Д.Сумъяа “Универсиад”-ын аварга боллоо

Дэлхийн о юутны спортын зуны 28 дугаар “Универсиад” их наадам БНСУ-ын Гванжу хотноо үргэлжилж байна. Наадмын жүдо бөхийн төрөлд манай улсаас ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа шалгарч үлдээд байсан. Тэгвэл тэрбээр өчигдөр Универсиад наадмын алтан медалийг хүртэж, аварга боллоо. Д.Сумъяа аваргын төлөөх барилдаанд Хорватын Андреа Бекичийг 2 мин 55 секундэд сүүж үүрэх мэхээр Вазари үнэлгээ авч, улмаар даралт мэхээр үргэлжлүүлж цэвэр ялсан байна.
Тэрбээр эхний тойрогт өөрийн хүчтэй өрсөлдөгч БНСУ-ын Ким Жан-Диг юүко үнэлгээгээр хожжээ. Энэ бөхөд тэрбээр Лондонгийн олимп болон Инчеоны Азийн наадмаар ялагдал хүлээгээд байсан. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Рейчэл Оливерийг 32 секундэд даралт мэхээр цэвэр, Францын Амели Гулхарыг 3:10 минутад мөн даралт мэхээр цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан байна. Улмаар хагас шигшээд Японы бөх Анзу Ямамотог цаг сунган торгуулиар ялсан юм.
ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод болсон Чингис Хаан Гран При тэмцээний 57 кг-д аваргалж, алтан медалийн эзэн болсон билээ. Ийн Д.Сумъяа дөрвөн хоногийн дотор олон улсын чанартай хоёр тэмцээнд аваргалж, алтан медалиа ихэрлүүллээ.
Дашрамд дуулгахад Д.Сумъяа 2154 оноогоор -57kg жиндээ дэлхийд тэргүүлж эхэлсэн бөгөөд түүний олимпийн оноо 1010 болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ