Ахмадууд 2000 км-ыг явганаар туулаад ирлээ

img

 

 

Монголын спортын холбоодоос үйл ажиллагааг нь тогтмолжиж, нийтийн биеийн тамир спортыг бүх насны иргэдэд сурталчлах, хөгжүүлэх, спортоор идэвхтэй хичээллэгчдийг урамшуулан дэмжих талаар ихээхэн идэвх чармайлттай, байнгын үйл ажиллагаа явуулдаг холбооны нэг нь Монголын Адал явдалт, спорт аяллын холбоо билээ.

 

Энэ холбоог олон жил удирдаж, Монголд адал явдалт спорт аяллыг хөгжvvлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа тус холбооны тэргvvн Б.Жияндоржийн оролцоо, дэмжлэгтэйгээр 10 гаруй хүний бүрэлдэхvvнтэй ахмад аялагчдын баг өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс эхлэн Монгол Улсын өмнөд цэг Орвог гашууны Бор толгой, Өмнөговь аймгийн Номгон сумаас хамгийн хойд цэг Монгол шарын даваа хүртэл 2000 км замыг 60 хоногт туулаад иржээ.

 

Ахмад явган аялагчдыг өнөөдөр морин цагт Чингисийн талбайд ах дүү, амраг садан нь хүлээн авлаа. Тэднийн ийнхүү уулзаж байхад дараах сурвалжлагыг бэлтгэв.



Монгол орноо босоо тэнхлэгийн дагуу нэвт туулсан энэхvv явган аялагчдын “Алдар толгой” багийн бүрэлдэхvvн гурван эрэгтэй, долоон эмэгтэй аялагчаас бүрдэжээ.
 

 

"Алдар толгой" клубын ахлагч Ж.Оюунтуяа: Таван аймгийн 20 сумаар дайрлаа

 

 

-Сайн явж ирэв үү. Та өөрийгөө товчхон танилцуулахгvй юу? 

-За би явган аялагчдын “Алдар толгой” клубын ахлагч, спортын мастер, улсын шүүгч Ж.Оюунтуяа гэж хүн байна. Миний хувьд 2004 оноос хойш спорт аялалаар хичээллэж, өнгөрсөн хугацаанд Монгол орныхоо олон сайхан байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутгаар аялаж байсан.



-Ер нь явган аялсан замынхаа км-ыг ойрол­цоогоор гаргаж үзсэн үү. Олон мянган км гарах байх даа?


-Тэгэлгүй яах вэ. Өнгөрсөн хугацаанд холын аялалд нэлээн хэд явсан. Явсан замаа саяхан тооцоход 5000 км гарчихсан байна лээ. Урьд нь 2009 онд Завхан аймгаас Улаанбаатар хүртэлх 1160 км замыг 38 хоногт туулаад ирж байсан. Түүнээс гадна Асралт хайрхан, Хагийн хар нуур, Горхи Тэрэлж гээд маш олон газраар явган аялсан.



-Энэ удаагийн аяллын онцлог нь юу байв? 


-Энэ удаагийн холын аялалын гол онцлог нь дан ахмад, тэтгэврийн настнуудаас багаа бүрдүүлсэнд оршиж байна. Мөн аялалынхаа маршрутыг маш нарийн тогтоож, өдөрт 20-35 км алхах тооцоо гаргасан. Хоёр сар буюу 60 хоногийн хугацаанд аялалын замаа дуусгаад ирлээ. 

 



-Багийн бүрэлдэхүүнд багтсан аялагчдаа товчхон танилцуулахгүй юу?

-Манай багт явган аялалын ихээхэн туршлага хуримтлуулсан таван спортын мастер, улсын шvvгч хоёр, хүндийг өргөлтийн спортын мастер гээд бие бялдрын өв тэгш хөгжилтэй тамирчид багтсан. Манай клуб байнгын бэлтгэлтэй байдаг. Аялалгүй үедээ нийслэлийн ойр орчимд байдаг газруудаар явган аялал хийдэг. Энэ аялалыг өнгөрсөн жилээс хийхээр бэлтгэж байсан. Аялал маань амжилттай боллоо.

 

-Хэдээс хэдэн насны хүмүүс багтдаг вэ?

- 59-аас 69 насны хүмүүс манай аялалд багтсан байгаа.

 


-Хотоос хэзээ гарсан бэ?

-Бид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 31-нд Монгол Улсын өмнөд цэг Орвог гашууны Бор толгойд очсон. Гэвч хилчид Орвог гашууны Бор толгойгоос Өмнөговь аймгийн Номгон сум хүртэл ямар ч худаг ус олдохгүй гэж зөвлөсөн. Уг зөвлөгөөг аваад бид тавдугаар сарын 1-нээс бид Номгон сумаас аялалын гараагаа эхэлсэн. Монгол нутгийн төв цэг болох Өвөрхангай аймгийн Бүрд суманд 27 дахь хоног дээрээ очсон. Үлдсэн хоногоо хамгийн хойд цэг болох Монгол шарын даваа руу явсан. 

 

-Нийт хэдэн аймгийн хэдэн сумаар дайрч гарав?

-Таван аймгийн 20 сумаар дайрсан. Ойролцоогоор 2000 км явганаар аялаад ирлээ.

 

 

Багийн гишүүн М.Шаравжамц: Явганаар аялаад гурван жил боллоо

 


-Таныг хүүхдүүд тань угтаж авч байна, ихээхэн сэтгэл өндөр байх шиг байна. Урьд нь олон удаа ийм аялалд явж байсан уу?


-Тийм ээ. Өнөөдөр хол аялалаас гэртээ ирсэндээ сэтгэл өндөр байна. Би насаараа цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэртээ гарсан, бэлтгэл офицер хүн. Энэ жил 67 настай. Явган аяллаар хичээллээд гурван жил болж байна.



-Явган аяллаар хичээллэснээсээ хойш хаагуур аялж байсан бэ?

-Багийнхаа туршлагатай аялагчдыг бодвол энэ спортоор хичээллээд удаагүй ч гэсэн 4-5 хоногийн өвөл, зуны аялалд нэлээн хэд явж байсан. Энэ жилийн хувьд Монгол орны босоо тэнхлэгийн дагуу туулах энэ аялалд ихээхэн ач холбогдол өгч, нэлээн их судалгаа хийж, өөрсдөө ч биеийн болон бусад бэлтгэлээ зохих түвшинд хангасан. Бид нэлээн хэдэн зорилго тавьж энэ аялалд яваад ирлээ. Нэгдүгээрт нийтийн эрүүл мэндийн төлөө, хvн бүхэн идэвхтэй хөдөлгөөнөөр өөрийгөө болон ойр дотныхныгоо эрүүлжүүлэх, явган аялалд идэвхтэй оролцох, түүнийг сурталчлахад чиглэгдэж байлаа.

 

Хоёрдугаарт Монгол орныг дайран өнгөрөх Олон улсын явган аялагчдад боломжтой зам маршрутыг тогтоох зорилготой байсан. Эндээс бидний насны Монгол хүний нэг өдөрт явганаар туулах замын хэмжээ, боломж, биеийн байдалд үнэлэлт дvгнэлт өгөхөд оршиж байна.



-Хоёр сар явган аялахад багагүй зардал гарсан нь тодорхой. Тэдгээр зардлуудаа өөрсдөө зохицуулсан уу?

-Тийм. Тодорхой хэмжээний зардал гарсан. Дүүргүүдийн ахмадын байгууллагууд, мэргэжлийн зарим нэгэн байгууллага, үр хүүхдүүд гээд олон газар ивээн тэтгэж энэ аялалд амжилттай яваад ирлээ.



-Та багийнхаа хамгийн ахмад нь уу? 

-Үгүй надаас ахмад хүн байгаа. Хамгийн залуу нь 59 настай, хамгийн ахмад нь надаас хоёр насаар ахмад буюу 69 настай нэг аялагч бий. Хамгийн гол нь бие бялдар, сэтгэл санааны их өндөр бэлтгэгдсэн хүмүүстэй нэг баг болж, энэ сайхан аялалд яваад ирсэндээ сэтгэгдэл үнэхээр өндөр байгаа.

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
Manai ahmaduud mundag baina shuu! Hugshirch uhehees umnu hushij uhne! gej ug baidag baih aa. Nasaaraa bish setgeleeree, chadavhaaraa argagui l zaluu baitsgaana daa.
2015-07-02