Орландо Мэжик Шабазз Напиерыг авлаа

Хэдийгээр Пат Райли үгүйсгэдэг боловч 2014 оны драфтын өдөр Хит Леброны хүсэлтээр Шапазз Напиерыг авсан гэдэг. Хэдий лигийн од одын хүсэлтээр түүний багт багтсан боловч Напиер эхний улиралдаа гоц гойд тоглолтыг үзүүлж чадаагүй юм.
5.1 оноо 2.5 дамжуулалт 2.2 самбарыг дунджилж байсан Напиер ирэх улирал Горан Драгичийн сэлгээ болох боломжтой байсан ч Майами Хит түүнийг явуулах нь зөв гэж үзжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Майами Хит түүнийг Орландо Мэжикт өгч, оронд нь драфтын хоёрдугаар тойргийн эрхийг авсан гэнэ. Хитийн цалингийн цэс давж нэмэлт татвар төлөх хэмжээнд хүрсэн байсан болохоор мөнгө хэмнэх зорилгоор дээрхи солилцоог хийжээ.
Напиерыг явуулснаар 5.8 сая долларын хэмнэлтийг гаргасан ч Майамид гэрээтэй 17 тоглогч үлдсэн байгаа гэнэ. Тиймээс дахиад ч солилцоо явагдах магадлалтай юм.
Хэдийгээр Напиер өөр багт очиж байгаа ч түүний ирээдүй баталгаатай биш. Элфрид Пэйтон, С.Ж.Уатсон нарын араас гуравдахь холбогч нь болж гарах Напиер зуны лигт муугүй тоглосон боловч, дээд лигт тогтмол амжилт үзүүлэхэд сурах зүйл их хэвээрээ гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ