид сурвалжиллаа.


 

Наадмын дээл 65 мянгаас 3.5 сая төгрөгийн үнэтэй байна
 



Энэ жилийн хувьд наадмын гангараанд тод өнгө давамгайлж байна. Тодруулбал, усан ягаан, ногоон, хөх, цэнхэр, улбар өнгө зонхилж байгаа аж. Охид бүсгүйчүүдийн сонголтын хувьд уламжлалт буюу үндэсний хэв шинжийг хадгалсан маш энгийн загварыг эрхэмлэх болсон гэнэ. Харин эрчүүдийн хувьд урт дээл гэхээсээ илүүтэй богино монгол загвартай цамцыг ихээр сонирхож байгаа аж.


Үнийн хувьд загвар, материал, үйлдвэрлэсэн газруудаасаа шалтгаалан 65 мянгаас 3.5 сая төгрөгийн үнэтэй байна.Ингээд “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс эхлээд сүүлийн үед охид бүсгүйчүүдийн сонирхлыг ихээр татаад буй “Хайрын хурим” салоны баяр наадмын гоёл ямар үнэ ханштай байгааг хүргэе.

 

 

“Нарантуул” захаас хос дээл 250-300 мянган төгрөгөөр авч болно
 


Үндэсний уламжлалт баяраараа монголчууд шинэ дээл хувцас өмсч, баяраа өнгөтэй өөдтэй угтахыг хичээдэг болсон. Тиймээс ч наадамчин олонд зориулан наадмын гангарааг оёдолчид урлан, зах худалдааны төвүүдэд борлуулдаг болоод байгаа. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр зарагдаж байгаа дээлнүүдийг ихэвчлэн хувь хүмүүс өөрсдөө оёж, борлуулдаг. Тиймээс ч хувийн салонуудаас харьцангуй хямд үнэтэй байна.  Тус зах дээр үндэсний дээл борлуулдаг лангуу 88 байдаг.Өмнөх жилийг бодвол энэ жил дээлний үнэ буурсан гэнэ. Тухайлбал, өмнөх жил хос дээл 350-400 мянган төгрөг байсан бол энэ жил 250-300 мянган төгрөгийн ханштай байгаа юм.Энэ нь ямар нэгэн байдлаар загвар, ур хийц, материал нь муудсандаа бус бүх нийтээрээ хямралтай байгаагаас инйхүү хямдарсан гэдгийг худалдаачид онцолж байлаа. Тэдний хэлж буйгаар “иргэд хямд зүйл хайгаад байгаа учир л бид маш бага ашигтайгаар аль болох хямд үнээр дээлнүүдээ борлуулж” байна гэв.



Энэ жил хурц тод өнгийн дээлийг иргэд илүү их авдаг болсон гэнэ. Эрэгтэй дээл­ний хувьд  85-180, эмэгтэй дээл нь 85-160 мянган төгрөгөөр борлуулагдаж буй. Харин эрэгтэй монгол цамц 50-60, хүүхдийн дээл 25-50 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Сүүлийн жилүүдэд хот хөдөөгийн гангараа ялгарахааргүй болжээ. Худалдаа эрхлэгчдийн ярьж байгаагаар малчид ч гэсэн нимгэн материалтай, тод өнгийн дээлнүүдийг авах болсон аж. Иргэдийн сонирхон өмсч, үзэж буй дээлнүүдийг ажиглахад улбар шар, шарга өнгийг ихэд сонирхох бөгөөд цайвар цэнхэр, усан ягаан өнгөнүүд эрэлт ихтэй байсан юм.Мөн эмэгтэйчүүдийн хувьд урт гэхээсээ илүү богино загварын бөгөөд энгийн дээлнүүдийг ихэд сонирхож байгаа харагдсан. Сүүлийн үед лам зах гэж ярьдагчлан хүннү захтай дээлнүүдийг илүү авч байна.


Нарантуул захын түрээслэгч Б.Мядагбадам “Бид бүгд өөрсдийн гэсэн жижиг оёдлын цехтэй. Би гэхэд гурван оёдолчинтой. Тэднийгээ цалинжуулдаг. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүд  ихэнхдээ доторгүй дээл буюу “Жавхлангийн эхнэрийн дээл” хэмээн яригдах болсон лам захтай богино дээлнүүдийг их сонирхож, худалдан авч байгаа.Урьд жилүүдийг бодвол энэ жил торго сонирхох хандлага ихсээд байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс торгон дээл их хайж, авч байгаа юм.


Ер нь л манайхан жил ирэх тусам үндэснийхээ хувцсаар гоёдог болчихжээ.Бүр Өвөрмонголоос бидэнд дээлний захиалга их ирдэг болсон. Монгол дээлийг Өвөрмонгол, Тува, Буриадаас авч байна. Гадаадаас ирсэн жуулчин хүртэл монгол цамц, малгай гээд их авдаг. Тэгэхээр бид яг өөрсдөө үйлдвэрлэж байгаа учир энэ патентаа алдмааргүй байна. Бүр бидний хийсэн бүтээлийг өөр томоохон үзэсгэлэнгүүдэд ч борлуулдаг. Тухайлбал, “Мишээл экспо” зэрэг томоохон газруудад наадамд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаар бидний хийсэн дээлийг бөөний үнээр худалдаж аваад, өндөр үнээр борлуулдаг”гэлээ.  

 

 

 

 

Захиалга өгч, дээлээ хийлгэх бол 85-170 мянган төгрөг болно
 


Сүүлийн үед иргэд бэлэн дээл худалдаж авахаас илүү өөрийн биеийн хэмжээгээр захиалга өгч, дээлээ хийлгэх сонирхолтой болсон. Тиймээс ч хувцас захиалгын жижиг том олон салон үйл ажиллагаагаа явуулдаг болжээ. Төлөөлөл болгон бид “Нуман донж”, “Сорхугтан Бэхи” урлан, “Ур Ундрах” ХХК-ийн наамдын гоёл ямар үнэ ханштай байгааг сонирхлоо.


“Ур Ундрах” ХХК-ийнхны урлаж буй зээгт наамал орсон дээлийг хүмүүс түлхүү сонирхох болсон гэнэ. Зуны улирал учир цайвар, тод өнгө зонхилж байгаа бөгөөд материалын хувьд энэтхэг даавууг голлон сонгох болсон аж. Дээлний үнийн тухайд эрэгтэй, эмэгтэй дээл 220 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд орж байгаа материал болон хийцээсээ хамааран үнийн дүн өөрчлөгдөх юм байна. Хамгийн үнэтэй дээл нь 850-900 мянган төгрөг хүрдэг аж. Гэхдээ энэ нь их ховор хийгддэг гэнэ. Мөн тус компани чанарыг хангах үүднээс бүх материалаа өөрсдөө гарган хийдэг гэсэн.


Харин “Нуман донж” урлан нь төрөл бүрийн монгол хээг захиалаг­чийн хүсэлтээр шаглаж өгдөгөөрөө нэлээд онцлог ажээ. Урланд  богино цамцыг төрөл бүрээр нь урласан байх төдийгүй тод өнгийн банзалтай хослуулж өгчээ. Мөн мөөрөлжин захтай тод өнгийн даашинзууд үйлчлүүлэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байсан юм. Үнийн хувьд эрэгтэй, эмэгтэй дээл 250-440, монгол цамц 120-150, монгол өмд, банзлыг 50-70 мянган төгрөгөөр урлах гэнэ.“Нуман донж” урлангийн захирал С.Тэргэл “Энэ жил цаг уурын байдал гандуу байгаатай холбоотойгоор үйлчлүүлэгчид маань цайвар өнгийн хувцсыг голчлон сонгож бай­на.  Мөн бай­га­лийн өнгүүдийг ихээхэн сонирхох болсон. Загварын хувьд тухайн хүний биеийн онцлогоос хамаарч өөр,өөр байгаа. Ихэвчлэн нимгэн нуман захтай богино цамцыг, банзал өмдний хамт хослуулан авч өмсөх, үндэсний хувцсаараа гоёх сонирхол их болсон нь энэ жилийн захиалгаас мэдрэгдэж байна” гэв.



Цаашлаад “Сорхугтан Бэхи” урлангаар ороход наадамчин олонд зориулан урласан 400 гаруй дээл, хувцас байгаа гэв.Энэ жилийн наадмын гангараа биед эвтэйхэн материалаар хийгдсэн нимгэн, тод өнгийн байгаа гэдгийг урлангийнхан онцолж байв. Урлан дээр бэлэн зарагдаж байгаа эрэгтэй, эмэгтэй дээлнүүд 65-120, хүүхдийн дээл, цамц 25-45 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Харин өөртөө зориулан захиалж, хийлгэх бол 85-170 мянган төгрөгөөр хүссэн загвараар нь урлах юм билээ.



“Сорхугтан Бэхи” урлангийн захирал А.Чулуунцэцэг “Сүүлийн үед охид бүсгүйчүүд бөмбөгөр хормойтой хувцас их сонирхдог болсон. Тиймээс бид түүнд нийцүүлэн үндэсний дээл гэхээсээ илүү арай энгийн загваруудыг гаргасан. Өөрөөр хэлбэл, монгол захтай, бүстэй буюу үндэсний хэв шинжийг хадгалсан даашинзуудыг урласан.Гэхдээ хэт цэцэг, навчтай торгоор хийхээр Хятад хэв маягтай болчихсон байна гээд байдаг. Тиймээс үндэсний шинжийг алдуулчихгүй л хийхийг хичээж байна. Захиалагчид маань хэдийгээр наадмын гоёл хэмээн худалдан авах гэж байгаа ч дараа нь өмсч болохоор байвал зүгээр гэдэг шаардлага тавьдаг болсон. Учир нь сүүлийн үед монгол хувцасны өдрийг ажил, сургууль дээр нь зарладаг болсон гэнэ. Тиймээс ганц удаа өмсөөд өнгөрөх биш. Дараа нь ажилдаа, сургуульдаа өмсч болохоор үндэсний шинжийг хадгалсан нимгэн, хөнгөн хувцаснуудыг л их захиалж байна” гэв.


 

 

 

Зуны улиралд зохицох ноолууран дээл
 


Баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан “Говь” хувьцаат компани жил бүр наадмын шинэ загварын дээлнүүдийг худалдаанд гаргадаг. Энэ жилийн баяр наадмын дээлнүүд зуны улиралд төгс зохицох илүү хөнгөн, нимгэн загвартайгаас гадна, үндэсний хэв маягийг орчин үеийн загвартай төгс хослуулан урласан гэнэ. “Говь” хувьцаат компанийн дээлнүүд 100 хувийн ноолуураар үйлдвэрлэдэг тул бусдаас илүү эрхэмсэг, илүү үнэ цэнэтэй, илүү чанартай байдаг гэдгийг онцолж байв.


“Говь” хувьцаат компанийн Худалдааны зөвлөх Б.Бямба­хишиг “Монгол болон хүннү захтай ноолууран хантааз 315-435,  эрэгтэй, эмэгтэй цамц 479-265, үндэсний хэвшинжийг илтгэсэн даашинз, эмэгтэй нимгэн дээл 435-355, эрэгтэй дээл 450-470, эмэгтэй монгол цамц 280, банзал 190-280 мянган төгрөгөөр тус тус борлуулагдаж байгаа. Гараар хатгасан хатгамалтай хүрэм зэрэг олон шинэ загварууд гаргасан. Эдгээр нь монгол бичгээр бичсэн бичээстэй, найман шарга морины дүрстэй, монгол хатдын зурагтайгаар үйлдвэрлэгдэж байгаа” гэлээ. Энгийн монгол дээлний хувьд 100 хувийн ноолууран дээл нь 909 мянган төгрөгөөс 20 хувь хямдарсан бол холимог нь 689 мянган төгрөгөөс 20 хувь хямдарсан байгаа юм билээ.

 

 

 

Хатдын зурагтай торгон материал тусгайлан захиалж үйлдвэрлэсэн дээл 3.5 сая төгрөг
 


Өнгөрсөн хоёр жилд хүннү захтай, торгон, даавуун материал бүхий дээл зонхилж байсан.Тэгвэл энэ жилийн наадмын загварыг өөрчилж үндэсний шинжийг агуулсан хэрнээ байнга давтагддаг, өмнөх хэвшмэл хэв маягийг эвдэж, хүннү захтай дээлээс татгалзсан газар бол “Хайрын хурим” салон юм. Тус салоны дизайнер Б.Ууганцэцэг, Э.Туул нар Монголдоо хатдын зураг зурдаг цөөхөн зураачийн нэг Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны эрхтэйгээр торгон хэвлэлттэй материал тусгайлан захиалж үйлдвэрлэн, шинэ коллекцио урлажээ. Материалын хувьд торгон, склад бүхий нимгэн хөнгөн, зуны улиралд тохирсон байна. Үндэсний их баяр наадамд зориулсан коллекци эртний хатдын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин үеийн хэв маягийг хослуулсан загваруудыг 1.9-3.5 сая төгрөгөөр худалдан авах боломжтой аж.


“Хайрын хурим” салоны дизайнер Б.Ууганцэцэг “Бид материалынхаа чанарт онцгой ач холбогдол өгсөн. Учир нь монгол дээлийг ихэвчлэн зузаан даргар торгоор эсвэл ноос, ноолууран материалаар хийдэг. Энэ нь хүний биеийн хөдөлгөөнд саадтай, агаар нэвтрүүлэхдээ муу байдаг. Мөн наадмын халуун өдрүүдэд өмсөхөд хэцүү юм шиг санагддаг. Бид торгоо олон газрыг судалж үзсэний эцэст Хятад улсын нэгэн эртний түүхт торгоны үйлдвэрт захиалан хийлгэсэн. Энэ үйлдвэр нь зөвхөн торго үйлдвэрлэдэгээрээ бусдаасаа онцлог юм.


Торгыг их олон янзаар хийдэг. Үүнд нийлэг материалын орцоос шалтгаалан үнэ болон чанар нь тодорхойлогддог. Харин манай торгыг нийлэг материал ороогүй цэвэр торгон утсаар нэхсэн. Ингэснээр маш нимгэн, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, хүний биед илүү эвтэйхэн болсон юм. Загваруудаа бид монгол дээлний онцлог болох өндөр мөр, урт ханцуйг оруулж өгсөн.



Орчин үед урт ханцуйг эртний адил хэрэглэх нь боломжгүй учраас бид сонирхолтой шийдлээр өмсөхөд эвтэйхэн, харахад ганган байдлаар загварыг шийдсэн байгаа. Түүнээс гадна эмжээр, хошмогийг бүх загвартаа хийж өгсөн. Бүсэлхийн хэсгийн торгыг маш нарийн ширж оёсон учраас дээлний бүстэй ижил харагдах юм” хэмээсэн. Энэ жилийн наадмын гоёлыг тодорхойлогчид ийнхүү ярьж байна. Эрхэм таны сонголт ч ийм байх биз ээ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

Ж.Отгонмягмар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

IRGEN:
HUVI HUMUUSEER OEUULVAL HYMDHAN YM BNA LEEEEEEE SALONUUD AIMAAR UNETEI YM BNA LEESHDEEE
2015-07-01