Тэнгэрээс од шүүрсэн Мартунис хүү

Индонез улсад 2004 оны гуравдугаар сард 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэн билээ. Цунамигийн улмаас 230 мянга гаруй хүн амиа алдаж, барилга, байгууламжийн 80 орчим хувь нь нуржээ. Дэлхийн 15 орны 20 мянга гаруй аврагч газар хөдлөлтөд сураггүй болсон иргэдийг хайсан юм. Цунамигийн гамшгаас 19 хоногийн дараа Банда Асе арлаас Португалын хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөлтэй зургаан настай Мартунис хүүг эсэн мэнд аварчээ. Хүү олон хоногийн турш давстай ус ууж, эвдэрч сүйдсэн ногооны талбайгаас лууван, сонгино түүж идэн амьд үлджээ. Мартунис хүү Банда Асе арлын оршин суугчдаас ганцаараа амьд үлдсэн юм.
Байгалийн гамшигийн үеэр хүүгийн ээж, эгч амиа алдсан байна. Хүүг хүргэсэн эмнэлэгт Мартунисийн аав эмчлүүлж байжээ. “Португалын шигшээ багийн өмсгөлтэй зоригт хүү” гэх мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, түүний эр зоргийг магтан, сайшаах хүн олширсон юм. Энэхүү мэдээллийг олж уншсан Португалын шигшээ багийн од Криштиану Роналду хүүтэй уулзахын тулд Индонез улсад хүрэлцэн ирж, тусламжийн гараа сунгасан билээ. Роналду хүүд байшин бэлэглэсэн бол Португалын хөлбөмбөгийн холбоо хүүгийн гэр бүлд 40 мянган евро бэлэглэсэн түүхтэй.
Шүтээнтэйгээ уулзсан Мартунис “AFP” агентлаг ярихдаа “Үгүй дээ, би олон хоног арал дээр байхдаа айгаагүй. Зөвхөн гэр бүл минь эсэн мэнд байгаасай хэмээн залбирсан. Хөлбөмбөг надад сэтгэлийн тэнхээ хайрласан. Би хөлбөмбөг тоглож, хүч авдаггүй байсан бол аль хэдийнэ шантарч, үхэх байсан. Хөлбөмбөг бол миний мөрөөдөл, миний бүх зүйл” гэж ярьжээ. Роналду хүүгийн яриаг сонссоныхоо түүнийг Португалын Спортин Лисбон клубтэй холбож өгсөн байна.
Өдгөө 17 настай Мартунис хүү мөрөөдлөө биелүүлж өчигдөр Португалын дээд лигийн Спортин Лисбон клубтэй мэргэжлийн гэрээ байгуулж, залуучуудын академид тоглох эрхтэй болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Мартунис энгийн нэгэн биш. Хүү үнэхээр их хичээж амжилтад хүрлээ. Тэрбээр гайхалтай хурдан гүйдэг. Мөн бөмбөгөө маш сайн мэдэрч тоглодог” хэмээн Спортин Лисбон клубын Ерөнхийлөгч Бруно де Карвальо “www.sportmedia.mk” сайтад ярьжээ.
Роналду твиттертээ “Гайхалтай. Бурхан чамайг ивээж, хүч хайрла” гэж жиргэжээ. Мартунис хүү “www.sportbox.az” сайтад “Би талбайд гарах бүртээ харамсалтайгаар амиа алдсан ээж, эгчийгээ боддог. Би тэдний төлөө тоглох болно. Мөн Роналдугийн итгэлийг алдахгүйн тулд хамаг хүчээ зориулах болно” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ