Хэйвүүд, Миллерийн солилцоо Кавальерст юу өгөв?

Кливленд Кавальерс төвийн тоглогч Брэндан Хэйвүүд, довтлогч Майк Миллер нарыг Портлэнд Трэйл Блэйзерс багт өгөх тохироог хийжээ.
Кавальерс энэ солилцоогоор “Trade Exception” буюу солилцооноос үүссэн мөнгөн зөрүүг ашилан гэрээ байгуулах эрхтэй болж байгаа юм. Хэйвүүд 10.5 сая Миллер 2.8 сая долларын гэрээтэйгээр Трэйл Блэйзерст очиж байна.
Хэйвүүдийн гэрээ баталгаат биш учраас Портлэнд түүнийг хасахад ямар ч мөнгө төлөхгүй. Харин Майк Миллерийн 2.8 саяын гэрээг бага үнээр худалдаж аваад чөлөөт агент болгох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гагцхүү энэ солилцоогоор Портлэнд драфтын хоёрдугаар тойргийн хоёр эрхийг авч, өөрсдөө бэлэн мөнгө өгчээ.
Энэ бол тэдний ашиг. Харин Кавальерс?
Тэд Тристан Томпсонтой гэрээ хийгээгүй байгаа. Гэтэл тэдний цалин 100 сая давчихсан төдийгүй нэмэлт татвар ойролцоогоор 40 саяыг төлөх болоод байсан юм.
Харин энэ солилцоо Тристан Томпсонтой гэрээ хийх боломжийг олгож байна. Солилцооны зөрүүнээс үүссэн мөнгө дүнг тухайн баг нэг улиралд ашиглах эрхтэй. Энэ боломжоор хийгдсэн гэрээнүүд багийн цалингийн цэсэнд тооцогдох боловч, нэмэлт татварт хамаардаггүй юм. Тиймээс Кливлендэд Тристан Томпсонтой хийх гэрээний 10 сая нь нэмэлт татвар төлөхгүй байх боломжтой боллоо.
Улирлын өмнө жилийн 13 саяын саналаа татгалзсан Томсон хамгийн өндөр эсвэл түүнтэй дөхөхүйц хэмжээний цалин хүсч байгаа гэдгээ төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдсэн юм. Энэ нь таван жилийн 85-90 сая буюу жилийн 17-18 сая гэсэн үг.
Портлэнд Трэйл Блэйзерс багт очсон эрхүүд нь 2019 оны Лос Анжелес Лейкерс, 2020 оны Миннесота Тимбервулвс багийн хоёрдугаар тойргийн сонголт юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ